Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Уоррен Баффетын мэдэгдэл Apple-ийн хувьцааны үнийг хөөрөгдөв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нэрт хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет өнгөрсөн нэгдүгээр улиралд өөрийн Беркшир Хатэвэй компаниар дамжуулан Apple компанийн 75 сая ширхэг хувьцааг худалдан авснаа Пүрэв гарагт мэдэгдсэн юм.

Өмнө нь тус компани iPhone үйлдвэрлэгчийн 165 сая хувьцааг нь эзэмшиж байв.

Ингэснээр Баффет Apple компанид $44 тэрбумын хөрөнгө эзэмшдэг, тус компанийн гурав дахь том хувь эзэмшигч болж байна.

Уг нь Баффет технологийн салбарыг төдийлөн сонирхдоггүй, үүнийгээ мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулах дургүй гэж тайлбарладаг хүн.

Түүний мэдэгдлийн дараа Баасан гарагт Apple-ийн хувьцааны үнэ шинэ дээд амжилт тогтоож, зах зээлийн үнэлгээ нь $900 тэрбум давж, түүхэн дэх анхны нэг их наядын үнэлгээтэй компани болоход ойртсон юм.

CNBC сувагт ярихдаа Баффет ерөнхийдөө “Apple бол маш их ашигтай компани. Улирал бүрийн iPhone борлуулалтын тайланг харж санаа зовоод хэрэггүй. Урт хугацаандаа ашигтай байсаар байна” гэсэн санааг хүмүүст хэлсэн байна.

“Энэ бол үнэмшмээргүй амжилттай компани. АНУ-ын хоёр дахь хамгийн ашигтай компанийн олсноос бараг хоёр дахин ихийг тэд олдог. Энэ бол маш том зөрүү. Үнэхээр гайхалтай бизнес” гэж Баффет Apple-ийн тухай магтан ярьжээ.

Түүний ярилцлагын дараа Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кук “Уоррен болон түүний Беркшир компани манай том хөрөнгө оруулагч болсонд бид баярлаж байна. Би хувьдаа Уорреныг бишрэн хүндэлж, үзэл бодол, зөвлөгөөг нь хүндлэн дагадаг” гэж ярьжээ.

Apple компани өнгөрсөн Лхагва гарагт нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ танилцуулсан. Тус компани оны эхний улиралд $61 тэрбумын орлого олсон нь жилийн өмнөхөөс 16 хувь өссөн үзүүлэлт байв.

 

Эх сурвалж: Businees Insider