Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэн алдаа хийхгүй байхыг Ираны ерөнхийлөгч АНУ-д анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дональд Трамп 2015 онд байгуулсан цөмийн хэлэлцээрээс гарахаар шийдвэл АНУ дараа нь харамсах болно гэдгийг Ираны ерөнхийлөгч Хассан Рухани Ням гарагт анхааруулжээ.

Хэрвээ Европын Холбоотнууд нь 2015 оны энэхүү гэрээг засаж, сайжруулах саналыг тавдугаар сарын 12-ны дотор гаргахгүй бол гэрээнээс гарна гэдгээ Трамп анхааруулаад байгаа.

Иран цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор ашиглахаар хязгаарлаж, хариуд нь их гүрнүүд эдийн засгийн хоригоо зөөлрүүлэх гэрээг 2015 онд Обамагийн засаг захиргааны үед байгуулж байв.

Гэвч Дональд Трамп ерөнхийлөгч болсныхоо дараа уг гэрээнд Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийг багтаагаагүй, мөн Ойрх Дорнодын орнуудад Тегераны явуулж байгаа террорист ажиллагаануудыг хязгаарлах нөхцөл ороогүй хэмээн хатуу шүүмжлэх болсон юм.

Төрийн мэдээллийн сувгаар хэлэхдээ Рухани “Цөмийн хэлэлцээрийн талаар Трамп ямар ч шийдвэр гаргасан бид хариу арга хэмжээ авах төлөвлөгөөтэй болоод байна. Манай атомын энергийн байгууллага, Америкийн дайралтад өртөх эдийн засгийн салбаруудад би бэлтгэлтэй байх үүрэг өгсөн. Хэрвээ АНУ гэрээнээс гарвал энэ нь тэдний түүхэн алдаа болно” гэжээ.

Тэр “Ирактай хийсэн дайныг найман жил тэссэн манай агуу үндэстнийг айлгаж чадахгүй гэдгийг Америкчууд ойлговол зохино. Бид өөрийн цөмийн технологийг эрчим хүч, эрүүлийг хамгаалах, хөдөө аж ахуйн салбарт энхийн зорилгоор ашиглах хүсэлтэй. Бидэнд дэлхий нийтэд, бүс нутагтаа аюул учруулах зорилго байхгүй” гэж хэлсэн байна.

Саяхан гэрээний нэг тал болох Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө АНУ-ын ерөнхийлөгчийн шийдвэр дайнд хүргэж болзошгүйг анхааруулсан. Тэр бас Вашингтонд айлчлахдаа Трампыг энэ асуудлаар ятгах гээд бараагүй юм.

Британи, Франц, Герман улсууд Ираны цөмийн хэлэлцээрийг дагахаа саяхан мэдэгдэж, АНУ-ын тусгах хүсэлтэй байгаа саналыг эхний гэрээний хугацаа 2025 онд дууссаны дараа сунгахдаа нэмж оруулах боломжтойг мэдэгдсэн юм. Германы канцлерь Ангела Меркель хэд хоногийн өмнө Цагаан ордонд зочлохдоо мөн энэ асуудлыг хөндсөн ч амжилт олоогүй. Өнөөдөр Британий гадаад хэргийн сайд Борис Жонсон Трамптай уулзахаар Вашингтоныг зорьсон тухай мэдээлж байна.

Харин Израйль улс эсрэгээрээ Ираны эрх баригчдыг нууцаар цөмийн зэвсэг бүтээж байгааг баталж, Дональд Трампын гэрээнээс гарах шийдвэрийг дэмжиж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
13 | 18 | 17 цаг