БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран ЕБС-ийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” ном гаргалаа.
Манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын 798 сургууль байдаг бөгөөд энэхүү номыг 8,000 хувь хэвлүүлж сургуулиудад үнэгүй тараана.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нар Ерөнхий боловсролын сургуулийн I-XI ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 3-нд хамтарсан тушаалд гарын үсэг зурсан юм.
Энэ хүрээнд уг гарын авлага гарч байгаа аж.
Дэлхийн банкны “Статистикийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр бэлтгэн гаргасан номын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, АНУ-ын Алабама Их сургуулийн доктор, профессор Жеймс Кохран, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл нар оролцож номын агуулга, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийллээ гэж БСШУСЯ-наас мэдээллээ.