Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн 104 настай эрдэмтэн сайн дураараа бурхны оронд заларлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сайн дураар амиа егүүтгэхийг хуулиар зөвшөөрдөг Швейцарь улсыг зорьсон Австралийн 104 настай эрдэмтэн өчигдөр буюу Пүрэв гарагт таалал төгссөн байна.

Хэдийгээр эдгэршгүй өвчин тусаагүй боловч өндөр насалсны улмаас цаашид амьдрах аргагүй болоод байсан Дэвид Гүүдал сайн дураар амиа егүүтгэхээр шийдсэн юм. Гэвч түүний эх орон Австралид ийм үйлдлийг зөвшөөрдөггүй тул тэр Швейцарийн Базель хот дахь мэргэжлийн байгууллагын туслалцааг авахаар болжээ.

Швейцарийн “Life Cycle” эмнэлэгт эрдэмтний судсанд тариа хийснээр “амжилттай өөд болсныг” Exit International байгууллагын төлөөлөгч мэдэгдсэн байна.

Австралийн Перт хотын Эдит Кован их сургуулийн хүндэт судлаач Дэвид Гүүдал долоо хоногийн өмнө эх орноосоо явж, Францын Бордо хотод гэр бүлийнхэнтэйгээ салах ёс хийгээд Даваа гарагт Базельд иржээ.

Нас барахынхаа урд өдөр тэр “Би цаашид амьдрах хүсэлгүй болсон. Маргааш гэхэд амьдралаа дуусгах болсондоо би баяртай байна. Үүнд минь тусалсан эмч мэргэжилтнүүдэд талархаж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.

Тэр бас Австрали болон дэлхийн бусад улс орнуудад сайн дураар насан эцэслэх арга замыг хуульчлах хэрэгтэйг уриалж байв.

Дэлхийн олон улс оронд тархан амьдарч байгаа Гүүдалын гэр бүлийнхэн бүгд түүнтэй салах ёс хийж амжаагүй гэнэ.

Австрали улсад ганцхан Викториа муж нь ирэх оноос бусдын тусламжтай амиа егүүтгэхийг зөвшөөрөх гэж байгаа. Гэхдээ зөвхөн эдгэршгүй өвчтэй хүмүүсийн хүсэлтийг биелүүлэхээр хуульчлаад байгаа юм.

Харин Швейцарь улсад эрүүл ухаантай, амьдралаа дуусгах хүсэлтэйгээ тодорхой хугацааны турш илэрхийлсэн хэн боловч ийм замаар бурхны оронд заларч болдог ажээ.

Ингэхдээ тухайн хүн нь өөрийгөө үхүүлэх эцсийн үйлдлийг гараараа гүйцэтгэх чадвартай байх ёстой гэнэ. 104 настай эрдэмтний хувьд тэр өөрийнх нь судсанд шахагдах үхлийн шингэний урсгалыг гараараа нээсэн байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
13 | 16 | 16 цаг