Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Зургаадугаар сарын зарим хугацаанд үер болж иргэдэд хохирол учруулах эрсдэлтэйг анхааруулж байна"

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 30
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол орны нийт нутгийн 30 орчим хувьд зуншлага хэвийн байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.

Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийн талаар ЦУОШГ-ын Ерөнхий технологич Ч.Сарантуяа "Сүүлийн жилүүдэд зургаадугаар сард нэлээд хүчтэй халдаг болоод байна. Үүнээс шалтгаалан бороо хүчтэй, дуу цахилгаантай аадар хэлбэрээр орох тохиолдол ихсэж байгаа. Ирэх зургаадугаар сард ч гэсэн бороо тиймэрхүү хэлбэрээр орохыг үгүйсгэхгүй. Тиймээс үер болж зарим тохиолдолд иргэдэд хохирол учруулах эрсдэлтэйг анхааруулж хэлмээр байна. 

Иргэд маань ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг манай вэб сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс тогтмол авч байх болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлээрэй" гэж зөвлөв.

Зургаадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээлэл

Зургаадугаар сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан  хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Монгол орны ихэнх гол мөрний 6 дугаар сарын усны дундаж  түвшин олон жилийн дунджийн орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Эг, Шишхэд Орхон голын дагууд мөн Монгол Алтай нуруунаас эх авсан Ховд, Турган, Сагсай, Буянт  Хангай нурууны өврөөс эх авсан Богд, Түй, Завхан  голууд, Хэнтийн нуруунаас усжих Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голуудын  6 дугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 10-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Халх голын усны түвшин олон жилийн дунджаас 10-20 см их бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын зарим хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх магадлалтай.

Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. 

"Сүүлийн жилүүдэд  хүчтэй салхины давтамж нэмэгдэж, үүл тогтохгүй байна"

Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг хэрхэн зохион байгуулж байгааг ЦУОШГ-ын Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедиц хариуцсан мэргэжилтэн Г.Мөнгөнбаатараас тодрууллаа.

-Цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлээр ямар ямар ажлууд хийдэг вэ, Иргэдэд үүл бууддаг гэх түгээмэл ойлголт л байдаг. Үүнээс өөрөөр цаг агаарт нөлөөлөх ажлууд хийдэг үү?

- Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын гол субьект нь үүл. Үүлэнд зориудаар нөлөөлж бороо  оруулахаас гадна манан сарьнуулах, үүл хөөх, мөндөр зайлуулах гэх мэт ажлуудыг хийж болно. Манайд бол зөвхөн үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулж байна. 

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын гол субьект нь үүл.

1989 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд газар тариалангийн талбайгаас мөндрийг зайлуулах ажиллагааг явуулж байсан. Түүнээс хойш бол хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг л тогтмол зохион байгуулж байгаа. 

-Жилд дунджаар хэчнээн удаа үүлэнд зориудаар нөлөөлөх ажиллагаа хийдэг вэ, тухайн жилийн онцлогоосоо шалтгаалах уу?

- Тийм ээ. Тухайн жилийн хуурайшил ган зудын байдлаас шалтгаалдаг. Жилд дунджаар 1,000 орчим пуужин  нөөцөлж авдаг. Энэ жилийн хувьд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж  2,200 пуужин авах хөрөнгийг шийдвэрлэж өгсөн. Пуужин маань БНХАУ-аас наашаа ачигдаж байгаа. Одоогийн байдлаар байгаа нөөц пуужингуудаараа үүлэнд зориудаар нөлөөлөөд тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. 

 

Сүүлийн жилүүдэд  хүчтэй салхины давтамж нэмэгдэх болсон. Тиймээс үүл тогтохгүй байна. Энэ жил гэхэд л тавдугаар сар бүхэлдээ хавсарсан салхитай байлаа. 

Ер нь манай орны хувьд нийт нутгийнхаа 50 орчим хувьд байнгын гантай байдаг. Түүнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг сүүлийн үед л гантай байгаад байгаа юм биш.

-Үүлэнд зориудаар нөлөөлөх ажил хэр үр дүнтэй байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Та бүхэн санаж байгаа байх 2014-2016 онд Монгол Улс түүхэндээ байгаагүй их хэмжээний ургац авч байсан. Энэ нь үүлэнд зориудаар нөлөөлсний үр дүн.  Ийм ажиллагаа явуулдаггүй байхад газар тариалангийн салбар үндсэндээ зогсонги байдалд орчихсон байсан.  

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа нэлээн өргөн хүрээнд явагдаж, эерэг үр дүнг дагуулж байгаа. Улсын хэмжээнд манай 46 экспедиц ажиллаж байна. Чадах чинээгээрээ экспедицийн тоог нэмэгдүүлж байгаа.

-Үүлэнд зориудаар нөлөөлөх нь байгальд хэр хор хөнөөлтэй вэ, Тогтмол явуулахад сөрөг нөлөө гэж байх уу?

- Пуужин дотор иодот мөнгө байдаг. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг дэлхийн 100-аад оронд явуулж байна.  Дэлхийн цаг уурын байгууллагаас хамгийн байгальд аюулгүй ээлтэй бодис нь иодот мөнгө гэдгийг тодорхойлсон байдаг. 

Бусад орнууд тухайлбал, Орос онгоцоор бодисоо тээвэрлэж хэдэн тонноор нь үүлэн дунд цацдаг. Тайланд бас нэг удаад хоёр тонн  бодисыг онгоцноос үүлэн дунд цацаж байна. Гэтэл манай  хэрэглэж байгаа пуужин дотор 3 гр иодот мөнгө байдаг. Энэ нь тодорхой хүрээлэлд л үйлчилдэг. Тиймээс нөөц нь хангалттай байвал нэг ажиллагааны үеэр дор хаяж 6-7 пуужин зарцуулмаар байна.