Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нар унтарсны дараа юу болох вэ?

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Манай гарагийг илч, гэрлээрээ ивээж байдаг нар хэзээ нэгэн цагт унтарна. Астрономичид нарыг унтарсны дараа юу болох талаар удаан хугацаанд сонирхон судалж байв. Тэгвэл тэд саяхан аливаа одны амьдралын мөчлөгийг урьдчилж тааварлах загварчлалын систем зохион бүтээжээ.

Алс холын ододтой харьцуулбал манай нар нь дундаж хэмжээтэй одонд тооцогддог. Тиймээс том оддын сөнөх үзэгдлийг судалдаг эрдэмтэд тэднээс харьцангуй бага хэмжээтэй нарыг хэрхэн унтрах тухайд эргэлзэж байсан юм.

Гэвч эрдэмтдийн хийсэн тооцооллоор нар нь алсын аварга том ододтой адил замаар унтрахуйц хэмжээтэй гэж дүгнэжээ. Тодруулбал нар нь унтарсныхаа дараа хурц гэрэлтэй сансрын тоосонцрын цагираг болж хувирах гэнэ.

Нар унтрах үед массаа ихээр алдана. Ингэснээр төвөөсөө асар их хэмжээний тоосонцрыг цацах бөгөөд энэ нь нарны хуучин байсан хэмжээтэй ижил хүрээнд цагираг хэлбэрийн мананцар үүсгэх ажээ.

Ингэснийхээ дараа уг хурц гэрэлтэй цагираг нь дахин 10,000 орчим жил оршиж, үүнийхээ дараа бүр мөсөн устаж алга болох гэнэ.

Эрдэмтдийн хийсэн тооцоолол тавдугаар сарын 7-ны Nature Astronomy сэтгүүлд нийтлэгджээ.

Сүүлийн 25 жилийн турш астрономичид нарны унтралын дараа үүсэх мананцарын гэрэлтэлтийн хэмжээний талаар маргаж байв. Тэдний зарим нь нарны том биш хэмжээнээс болоод уг мананцарын гэрэл нүдэнд харагдахгүй шахуу байна гэж үзэж байжээ.

Тэгвэл шинэ судалгааны дүнд уг мананцар нь тойрдог гарагуудаа гэрэлтүүлэх хэмжээтэй хурц байна гэж дүгнэсэн байна. Гэхдээ хүн төрөлхтөн нарыг унтрах талаар санаа зовох хэрэггүй. Учир нь манай нар дахиад 10 тэрбум жил гэрэлтэх настай гэж судлаачид тооцоолдог юм.

 

Эх сурвалж: Quartz

 

Зураг
13 | 11 | 10 цаг