Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпиний өрсөлдөгч авлигын хэрэгт буруутгагдаж, бүх насаар хоригдох ял сонслоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үе Хятадын улс төрийн од болж, улс орны дараачийн удирдагчид нэр нь яригддаг байсан Сун Зэнкайд өнөөдөр авлигын хэргээр насан туршдаа торны цаана суух ял оноожээ.

Тяньжин хотын дунд шатны ардын шүүх түүнийг нийт 170 сая юаний ($26.7 сая) авлигыг шууд болон бусдаар дамжуулан авсан хэрэгт буруутгасан тухай Синьхуа агентлаг мэдээллээ.

Сун Зэнкайн улс төрийн бүх эрхийг нь насан туршид нь цуцалж, бүх хөрөнгийг нь хураахаар болжээ.

Дөрөвдүгээр сарын 12-нд болсон шүүх хурал дээр тэр буруугаа хүлээж, давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Уг нь 54 настай Сун Зэнкайн авлигын хэмжээ нь цаазын ял оноох түвшинд тооцогдох ч тэр ихэнх авлигыг шууд бус, бусдаар дамжуулж авсан, мөрдөн байцаагчдын мэдээгүй байсан шинэ хэргүүдийн талаар өөрөө мэдүүлсэн шалтгаанаар ялыг хөнгөлсөн байна.

Түүнд авлига зуучилдаг байсан бизнесийн салбарын хоёр эмэгтэйг мөн илрүүлснийг Хятадын Кайшин суваг мэдээлжээ.

Сун Зэнкайн авлигын хэргүүд түүнийг 2002 онд Бээжин хотын дүүргийн намын дарга байхаас эхлээд хөдөө аж ахуйн сайд, зүүн хойд Жилинь мужийн намын дарга, Чончинь хотын намын дарга байх үеүүдэд хэрэгжсэн гэнэ.

Тэр тендэрт ялахад нь туслах, том төслүүдэд зөвшөөрөл өгөхөд туслах замаар бизнес эрхлэгчдээс авлига авч байсныг шүүхийн мэдэгдэлд тайлбарлажээ.

Тэрээр хэрэгт шалгагдахаасаа өмнө Хятадын төрийн эрх барих дээд байгууллага болох коммунист намын улс төрийн товчооны хамгийн залуу гишүүн болж, Хятадын шинэ үеийн удирдагчдын тоонд багтдаг байв.

Сун Зэнкайн өмнө Чончинь хотын намын даргаар ажиллаж байсан Бо Шилай мөн авлигын хэргээр бүх насар хоригдох ял сонссон юм. Одоо түүний суудалд Ши Жиньпиний гарын хүн гэгддэг, залуу улс төрч Чэн Минь Эр томилогдоод байгаа. Тэр мөн өнгөрсөн оны аравдугаар сард улс төрийн товчооны 25 гишүүний нэг болсон юм.

 

Эх сурвалж: South China Morning Post