Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаантай арлууд руу кабель татаж байгаа Оросын талд Япон эсэргүүцэл илэрхийлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ОХУ-Японы хооронд маргаантай байдаг дөрвөн арал руу Оросын тал далай дундуур шилэн кабель татсан асуудлыг Токиогийн албаныхан эсэргүүцэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлээр эдгээр арлуудыг Оросууд булаан эзэлсэн гэж Япончууд үздэг юм. Дөрвөн арлыг Япон “Умард газар нутаг” гэж нэрлэдэг бол Орос “Өмнөд Курилын арлууд” гэж нэрлэдэг.

Японы засгийн газрын төлөөлөгч Ёшихидэ Суга “Оросын тал хууль бус замаар эзлэн авсан арлууд дээр ийм төсөл хэрэгжүүлж байгаад гүнээ харамсаж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Оросын тал өөрийн Сахалин арлаас маргаантай арлууд руу далайн усан дундуур шилэн кабель татаж эхэлсэн байна.

Хятадын Хуавэй компани гүйцэтгэж байгаа уг төслийнхөө талаар Москва Токиод мэдэгдсэн гэнэ. “Бид дипломат шугамаар эсэргүүцлээ Орос, Хятадын талд хүргүүлсэн. Бид уг асуудлаар Оростой цөхрөлтгүй ярилцах болно” гэж Суга мэдэгдсэн байна.

Эдгээр арлуудын маргаанаас болж хоёр үлс өнөөдрийг хүртэл дайнаа албан ёсоор дуусгаж, энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм.  

 

Эх сурвалж: Japan Today