Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ким Жон Унтай уулзах товыг албан ёсоор зарлалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Удаан хугацаанд яригдаж байсан АНУ-Хойд Солонгосын удирдагчдын уулзах өдөр, газрыг ерөнхийлөгч Дональд Трамп хэдхэн цагийн өмнө твиттер хуудсандаа зарлажээ.

Дональд Трамп, Ким Жон Ун нарын түүхэн уулзалтыг зургаадугаар сарын 12-нд Сингапурт зохион байгуулахаар тогтсон байна.

5.6 сая хүн амтай, зүүн өмнөд Азийн санхүүгийн төв болсон Сингапур нь улс төрийн хувьд төвийг сахисан, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, олон улсын чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулах туршлагатай гэдэг үндэслэлээр сонгогдсон гэнэ.

АНУ, Сингапур улсууд бараг хагас зуун жил найрсаг харилцаатай явж ирсэн. 30,000 гаруй Америкчууд Сингапурт амьдарч, Америкийн 4,200 орчим компани тус хот улсад үйл ажиллагаагаа явуулдаг.

Google, Facebook, Airbnb зэрэг томоохон компаниудын бүс нутгийн оффисууд бүгд энд байрладаг.

АНУ нь Сингапурын хамгийн том гадаад хөрөнгө оруулагч. Америкийн компаниуд нийтдээ $180 гаруй тэрбумын хөрөнгө Сингапурт оруулсан байдаг. 2004 онд чөлөөт худалдааны гэрээ байгуулагдсаны дараа хоёр орны худалдааны хэмжээ 60 гаруй хувиар өссөн байна.

АНУ-ын тэнгисийн болон агаарын хөлгүүд Сингапурт байнга ирдэг. Америкийн тэнгисийн флотын байлдааны хөлгүүд тус хот улсын баазад тогтмол байрладаг байна.

Үүнээс гадна Сингапур нь Хойд Солонгостой найрсаг харилцаатай.

Хойд Солонгосын гадаад дахь нийт 47 элчин сайдын яамны нэг нь Сингапурт бий. 1975 онд хоёр орон дипломат харилцаа тогтоож байжээ. 

2016 оныг хүртэл Хойд Солонгосын иргэд Сингапурт визгүй зорчдог байсан ба АНУ, НҮБ-ын шахалтаар үүнийгээ цуцалж байв.

Энэ хот улс нь 2007, 2018 онуудад ASEAN-ий дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан туршлагатай. 2009 онд Барак Обама тус улсад айлчилсан анхны АНУ-ын ерөнхийлөгч болсон байна. Мөн 2015 онд Хятад, Тайваний төрийн тэргүүнүүд 1949 онд иргэний дайнаар хуваагдсанаасаа хойш анх удаа Сингапурт уулзаж байжээ.

 

Эх сурвалж: Quartz

 

Зураг
13 | 12 | 11 цаг