Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск: SpaceX компани энэ онд дэлхийн аль ч улсаас илүү олон пуужин хөөргөнө

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Баасан гарагт SpaceX компани Бангладеш улсын анхны харилцаа холбооны хиймэл дагуулыг өөрийн пуужинд тээвэрлэн тойрог зам руу илгээжээ.

Гэхдээ үүнээс ч чухал нэг үйл явдал нь тус компанийн цоо шинэ Falcon 9 Block 5 пуужинг сансарт хөөргөсөн явдал байв.

Компанийн үүсгэн байгуулагч Илон Маск уг пуужингаа өнөөдрийг хүртэл зохион бүтээсэн хамгийн хүчтэй, олон дахин ашиглагдах пуужин гэж онцолжээ.

Тэр бас шинэ пуужингаа сансрын нислэгийн шинэ эрин үеийг эхлүүлнэ гэсэн юм.

“Хэрвээ бүх зүйл бүтэмжтэй болвол SpaceX компани 2018 онд дэлхийн аль ч улсаас олон тооны пуужинг сансарт хөөргөнө” гэж Маск хэлжээ. Мөн 2019 онд тэд Falcon 9 пуужинг эргэж дэлхийд газардсаны дараа 24 цагийн дотор дахин хөөргөж шинэ дээд амжилт тогтоохоо амласан байна.

SpaceX 2010 оноос хойш Falcon 9 пуужинг нийтдээ 56 удаа хөөргөөд байна. 2018 оны байдлаар өчигдрийн хөөргөлтийг оруулаад найман удаа Falcon 9 пуужинг сансарт илгээгээд байгаа юм.

Энэ хугацаанд Space X-ийн инженерүүд пуужингаа илүү хүчтэй, хөнгөн, урт болгохын тулд тасралтгүй ажиллаж ирсэн.

Хамгийн гол нь сансарт пуужин хөөргөх зардлын 60-70 хувийг эзэлдэг хурдасгуурыг олон дахин ашигладаг болгох байв. Өнөөдөр бусад бүх пуужингуудын хурдасгуурыг нэг удаа ашиглаад хаядаг нь сансрын аялалын зардлыг хэт өндөр болгодог юм.

Өнөөдрийн байдлаар SpaceX нийт 25 хурдасгуурыг буцааж газардуулсны 11 нь хуурай газар дээр, 14 нь далайд буусан байна.

Тэдний ихэнх нь хоёр дахь удаагаа дахин ашиглагдаад байгаа.

Харин Falcon 9 Block 5 пуужингийн хурдасгуурыг газардах бүрт нь бага зэргийн засвар үйлчилгээ хийгээд 100 дахин ашиглах боломжтой гэж Маск ярьж байгаа юм.

Тиймээс Илон Маск Falcon 9 Block 5 загварыг SpaceX компанийн 6,000 орчим ажилтнуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон тус компанийн пуужингийн “эцсийн хувилбар” гэж үзэж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Tech Insider