Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын захад байрладаг зарим ШТС үнээ нэмжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
ХУД, Яармагт байрлах Тэс петролиумын ШТС

Тэс петролиум, Сод монголын шатахуун түгээх станцууд зургаадугаар сарын 26, 27-ноос үнээ нэмжээ.

Шатахууны үнэ нэмэгдсэн, нэмэгдээгүй гэх хэлэлцүүлэг олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Хотын төвөөс буюу Төв номын сангаас нисэх хүртэл зам дагуу Петровис, Шунхлай, Магнай трейд, Сод монгол, Тэс петролиумын хэд хэдэн шатахуун түгээх станц байдаг. 

Самбараа шинэчлэх нь үнэ нэмэхтэй давхцав
 
ХУД, Буянт-Ухаа спортын ордны хажууд байрлах Сод монголын ШТС

Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар Сод монголын Буянт-Ухаа спортын ордны хажууд болон Био комбинатад байрлах шатахуун түгээх станц үнээ нэмжээ. Гэхдээ үнийн самбар нь ажиллахгүй байв. Энэ талаар түгээгчээс тодруулахад,

- Шатахууны үнэ хэзээ нэмсэн бэ?
- Уржигдар нэмэгдсэн ш дээ.
- Яагаад үнийн самбар чинь ажиллахгүй байгаа юм бэ?
- Самбараа шинэчилж байгаа. Тогийг нь салгачихсан. Асахгүй байгаа.

 
ХУД, Био комбинатад байрлах Сод монголын ШТС

Харин Тэс петролиумын хувьд "Өчигдөр үнээ нэмсэн" хэмээн түгээгч хэлэв.

 

Шатахууны үнийг нэмэх асуудлыг Шатахууны үнийн зөвлөл хэлэлцэж шийдвэрлэдэг.

Тиймээс Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, үнэ нэмэх шийдвэр гаргасан эсэх болон үнээ нэмсэн компаниудад ямар хариуцлага тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай холбогдож тодруулсан юм. Тэрбээр "Шатахууны үнийн зөвлөл хуралдаагүй. Хотын захын хорооллуудаар ШТС-ууд үнээ нэмсэн байна гэх мэдээллийн дагуу бид өнөөдөр шалгалтаар явж байна. Шалгалтын ажил дууссаны дараа ямар хариуцлага тооцох талаар нэгдсэн мэдээлэл өгнө" гэлээ.