Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп-Кимийн уулзалтыг Балбын Гүрха дайчид хамгаална

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Сингапурт анх удаа уулзах гэж байгаа билээ.

Тэгвэл тэдний аюулгүй байдлыг дэлхийн хамгийн аймшиггүй дайчид гэгддэг Балбын Гүрха овгийн залуус хамгаалахаар болжээ.

Хоёр удирдагч тус тусын хувийн хамгаалалттайгаа Сингапурт ирэх боловч уулзалтын ерөнхий хамгаалалтыг Сингапурын цагдаагийн тусгай ангийн Гүрха тасаг хариуцахаар болсон байна.

Сингапурын засгийн газрын Балбын уулсаас шилж авсан Гүрха дайчид хамгийн орчин үеийн зэвсгээр өвч тоноглогдсоноос гадна өөрийн уламжлалт зэвсэг болох хукри нэртэй тахир хутгаа зүүжээ.

Гүрха дайчдын уламжлалаар хукриг хуйнаас нь гаргасан л бол цусанд дүрэх ёстой гэдэг.

Сингапурын цагдаагийн ангид нийт 1,800 гүрха алба хаадаг гэсэн мэдээлэл бий. Тэднийг голдуу ВИП хамгаалалт, олон улсын онцгой чухал үйл явдлуудад ашиглахаас гадна дотоодын бослого тэмцлийг дарахад ашиглах зорилготой гэнэ.

Британий колонийн үед Гүрха дайчдыг ашигладаг байсан уламжлалыг хуучин колони орнууд одоо болтол хэрэгжүүлдэг. Тиймээс Гүрха залуус Британий армиас гадна Энэтхэг, Балба, Бруней, Сингапур улсуудын цагдаа, зэвсэгт хүчинд алба хаадаг байна.

200 орчим жилийн өмнө 19 дүгээр зуунд болсон Британи-Балбын дайнд ур чадвар, эр зоригоо гайхуулсан Гүрха дайчдыг Британичууд өөрийн төлөө зүтгүүлдэг уламжлалтай болжээ. Тэд Нэгдсэн Вант улсын төлөө 1980-аад оны үед Фолклэндын арлууд дээр Аргентины армитай тулалдаж байсан бол сүүлд Афганистанд алба хааж байна.

Одоо Сингапурын Гүрха дайчид тус хотын гадна оршдог, Mount Vernon Camp хэмээх хаалттай газарт гэр бүлийн хамт амьдардаг. Ийшээ энгийн хүн нэвтрэх эрхгүй. 18-19 насанд нь элсүүлсэн Гүрха залуусыг Сингапурт бэлтгэл хийлгэсний дараа 45 нас хүртэл нь алба хаалгадаг байна. Тэд нутгийн эмэгтэйтэй гэрлэх эрхгүй, хүүхдүүд нь Сингапурын сургуульд суралцдаг байна. Тэтгэвэртээ гарсан буюу 45 нас хүрсэн Гүрха дайчид нутаг буцдаг гэнэ.

 

Эх сурвалж: Reuters