Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-ий цомын төлөө өрсөлдөөн Европ, Өмнөд Америкийн багуудын дунд өрнөдөг

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д болж байгаа Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж, хасагдах шатны тоглолтууд эхлэхэд бэлэн болоод байна.

Өөрөөр хэлбэл манай дэлхийн шилдэг 32 багаас шилдгийн шилдэг 16 баг нь шалгарч үлдээд байгаа юм.

Тэд хасагдах журмаар хоорондоо өрсөлдсөөр 1974 оныг хүртэл "Алтан Дагина" гэгддэг байсан Дэлхийн Аваргын цомын эзэн тодорно.

Энэ удаагийн шөвгийн 16-гийн шатанд Европын 10, Өмнөд Америкийн 4, Мексик, Японы багууд үлдээд байна.

Одоогийн хэлбэрээр ДАШТ явагдаж эхэлсэн 1986 оноос хойш Европчууд 1998, 2006 онуудад бас 10-уулаа энэ шатанд үлдэж байсан бол 1990 онд 11 баг нь шалгарч дээд амжилт тогтоож байжээ. 

Харин Африкчуудын хувьд 1982 оноос хойш анх удаагаа эхний шатнаас шалгарч чадсангүй.

1986 оноос хойшх бүх ДАШТ-үүдийн шөвгийн 8-д үлдэж байсан 64 багийн 41 нь Европ, 16 нь Өмнөд Америк, 3 нь Төв ба Хойд Америк, 3 нь Африк, нэг нь Ази тивийн баг байжээ.

Мөн энэ хугацааны шөвгийн дөрөвт үлдсэн 32 багийн 23 нь Европ, 8 нь Өмнөд Америкийн багууд байсан бол 2002 онд ганцхан Өмнөд Солонгосын шигшээ тэдний дунд орж ирсэн байна.

Өмнөх 20 ДАШТ-ий 11-д нь Европчууд, 9-д нь Өмнөд Америкийн баг цом өргөж байжээ.

Харин энэ жилийн хувьд Германчууд эрт нутаг буцсан нь Өмнөд Америкчуудын хувьд том боломж гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Эх сурвалж: FIFA