Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн хос 9 сарын өмнө худалдаж авсан автомашины зогсоолоо бараг хоёр нугалж заржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж байгаа Хонг Конгод үнийн дээд амжилт тогтоосон үйл явдал саяхан болжээ.

2017 оны есдүгээр сард тус хотын Коулуун дүүрэгт баригдсан Ultima тансаг ангиллын орон сууцны цогцолборт нэг автомашины зогсоолыг $430,000 (ам.доллар)-аар худалдан авсан байна.

Энэ наймааг хийсэн хос саяхан уг зогсоолоо буцааж зарахдаа $760,000-ын үнэ хүргэжээ. Тэдний ашиг $330,000 болсон байна.

5 метр x 2.5 метр харьцаатай зогсоолын нэг м.кв-ын үнэ $60,800 хүрсэн гэсэн үг юм. Энэ нь Хонг Конгийн дундаж орон сууцны м.кв-ын үнээс бараг гурав дахин өндөр болжээ.

Ultima цогцолборын машины зогсоол одоо дэлхийн хамгийн үнэтэй зогсоол болоод байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард энд нэг зогсоолыг сарын $1,274-өөр түрээслэх гэрээ байгуулж, өндөр үнийн дээд амжилт тогтоож байсан юм.

Тус цогцолбор нь нийт 527 айлын сууцтай, 370 машины зогсоолтой юм байна. Хонг Конг үл хөдлөх хөрөнгийн үнийн дээд амжилтыг хэд хэдэн удаа тогтоогоод байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэгэн худалдан авагч хоёр орон сууцыг хамтад нь $149 саяар авч, Ази тивийн хамгийн өндөр үнэтэй орон сууц болгож байжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post