Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын од Неймарын жүжиглэлтийг зогсоох арга хэмжээ авахыг Питер Шмейхель FIFA-д уриалжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Бразилын шигшээ баг Мексикийн шигшээг 2:0 харьцаагаар хожсон билээ.

Уг тоглолтод Бразилын багийн супер од Неймар нэг гоол хийж, нэг гоолын дамжуулалт өгснөөр багаа дараачийн шатанд шалгаруулсан юм.

Гэвч тэр тоглолтын үеэр өрсөлдөгч багийн тоглогчийг алдаа гаргасан болгож харуулах зорилгоор хэд хэдэн удаа зохиомлоор унаж, баашилсан гэж үзэгчид, мэргэжилтнүүд шүүмжилж байна.

Russia Today сувагт уригдаж, тоглолтын тоймыг танилцуулсан Данийн багийн домогт хаалгач асан Питер Шмейхель мөн тэдний нэг байсан юм.

Тэр хэлэхдээ “Юуны өмнө Бразилын багт баяр хүргэмээр байна. Энэ удаагийн тэмцээнд олон сайн багууд хасагдсан ч бас нэг хүчирхэг баг тэмцээнээ үргэлжлүүлж байгаа нь сайхан хэрэг” гэжээ.

“Хэдийгээр FIFA Неймарыг өнөөдрийн тоглолтын баатар гэж нэрлэсэн ч түүний гаргасан ааш авирт анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Түүний гаргасан үйлдлийг би ‘шившигтэй’ гэхээс өөр үгээр нэрлэх арга алга” гэж Шмейхель ярьсан юм.

 

Тоглолтын 70 дахь минутад Мексикийн тоглогч Мигэул Лайюн хөлд нь хөнгөн хүрсний дараа Неймар эвхрэлдэн унаж, тоглолтыг хэсэг хугацаанд завсарлуулж байв.

“Өрсөлдөгч тоглогчоо торгуулахын тулд баашилж байгааг нь харахад үнэхээр хэцүү байлаа. Тэр яг л үхэж байгаа мэт аашилсан. Би эхэндээ түүнийг эмнэлэгт хүргэгдэж, дахин харах аргагүй болж байна гэж бодсон. Энэ бол хөлбөмбөгийн тоглолтоос бидний үзэхийг хүсдэг зүйл биш тул би FIFA-д хатуу арга хэмжээ авахыг уриалж байна. Бид одоо VAR (Video Assistant Referees) системтэй болсон, ийм үйлдэл гаргасан тоглогчийг хасдаг болох хэрэгтэй” гэж Данийн экс хаалгач ярьсан байна.

Тэр бас дэлхийн хамгийн үнэтэй тоглогч Неймарын үйлдэл залуу үеийнхэнд сөрөг үлгэр дууриал болно гээд “Тэр маш олон хүүхэд залуусын анхаарлыг татаж байгаа. Бид ийм үзэгдлийг хөлбөмбөгт хармааргүй байна” гэжээ.

Неймарын ур чадварт эргэлзэхгүй байгаагаа хэлсэн Шмейхель “Та нар Рональдог ингэж байхыг харсан уу? Тэр залуу байхдаа ингэж болохгүйг сайн менежэр Алекс Фергусоноор заалгасан. Месси, эсвэл Харри Кэйнийг ингэж байхыг харсан уу? FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино тэр үед стадионд байсан, тэр үүнийг анхааралдаа авах ёстой. Эхний удаа Неймарт анхааруулга өгч, дараагийн удаа талбайгаас хөөх хэрэгтэй. Түүнийг сургах ганц арга энэ байна” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Russia Today