Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт дэлхийн стандартад нийцсэн хөлбөмбөгийн стадион барих талаар санал солилцов

www.ulaanbaatar.mn
2018 оны 7 сарын 2
iKon.MN

 

Өнгөрсөн сард сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд бяцхан хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Бидний зүгээс тус сургуулийн хөлбөмбөгийн талбайг шинэчлэн, шинээр барьж өгөхөөр ярилцаж байна гэж Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифа хэллээ.

Хоёр тал Улаанбаатар хотод дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн шинэлэг хөлбөмбөгийн стадион барих боломжийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, АХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Дато Виндзор Жон, АХБХ-ны Гадаад харилцааны захирал Рави Кумар, Монголын ХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар байлцав. 

Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улс цаг агаарын хувьд хөлбөмбөгийн талбай байгуулахад тохиромжтой бус. Бид энэ спортыг хөгжүүлэх, дэмжих, дунд сургуулиудын орчинд хөлбөмбөгийн талбай байгуулах боломжуудын талаар хөлбөмбөгийн холбоотойгоо ярилцаж байгаа. Ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд хотын зүгээс дэмжлэг үзүүлж, бэлтгэл ажил дээр хамтран ажиллах болно” хэмээн хэллээ.

Ирэх оны нэгдүгээр сараас хөлбөмбөгийн багшлах мэргэжлийн хүмүүсээс гадна техник, төхөөрөмжийн тал дээр дэмжлэг үзүүлнэ

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифа “Хамтын ажиллагааг төрийн байгууллагын зүгээс дэмжиж буйд талархал илэрхийлье. Хөлбөмбөгийн спорт нь залууучуудад олон эерэг нөлөөг үзүүлдэг. Бидний зүгээс Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн гурван жилд маш сайн ажилласан гэж үзэж байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас бид багшлах мэргэжлийн хүмүүсээс гадна техник, төхөөрөмжийн тал дээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно” хэмээв.