Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Жаргалсайхан: Улс төрийн намууд хэдхэн хүний төрийн эрхийг авах хэрэгсэл болжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Төрийн эрхийг авдаг цорын ганц институци нь улс төрийн нам. Гэвч Монголд улс төрийн намууд хэдхэн хүний төрийн эрхийг авах хэрэгсэл болсон байна" хэмээн Дефакто институтийн захирал, эдийн засагч Д.Жаргалсайхан хэллээ. 

Монголын улс төрийн намууд хамгийн ихээр авлигад автсаныг өнгөрсөн онд Азийн сангаас явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг” судалгаагаар тогтоосон байдаг. Сүүлийн арван жилийн турш явуулсан энэ судалгааны авлигажилтын жагсаалтад улс төрийн намууд 2015 онд хоёрдугаарт, 2016 онд нэгдүгээрт, харин 2017 онд хоёрдугаарт орсон нь улс төрийн намуудыг авлигаас салгах шаардлагатай болсныг илтгэж буйг Дефакто институтийн захирал, эдийн засагч Д.Жаргалсайхан онцоллоо. Тэрбээр улс төрийн намуудыг институцийнх нь хувьд илүү төлөвшүүлэх, гишүүдийнх нь мэдлэг оролцоог дээшлүүлэх зорилгоор "Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал" судалгааг энэ оны хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд хийж, үр дүнг нь өнөөдөр тайлагнасан юм. 

Улс төрийн намуудын төлөвшлийг харуулсан судалгааны жишгийг хайсаар Израиль улсын Ардчилал институтийн “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” тайланг олж, танилцаж, байгууллагатай нь холбогдон, зөвлөгөө авснаар уг аргачлалаар судалгаагаа хийх боломж бүрджээ.  

Энэ индексийг боловсруулахын тулд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 28 намаас асуулга авахыг хичээсэн боловч зөвхөн зургаан намыг л хамруулж чаджээ. Тодруулбал, МАН, АН, МАХН, ХҮН, ИЗНН, ЭОН нам орсон байна. Намуудаас 10-ынх нь дарга судалгаанд оролцох боломжгүй гэсэн бол 12 намын удирдлага эргэж холбогдохоо амалсан ч төдөлгүй утсаа ч авахаа больсон хэмээн Д.Жаргалсайхан ярилаа. Өөрөөр хэлбэл, 22 нам олон нийтэд мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Судалгааг намын гишүүдээс утсаар асуулга бөглүүлэх болон эксперт судлаачидтай нээлттэй ярилцлага хийх аргачлалаар явуулсан байна. 

Судалгаанд оролцсон зургаан намын нийт гишүүний тоо 535,324. Тэднээс үнэмшлийн түвшин 95, алдааны нарийвчлал таван хувь байхаар тооцож түүвэрлэн, 384 гишүүнийг хамруулсан аж. 

Харин улс төрийн намуудын дотоод ардчилал, санхүүжилтийн нөхцөл байдлыг тайлбарлах, учир шалтгааныг ойлгох зорилгоор чанарын судалгааны арга буюу 10 эксперттэй нээлттэй ярилцлага хийжээ. Индексийг оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт гэсэн дөрвөн үндсэн хэмжигдэхүүнээр шинжилж, улс төрийн намуудын дотоод ардчиллын үнэлгээг гаргасан байна. 

Улс төрийн намуудын дотоод ардчиллын үнэлгээ:

Гишүүдийн оролцоо гэдэг хэмжигдэхүүнээр улс төрийн нам дотроо аливаа шийдвэр гаргахад гишүүд ямар нөлөөтэй оролцож, тэднийг хэр өргөн хүрээнд хамруулж байгааг шинжлэхдээ 20 хүртэлх оноогоор дүгнэжээ. Ийнхүү судлахад зургаан нам дунджаар 10.25 оноотой гарчээ. 
Индексийн дараагийн хэмжигдэхүүн болох өрсөлдөөн нь нэг албан тушаалд хэдэн хүн өрсөлдөж буйг харуулна. Үүний дагуу намын дотоод удирдлага, зохион байгуулалтын бүтцийн голлох албан тушаалуудад сонгууль явагдсан байдал, нэр дэвших боломж хэр нээлттэй байгааг шинжилжээ. Дээд тал 24 оноо эзлэх энэ хэмжигдэхүүнээс Монголын улс төрийн зургаан нам дунджаар 16.28 оноо авсан байна. 
Ил тод байдал буюу намынхаа үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах боломж гишүүдэд хэр байгааг 24 оноо бүхий хэмжүүрээр судлахад 9.26 оноо авчээ
Дараагийн гол үзүүлэлт бол санхүүжилт. Улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр нь намын үйл ажиллагаа, дотоод ардчилалд шууд нөлөөлдөг. Энэхүү индекст санхүүжилт хамгийн их буюу 32 оноог эзэлнэ. Үүнээс судалгаанд хамрагдсан 6 улс төрийн нам дунджаар 10.78 оноотой байна. 

Израилийн “Ардчилал” институт судалгаандаа намуудыг дараах байдлаар гурав ангилжээ. Хэрэв 61-100 оноо авсан бол ардчилсан, 30-60 оноо авсан бол хагас ардчилсан, 30-аас доош оноо авсан бол ардчилалгүй нам гэж. Энэ ангиллаар бол судалгаанд хамрагдсан зургаан нам “хагас ардчилсан” гэдэг ангилалд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, манай намуудын дотоод ардчиллын түвшин нь ойролцоо, хангалтгүй түвшинд байна. Израилийн судалгаанд хамрагдсан 18 намаас тав нь 61-ээс дээш, Хөдөлмөрийн нам л гэхэд 86 оноо авсан байх жишээтэй. Мөн тэдний намуудын оноонуудын хоорондын зөрүү их байжээ.

Монголын улс төрийн намууд дээрх оноогоор өөрсдийн үйл ажиллагаа, дотоод ардчиллаа дүгнэж болно. Судалгаа гаргахад 28 намаас дөнгөж гурав нь (АН, МАН, Ногоон нам) өөрийн цахим хуудастай, бусад нь байхгүй, сошиал буюу нийгмийн ертөнцөд аль ч нам нь товлосон нэг албан хуудас байхгүй, байгаа цөөн хэд нь янз бүрийн нэртэй, үнэмшил бага төрүүлэхүйц байгаа нь харагдаж байна.  

Индексийн үр дүн:

 

СЕХ-ны цахим хуудсанд 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тайлангуудыг одоог хүртэл тавиагүй байгаа

“Улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийг гаргаснаараа улс төрийн нам гэх байгууллага дээр гэрэл тусгаж байгаа юм. намуудад дотоод ардчилал байхгүй бол яаж Монголыг ардчилсан болгох юм бэ. Энэ байдлыг өөрчлөхгүй бол бид үеийн үед ядуу хэвээр амьдрах нь” хэмээн Д.Жаргалсайхан дототгосон. Мөн тус судалгааны ачаар улс төрийн намууд нь гишүүддээ улс төрийн боловсрол олгоход хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа нэмж хэлсэн. 

Учир нь судалгааны асуулгыг явуулж байхад тус институтийнхэн Улс төрийн намын тухай хууль болон улс төрийн намын санхүүжилт, дотоод ардчиллын олон функцыг эргээд намын  гишүүдэд нь тайлбарлах шаардлага гарч байжээ. Тухайлбал, зарим намын гишүүд нам нь төсвөөс санхүүжилт авдгийг мэдэхгүй, огт сонсоогүй гэдгээ хэлсэн байна. 

Энэ мэтчилэн манай оронд улс төрийн намын эрх зүйн орчныг сайжруулахаас гадна нэгдсэн нэг стандарттай болгох шаардлага нэгэнт бий болжээ. Тухайлбал, намын санхүүгийн тайланг гаргах нэгдсэн стандарт байхгүй, нам бүр өөр ойлголттой байсан аж. Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгоход дотоод ардчилал онцгой үүрэгтэй. Гэвч улс төрийн намууд санхүүжилтээ тайлагнадаггүй, мөнгөний урсгал нь нууц гэх мэтчилэн Монголын авлигын эх үүсвэр болсон гэх зэрэг шүүмжлэлийг арилгах гол түлхүүр нь дотоод ардчилал хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан хэллээ. 

Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлд нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг ч эдүгээ ганц ч нам цахим хуудсандаа санхүүгийн тайлангаа байрлуулаагүй байна. Сонгуулийн тухай хуулийн 40.6- д Сонгуулийн ерөнхий хороо намуудын сонгуулийн зардлын тайланг хянаж, 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх үүрэгтэй гэж заасан. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хорооны цахим хуудсанд 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тайлангуудыг одоог хүртэл тавиагүй байгаа гээд олон асуудал байгааг дурдав. 

Дефакто институт уг судалгаагаа улам боловсронгуй болгож, жил бүр тогтмол гаргах юм байна. Ингэхдээ өмнөх жилийн үзүүлэлтүүдийг харьцуулан тайлагнаж байх аж.