Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Лүндэндорж: Захиргааны ерөнхий хууль энэ хэвээр батлагдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

"Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор Н.Лүндэндоржоос захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай  болон шүүх байгууллагын хараат бус байдлын талаар тодрууллаа.

- Захиргааны шүүхийг татан буулгах  уу?

- Захиргааны ерөнхий хуульд засгийн газраас нэмэлт өөрчлөлт оруулах төсөл яг энэ хэвээрээ батлагдвал Монгол Улсын төрийн дэглэмд болоод улс төрийн тогтолцоонд  ямар хор уршигтай талаар сэтгүүлчид та нар зөв ойлголттой байгаа нь сайшаалтай хэрэг.

Нэг сэтгүүлч бичсэн шиг засгийн газар байтугай эзэн хаан хүртэл шүүхийн хяналтанд байх ёстой гэдгээ хүлээж зөвшөөрч байгаа цаг үед ийм хуулийн төсөл байж болохгүй.  Иргэний ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөхөд шүүх байгууллага бэлэн байж бүр давж заалдах эрх нь байх ёстой.

Захиргааны шүүхийг татан буулгахгүй гэж бодож байна. Монгол  Улсын шүүхийн тухай хуулиар, шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах эрх  парламентийн гишүүнд эсвэл засгийн газарт олгоогүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 11.3-т  Улсын дээд шүүхээс бусад шүүхийг өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг шүүхийн ерөнхий зөвлөл засгийн газартай хамтран зөвшилцсөнөөр Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-д өргөн мэдүүлэхийг заасан байдаг. Тиймд бусад хууль тогтоомжийг баталдаг шиг УИХ-ын нэг гишүүн эсвэл засгийн газар шүүхийг татан буулгаж чадахгүй. Энэ бол шүүхийн тухай хуулиар хамгаалагдсан зүйл.

Мөн Ц.Нямдож сайд ч өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралд  “Та нарын санаа бодлыг сонсож засахад бэлэн байна” гэж хэлж байсан. Тийм учир миний хувьд  Захиргааны ерөнхий хууль энэ маягаар батлагдахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.

- Шүүгчид хараат бус байж чадаж байгаа юу?

-Шүүхийн хардлага байхгүй, шүүхээ магтан дуулж байдаг улс орон гэж хаана ч байхгүй. Шүүх болон шүүгчийг хардаж байгаа явдал нь тэр улс оронд шүүх нь хараат бус болж байгаагийн илрэл. Хардах эрхээ тэр хүмүүс нь эдлэж, шүүхэд том хяналт тавьж байна гэж би ойлгодог.

- Шүүхийн хараат бус байдлын батжуулахын тулд  бид “үндсэн хуулиндаа шүүхийн ажил үүргийг нарийн тусгах хэрэгтэй” гэсэн таны санал байна. Үүнд тайлбар өгнө үү?

- Шүүхийн хараат бус байдлыг хамгаалалдаг шүүхийн ерөнхий зөвлөл гэх байгууллагыг хүчтэй том болгох гээд байгаа нь энд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашигтай огт холбоогүй зүйл. Хамгийн гол  нь шүүх засаглалын хараат бус байдлыг, шүүх өөрөө хамгаалдаггүй, хэрвээ өөрт нь найдах юм бол эрх мэдлээ урвуулан ашиглах болоцоо бүрдэх учраас шүүх таслан үйл ажиллагаанд оролцдоггүй  хөндлөнгийн ямар нэг захиргааны байгуулага хараат бус байдлыг нь хангах нь зөв гэсэн чиг хандлага дэлхий дахинд бий.  Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаад 25 жил болсонтой холбогдуулан олон улсын онол практикийн хурал хийсэн. Энэ чиглэлээр  мэргэшсэн олон эрдэмтэд судлаачидтай ажил хэргийн үүднээс сайн ярилцсан.

Бид 1992 оны үндсэн хуулиндаа шүүхийн ерөнхий зөвлөлыг ажиллуулах болсон нь  маш том амжилт. Нэг дутагдал нь шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн нь ямар байх, ямар тодорхой чиг үүргүүдийг хэрэгжүүлэх, хараат бус байдлын талаар суулгаж өгөлгүй, УИХ-ын олонхи нь өөрчилж болох эрхээр шилжүүлээд өгчихсөн. Иймээс өнгөрсөн 25 жилд Шүүхийн ерөнхий зөвлөлийг улсын дээд шүүхэд, эсвэл хууль зүйн яаманд харьяалуулаад байсан нь биднийг  туршилтын туулай төдий болгосон байна. Анхнаасаа дэлхийд байдаг чиг хандлагыг зөв ойлгож, үндсэн хуулиндаа суулгасан бол бид ийм олно жил туршилтын туулай болж шүүх засаглалынхаа бие даасан хараат бус байдалд хохирол учруулахгүй байсан  гэж бодож байна.

Энэ талаар 27 жилийн өмнө НҮБ-ын хүний  эрхийн төв байгууллагаас "шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын бүтэц бүрэлдэхүүн чиг үүргийг дутуу хийж, парламентийн олонхийн мэдэлд үлдээсэн байна. Засахгүй бол шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж хамгаалдаг байгууллага чинь өөрөө парламентийн олонхиос хамааралтай болно. Үүнийгээ засахын тулд  чинь бид та нарт арга зааж өгөхөд бэлэн байна” гэж тодорхой санал,зөвлөмжүүдийг  бичиж ирүүлжээ. Харамсалтай нь ийм үнэ цэнэтэй саналыг тэр үед ойлгоогүй эсвэл хэрэгжүүлээгүйгээс болоод энэ байгууллага 25 жил цаг алдсан байна.

- Багахангай дүүрэгт шүүх байгуулахаар тогтлоо. 3,000 орчим хүн амтай  тус газар шүүх байгуулах хэрэгтэй юу?

- УИХ-ын 58 дугаар тогтоол гарсан нь Багахангай дүүрэгт шүүх байгуулахтай холбоотойгоор зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарна гэжээ. Засгийн газар мөнгө үйлдвэрлэдэггүй. Тэр бол татвар төлөгчдийн л хөрөнгө.

Мөн энэ нь манай үндсэн хуулийн цэцээс хуулийн заалтыг  тайлбарлаж байгаатай холбоотой, цаашдаа засах ёстой зүйлүүдийн нэг юм. Тийм жижигхэн дүүрэгт яагаад шүүх байгуулах болсныг  дүүрэг дүүрэгт шүүх байх ёстой гэж үндсэн хуулийн цэц, үндсэн хуулийн 48.1-г тайлбарласанаас ийм  үр дагаварт хүрээд байна.

Өнөөдөр Булган, Баянхонгор гэх мэт аймгуудад том суурин үүссэн. Тэнд л шүүх хэрэгтэй. Гэтэл тэнд байгуулж болохгүй тэр дүүрэг биш гэж үндсэн хуулийн цэц тайлбарладаг.

Дэлхий дахинд шүүх хүртээмжтэй буюу жижиг том нь хамаагүй хүн ам өөрийн оршин сууж байгаа шүүх үйлчилгэний байгууллага супермаркет байдаг шиг л байж байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Тэр жишгийн дагуу бид байгуулах бололцоогүй байна. Тиймд энэ үндсэн хуулийн 48.1-ыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бид засах хэрэгтэй гэдэг харагдаж байна.

Мөн үндсэн хуулийн цэц дүүргийн болон сумын шүүх байна гэж үгчилсэн тайлбар хийдэг нь эдийн засгийн болон бусад их сүйтгэлт үр дагаварт хүргээд байна гэдэг нь бидэнд авах ёстой сургамж юм.