Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Сайханбилэг маргааш хагалгаанд орно

Б.Ану
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

"Оюу Толгой" -н төслийн гэрээнүүдтэй холботойгоор Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдсон билээ. 

Гэхдээ Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал муудаж Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хүргэгдэж эмчилгээнд хамруулаад байгаа юм. 

Харин түүний араас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр  Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хүргэгдсэн байна. Учир нь түүнийг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж өнгөрсөн Пүрэв гарагт эмч нарын зөвлөл үзсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн захирал, Анагаах Ухааны Доктор Г.Баясгалангийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл Ч.Сайханбилэгт маргааш мэс засал хийхээр болсон байна. Чухам ямар төрлийн хагалгаа нь хувь хүний нууцтай холбоотой учраас олон нийтэд мэдээлэх боломжгүй гэсэн юм. 

Мөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа С.Баярын эрүүл мэнд сайжирч байгаа ч эмнэлгийн тусламж үйлчилгээ үргэлжлүүлэн авах шаардлагатай учраас хэвтэн эмчлүүлэх эмчилгээгээ үргэлжилнэ гэв.  

Харин "Оюу Толгой"-н хоёр дахь шатны төсөл болох далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд оролцсон Б.Бямбасайханы хувьд Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-нд зэрэг баривчилсан бол Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан С.Баярцогт, "Эрдэнэс Монгол"-ын захирал асан Б.Бямбасайхан нарыг дөрөвдүгээр сарын 1-нд буюу баривчилснаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрөв.