Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Аяллын гайхамшиг-2018” үзэсгэлэн яармаг айсуй

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвөөс санаачлан “Монгол медиа ивент групп” ХХК-тай хамтран  тавдугаар сарын 25, 26, 27-нд “Wonder travel expo-2018” үзэсгэлэнг Мишээл экспод анх удаа зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд оролцсноор дотоодын аялал жуулчлал, амралтын газар, гадаад руу аялах маршрут, аяллын үйлчилгээ, гадаад дотоодын эрүүл мэндийн аялал жуулчлал, рашаан сувилал, аяллын хувцас, техник хэрэгсэл, визний зөвлөгөө, карго, тээвэр зууч, аяллын даатгал зэрэг олон мэдээ мэдээллийг нэг цэг дээрээс цогцоор авна. Мөн энэ үеэр байгалийн үзэсгэлэнт газруудын үзэсгэлэн дэлгэгдэх аж.

Үзэсгэлэнтэй холбогдуулан Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвийн тэргүүн Ч.Буянбадрахаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Үзэсгэлэнгийн онцлогийн талаар ярихгүй юу?

- Сүүлийн үед дотоодын авто зам тавигдсантай холбоотойгоор нэг үеэ бодвол монголчууд өргөн дэлгэр аялдаг болсон. Аяллаар явахдаа бага насны хүүхдүүдээ хүртэл дагуулж явдаг. Гурван настай хүүхдээ аялалд авч явах гэсэн юм.  6, 7 насны хүүхэдтэй. Хаашаа аялал зугаалгаар явбал зүгээр вэ, хүүхдэд зориулсан байгууламжтай  аялал жуулчлалын бааз байна уу, майхантай аялах гэж байгаа болохоор хүүхдүүдэд замын хүнсэнд юу авч явбал болох уу гэх мэтчилэнгээр манай төвийн утас руу залгаж асуудаг хүмүүс цөөнгүй бий.

Бас дээрээс нь өглөө оройдоо сэрүүн байдгийг мэдсээр байж эцэг эхчүүд бага насны хүүхдээ аяллаар авч явж байгаад анзаарахгүй орхичихдог. Үүнээс болж хүүхэд нь аяллын явцад ханиад хүрч хот руу буцахаас өөр аргагүй байдаг тохиолдлууд байнга гардаг. Тэгэхээр дотоодын аялагчдад аяллын цогц мэдээллийн хэрэгцээ шаардлага үнэхээр байдаг юм байна гэж ойлгосон. Эрүүл, тав тухтай, эрсдэлгүй аялах нь хамгаас чухал. 

-Тэгэхээр аялал жуулчлалын маркетинг чухал юм байна гэж ойлгож болох уу?

- Манай улс аялал жуулчлал цогцоороо хөгжсөн орон биш. Сүүлийн 15 жилээс л аялал жуулчлалын бүтээн байгуулалт болох жуулчны бааз, зочид буудал, амралтын газар ийм байх ёстой гэсэн гадны туршлагыг хэрэгжүүлж эхлээд байна. Үзэсгэлэн зохион байгуулах нь маркетингийн нэг хэлбэр юм. Маркетингийн томоохон зохион байгуулалт.

Гадаадын орнуудад салбар салбарын үзэсгэлэн хүчтэй хөгжсөн байдаг. Харин манай орон жил бүр ганцхан удаа зохион байгуулдаг аялал жуулчлалын нэг л үзэсгэлэнтэй. “Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн” гэх нэртэй уг үзэсгэлэнд дотоодын аялал жуулалчлын компаниуд гадны жуулчдад өөрсдийгөө сурталчилдаг. Нэг ёсондоо inbound буюу гаднаас жуулчид авахад чиглэгддэг үйл ажиллагаа гэсэн үг.

Тэгвэл “Wonder travel expo-2018” үзэсгэлэн дотооддоо болон гадаад руу аялах гэж буй монголчууд руу илүүтэйгээр чиглэгдэж байгаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл иргэдийн аялал жуулчлалын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэх юм.  Агуулгын  хувьд ч тэр, зорилгын хувьд ч тэр өөр. Хэдийгээр дотоодын болон гадаадын аялал нэрийн дор явагдаж байгаа боловч үзэсгэлэнгийн агуулга нь өөрөө маш өргөн. Монголчуудад визний асуудал маш хүндрэлтэй байдаг. Үзэсгэлэнгийн үеэр гадаад хэлтэй залуучууд иргэдэд орон орны визний материалыг бүрдүүлэх, анкет бөглөж өгөх үйлчилгээ үзүүлнэ. Явах гэж байгаа орны Элчин сайдын яам орж  визний өргөдөл өгөх гэж байгаа хүмүүс байвал тэдгээр залуучуудаар анкетаа бөглүүлж, зөвлөгөө авах боломжтой. Ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд мөн оролцоно. Хүүхдүүд зуны амралтаа ая тухтай өнгөрүүлэх гадаадын зуслангуудыг санал болгох болно.

- Үзэсгэлэнд хэчнээн байгууллага оролцох вэ?

-“Летс Трэвел”, “Монголиан Гайд Тур” зэрэг 100 гаруй аялал жуулчлалын байгууллага оролцоно.  Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим үзэсгэлэнг хамтарч зохион байгуулж байна. “Алтай Трэвел” компанийн хувьд гэхэд Буйр нуурт яг л Хайнаны эрэг дээр байдаг шиг резинен байгууламж буюу усан аяллын тохижуулалтыг хийж байна.

Дотоодын жуулчдад заавал гадаад орны далайгаар аялах биш дотоодынхоо нуурын эрэгт гадаадад байгаа юм шиг амрах боломж бүрдэж бүрдүүлж өгч байна гэсэн үг.

Дээр дурдсанчлан дотоодынхоо аялал жуулчлал дээр төвлөрч ажиллаж байгаа. Өргөн хэмжээний сурталчилгаануудыг хийх болно. Тухайлбал, ирэх 7, 8 дугаар сард зохиогдох Говь-Алтайн “Элсний фестивал”, Баянхонгорын “Таван түмэн сарлагийн баяр”, Хөвсгөлийн “Мянган цааны баяр” байна. Сүүлийн үед дотоодын аялагчид хөдөө орон нутагт болж байгаа эвентүүдийг илүүтэй сонирхож очдог болсон. Үзэсгэлэнгийн үеэр дээрх арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг танилцуулах болно.

Манай төвийн статистик судалгаагаар бол манай улсад сард 80 мянга гаруй хүн эмнэлгийн үйлчилгээ авдаг байна. Тэгвэл манай улс чинь эмчилгээний рашаан сувиллаар баян орон. Тийм ч учраас дотоодын аялагчдаа элсэн сувилал, усан эмчилгээний сувилал, гүүний саам, янз бүрийн эмийн ургамлуудыг ашигладаг сувиллуудын аялал жуулчлалд хамруулахыг зорьж байна. 

-Үзэсгэлэнгийн зохион байгуулалт  онцлогтой байх болно гэж дурдаж байсан?

-Жишээ нь, “Летс Трэвел” компаний нэр байлаа гэхэд компаний нэрийг хараад хүмүүс хаашаа аялуулдагийг шууд мэдэх боломжгүй. Тиймээс тухайн компаний хамгийн топ аяллын нэрийг компаний үзэсгэлэнгийн хаяг болгож өгнө.

Мэдээж хэрэг оролцогч компани болгонд өөрсдийнхөө аяллын маршрутыг сурталчилах эрх нь чөлөөтэй байгаа. Манай төвийн зүгээс тухайн компани ямар нэг улс эсвэл ямар нэг аяллаа тодотгож үзэсгэлэнд оролцох ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. 

 

Зураг
13 | 18 | 17 цаг