Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монголчууд нэг жилд өвчиндөө 746 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулж байна

Б.Ану
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Вашингтоны Их Сургуулийн эрдэмтэд дэлхийн 195 орны 1990-2016 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн мэдээллийг боловсруулж Global Burden of Disease (GBD) нэртэй тайлан гаргасан бөгөөд үүнд 2016 оны байдлаар Монгол улсын 100,000 хүнд ногдох хорт хавдрын нас баралт нь 272 болж дэлхийд тэргүүлсэн тухай бид өчигдөр мэдээлсэн. 

Бид Монгол Улсын эрсдэлийн индекст нөлөөлдөг эрсдэлүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна. Өнгөрсөн удаад зам тээврийн ослын талаарх мэдээллийг хүргэсэн бол өнөөдөр эрүүл мэндийн эрсдэлийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Өвчлөлийн эрсдэл

Олон улсад хүний хөгжлийн индекс гэдэг үзүүлэлт тухайн улс орны хөгжлийг тодорхойлох чухал хэмжүүр болдог билээ. Энэ нь эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд гэсэн 3 дэд үзүүлэлтээс бүрддэг. Манай орны хувьд дээрх үзүүлэлтүүдээс хамгийн ихээр санаа зовоож буй асуудал нь хүн амын эрүүл мэнд юм. 

Энгийн жишээ татахад Монгол улс элэгний болон ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж, зүрх судас, элэг ходоодны өвчлөлөөр дээгүүр байр эзэлж байна. Тийм учраас өвчлөл нь Монголчуудын зайлшгүй анхаарал хандуулах ёстой эрсдэл бас аюул юм.

График 1, Өвчлөлийн эрсдэлийн индекс,  Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2016 онд Өвчлөлийн эрсдэлийн индекс өмнөх оноос 0.7 нэгжээр өссөн байна. Үүнд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо, хорт хавдраар өвчилсөн хүний тоо өсөж байсан нь голчлон нөлөөлжээ. 

Сүүлийн 10 жилд өвчлөлийн эрсдэлийн индекс 2.3 нэгжээр өсөж индексийн утга 8.0 болсон нь уг эрсдэл маш аюултай түвшинд хүрснийг харуулж байна.

2016 онд иргэдийн эрүүл мэндэд 746 тэрбум төгрөгийн санхүүгийн хохирол учирчээ. 

Үүнээс: 

  • Улсын эмнэлэгт 475 ТЭРБУМ төгрөг,
  • Хувийн эмнэлэгт 168 ТЭРБУМ төгрөг, 
  • Гадаадын эмнэлэгт 103 ТЭРБУМ төгрөгийг зарцуулсан байна. 
 
Халдварт өвчин 

2016 онд улсын хэмжээнд 28 төрлийн халдварт өвчний 69,663 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 10,263 тохиолдлоор нэмэгдсэн байна. 
 
График 2, 2016 онд бүртгэгдсэн халдварт өвчний төрлүүд

Хавдрын өвчлөл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хийсэн судалгаагаар 2015 онд дэлхий дахинд 8.8 сая хүн хорт хавдрын улмаас нас барсан ба хорт хавдрын 30-50%-ийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзсэн байдаг. 

100,000 хүнд ногдох хорт хавдраар нас баралтын хэмжээгээр Монгол Улс НЭГТ жагсаж байна. Тодруулж харвал, элэг болон ходоодны хорт хавдраар нас баралтын түвшингээр дэлхийд ТЭРГҮҮЛЖ байна.

Монгол улсын хувьд 2016 онд бүртгэгдсэн хорт хавдрын шинэ тохиолдолт өвчтнийг хүйсээр ангилбал 50.3 хувь нь эрэгтэй, 49.7 хувь нь эмэгтэй байна.
 
График 3, 2016 онд бүртгэгдсэн зонхилох хорт хавдар /хүйсээр/

Эрэгтэй

Эмэгтэй

2016 онд улсын хэмжээнд 108 ХҮҮХЭД хорт хавдраар өвчилсний 61 нь хөвгүүд, 47 нь охид байна. Өмнөх онтой харьцуулахад 21 ХҮҮХДЭЭР өвчлөл нэмэгдэж бүртгэгдсэн байна. 


Өвчний улмаас нас баралт

Дэлхийн хүн амын нас баралтын зонхилох шалтгаанаар зүрхний цусан хангамжийн дутагдал, цус харвалт, амьсгалын замын халдварт өвчин тэргүүлж байгаа бол Монголд хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгаан дараах байдалтай байна.

График 4, Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанууд 


Дээрх өвчлөлөөр нас барж буй хүмүүсийг хүйсээр ангилбал эрэгтэй хүний нас барах магадлал илүү өндөр бөгөөд нийт нас барсан хүний 60 хувийг эзэлж байна.

График 5, Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанууд, /10,000 хүн амд/

2016 оны нас баралтын тэргүүлэх 5 шалтгаанаас авч үзвэл жилд дунджаар 5,000 гаруй хүн буюу нас барсан 3 хүний нэг нь зүрх-судасны тогтолцооны өвчин, 4,000 гаруй хүн хавдраар, 2,500 гаруй хүн буюу нас барсан 6 хүний нэг нь өвчлөл ба нас баралтын гадны шалтгаант өвчний улмаас нас барж байна.

 Тэгвэл энэхүү аюулаас хэрхэн үр дүнтэйгээр сэргийлж, хор хохирлыг бууруулах вэ? Энэхүү асуудлыг бид гурван түвшинд анхаарч үзсэнээр тодорхой үр дүнд хүрнэ гэж үзлээ.

1. Урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн зардал

Эрүүл мэндийн тогтолцоо нь боловсронгуй түвшинд хүрсэн хөгжингүй орнуудад ч өвчлөлийн асуудал байсан. Харин тэд энэхүү асуудлыг шийдэхдээ төрийн бодлогоор өвчнийг эмчлэхэд биш харин урьдчилан сэргийлэхэд илүү анхаарал хандуулсан. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн зардалд эзлэх урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний зардлыг өсгөжээ. Жишээ нь 1960-д оны үед Японд манайхтай ижил зүрх судасны тогтолцооны өвчлөл маш өндөр байсан бөгөөд урьдчилан сэргийлэх шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр энэ эрсдэлийг огцом бууруулж чадсан. Үүнээс дурдвал:

- 1972 онд Үйлдвэрлэлийн аюулгүй байдал эрүүл мэндийн журмаар компани, аж ахуй нэгжүүд  ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, сургалтанд хамруулж байхыг баталж өгсөн.

- 1982 онд Ахмадын эрүүл мэндийн үйлчилгээний журам батлагдсанаар засгийн газраас санхүүжүүлэн 40-с дээш насныхныг ахмад настнуудын адил эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлсэн байна.

Эдгээр хууль журмыг хожим нь олон дахин өөрчилж шинэчилсэн хэдий ч өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зарчмаа хадгалсаар байгаа. Өнөөдөр Япон улс дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлж байна. 

Манай оронд ч гэсэн иргэдэд багаас нь эрүүл мэндийн боловсрол системтэй олгох, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг ойлгуулж хамруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх чухал шаардлагатай байна. Ингэснээр ард иргэд өөрт нь ямар өвчин зовиур байгааг мэдэж түүнийгээ эмчлүүлэх суурь тавигддаг. Мөн урт хугацаандаа эрүүл мэнддээ анхаарах дадал хэвшлийг бий болгох ач холбогдолтой ажээ.

2. Эрүүл ажилтан илүү бүтээмжтэй

Албан байгууллага, пүүс компаниудын хувьд хамгийн үнэтэй нөөц нь хүн капитал буюу ажилтнууд байдаг. Шилдэг менежер, мэргэжилтнүүдээ өвчин эмгэгээс болж тодорхой хугацаанд, эсвэл бүр мөсөн алдахыг ямар ч компани хүсэхгүй. Энэ нь ядаж л компанийн болон тухайн ажилтны бүтээмжид сөрөг нөлөөтэй. Гэтэл өвчлөлийн эрсдэл бодитоор өсөж байгаа энэ үед дан ганц нийгэмд биш эдийн засгийн хувьд ч аюул учруулж болзошгүй юм. Үүнээс сэргийлэхийн тулд дэлхийн олон компани ажилтнуудаа эрүүл амьдралын хэв маягт нийцүүлэн дугуй унаж ажилдаа ирэх, үдийн хоолыг гэртээ бэлдэж ирэх зэргийг дадал болгохыг уриалж байна. Мөн түүнчлэн Япон улсын жишээнд дурдагдсантай адилаар компаниуд өөрсдийн ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулах нь бас нэг зөв гарц болоод байна. Харин манай улсын хувьд дотоодын даатгалын компаниас хөгжүүлж гаргасан “Жаргалан” эрүүл мэндийн даатгалд томоохон компаниуд сайн дураар ажилтнуудаа хамруулж эхэлжээ. Ингэснээр сайн чанартай эмнэлгүүдэд тогтмол үзлэг оношилгоо үнэгүй хийлгэх боломжтой болж байгаа ажээ.

3. Эрүүл мэнд бол зөвхөн таны өмч

Өвдөж зовохын цагт мөнгө төлье гэсэн ч таны оронд эмнэлэгт хэвтэх хүн олдохгүй л болов уу. Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны дийлэнх хувийг харьцангуй сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна. Тийм учраас эрүүл мэнддээ анхаарал хандуулж дээрх өвчин эмгэгийг үүсгээд байгаа амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, дасгал хөдөлгөөний дутагдал, хорт зуршил зэрэг сөрөг зүйлүүдээс татгалзах хэрэгтэй. 

Дээрхээс дүгнэвэл их хэмжээний, зарим тохиолдолд нөхөж баршгүй хохирол учруулж буй энэхүү өвчлөлийн эрсдэлийг бууруулж бодитой үр дүнд хүрэхийн тулд иргэн, албан байгууллага, төр засгийн зүгээс тал бүрийн хичээл зүтгэл шаардлагатай байгаа юм.

Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой.


Мэдээллийг хамтран бэлтгэсэн: Мандал Даатгал