Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Үзэгч танд сонголт өгсөн Фауст жүжиг

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Жүжиг таалагдахгүй бол та орхин явах эрхтэй. Энэ бол “Фауст” пост драмын жүжгийн үзэгчидтэй хийх гэрээний гурав дахь заалт. Өөрөөр хэлбэл жүжиг эрхэм үзэгч танд үзэх, эс үзэх эрхийг, сонголтыг өгч байна гэсэн үг. Энэхүү үзэгчийн эрхийг та жүжгийн билетнээс олж харах боломжтой. 

Хүн өөртөө итгэлтэй болох үед хэрхэн амьдрахаа мэдэж эхэлдэг. Энэ бол Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болох Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгийн гол философи юм. Аливаа орны театрын хөгжлийн чансааг энэхүү жүжиг тодорхойлдог гэдэг. Тэгвэлзэгчдийн дунд хамгийн их хүлээлт үүсгэсэн “Фауст” драмын жүжгийн албан ёсны нээлт энэ сарын 2-нд Соёлын төв өргөөнд боллоо.  

Нээлтэд урлаг соёл тэр дотроо Монголын үе үеийн жүжигчдийн төлөөлөл, улс төр, бизнесийн гээд салбар салбар бүрийн олны танил эрхмүүд хүрэлцэн ирлээ. Жүжгийн нээлтийн урилга нь “Үзэгчтэй хийх гэрээ” байсан нь хүн бүрийн сонирхлыг татаж байсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, гэрээний гуравдугаар заалтанд “Жүжиг таалагдахгүй бол та орхин явах эрхтэй” мөн “Жүжгийг үзэж дууссаны дараа өөрийн сэтгэгдлийг нүүр номондоо бичиж үлдээх эрхтэй” гэж бичсэн байсан юм. Хоёр цаг 30 минут үргэлжилсэн “Фауст” үзэгчдийг үнэхээр театрын тайзанд уяж чадлаа. Тоглолтыг дундаас нь орхиж гарсан хүн ер харагдсангүй шүү. 

Урлаг судлаач Б.Наранзун энэ үеэр жүжгийн талаар “Зоригтой шийдэл, зоригтой найруулал, зоригтой тавилт. “Фауст” гэдэг жүжгийг сонгож авна гэдэг уран бүтээлчдийн хувьд маш зоригтой сонголт. Драмын жүжгийн шинэ суурийг тавьчив уу даа гэж харагдахаар  байна. Мөн драмын жүжгийг өөр техник ч юм уу өөр өнцгөөс тавьж болдог гэсэн шинэ сэдлийг уран бүтээлчдэд өгч байгаа нь драмын урлагийг төрөлжүүлэхэд маш том хувь нэмэр оруулах байх гэж үзэж байна. Үзэгчдэд ямар нэгэн илүү эффект гэхээсээ илүү амьдралын утга учир, агуу Гётегийн зохиолын мөн чанарыг илүү ойлгож авахад энэ жүжиг, тавилт, уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн уран бүтээл туслах болно гэж хэлмээр байна.” гэв. 

Драмын жүжгийн уламжлал тавилт, өнгө төрхийг эвдэж, манайд төдийлөн ашиглагдаж байгаагүй дэвшилтэт технологи болох холограм, олон янзын эффектүүдийн шийдлийг ашигласан нь гол онцлог байв. Үүний нэг нь холограм юм. Холограм технологи нь хоосон тайзан дээр лазер гэрлийн хугарлын нөлөөгөөр гурван хэмжээст дүрсийг бодит мэт харуулдагаараа онцлогтой. 

Жүжгийн гол дүрд УДЭТ-ын жүжигчин, СТА С.Болд-Эрдэнэ, МУГЖ Л. Баттулга буюу Аглуу, голлох дүрүүдэд Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа, СТА Н.Оюунчимэг нар тоглолоо.

Жүжгийг зохиолч, орчуулагч Н.Пүрэвдагва орчуулсан бөгөөд ерөнхий продюсераар Ардын жүжигчин Г.Мягмарнаран зөвлөх найруулагчаар, түүний хүү залуу найруулагч М.Батболд ерөнхий найрлагчаар, УГЗ, СУИС-ийн хүндэт професор Ч.Найдандорж, ерөнхий зураачаар МУГЖ Г.Ганбаатар, хөгжмийн зохиолч, найруулагчаар СТА М.Болд ажиллалаа. 

Та “Фауст” жүжгээс нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох тухай хором ч уйдахгүйгээр шинэ сонин шийдлүүдийг үзэх болно.  

Жүжиг дууссаны дараа театр дүүрсэн цугларсан үзэгчид Оросын театр урлагийн сургуулийг найруулагчийн мэргэжлээр дүүргэж ирээд буй залуу найруулагч М.Батболдод алга ташилт харамгүй хайрлаж, бүр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй браво браво гэж орилолдож байв.  

Залуу найруулагч М.Батболд: 

Сэтгэгдэл маш өндөр байна. “Фауст” жүжиг миний бие даасан анхны уран бүтээл байлаа. Хоёрдугаарт миний дипломын жүжиг. Гётегийн “Фауст” жүжгийн хийнэ гэж зорьсон. Олон жил хүсэж мөрөөдсөн мөрөөдөл маань өнөөдөр биеллээ. Маш их баяртай байна. 

Шинийг эрэлхийлэх хүсэл чухал. Үүнийг манай сургуульд заадаг. Ерөөсөө юм хийе  гэвэл логиктой уялдуулаад шинийг л хий. Орчин үед театр хүнд яаж нөлөөлж чадах уу тэр бүх арга замыг хайх нь өөрөө пост театр. Миний хувьд пост театрын хүнд нөлөөлөх тэр нөлөөллөөрөө дамжуулж “Фауст” хэмээх зохиолыг өнөөдрийн нийгэмд амьдраасай гэж хүссэн. Уран бүтээлийн амьдралын гараа маань ингэж гоё эхэлж байгаад маш их баяртай байна.   

“Фауст” уйтгартай зохиол. Пост театр нь өөрөө орчин үеийн үзэгчдэд зориулагдсан эффектийн театр байдаг. Тиймээс “Фауст”-ад эффектүүдийг оруулж байж л үзэгчдэд хүргэж чадах юм байна гэж  бодсон. 

Жүжгийг үзсэн хүмүүс юуг ойлгоосой гэхээсээ илүүтэйгээр маш хүчтэй сэтгэл  зүйн нөлөөлөлд автаасай л гэж хүсэж байна. Театрын ид шид бол аливаа уран бүтээл хүний зүрхэнд шууд хүрдэг. Тийм учраас үзэгчид маань театрын хүчийг мэдэрч, зүрхэндээ нөлөөллийг аваасай гэж хүсэж байна. 

Жүжигчин Аглууг үзэгчид драмын жүжгээс, жүжгийн тайзнаас хараагүй даруй 10 гаруй жил болжээ. Аглуугийн жүжиглэлт өмнөх жүжгүүдийнхээс ч үнэхээр мундаг байлаа гэж мэргэжил нэг нөхдүүд нь хүртэл магтаж байв.  

 

МУГЖ Л. Баттулга:

Сэтгэгдэл сайхан байна. Уран бүтээлч хүний аз жаргал өнөөдөр яг л мэдрэгдэж байна. Шинэ уран бүтээл бүрийн ард халуун алга ташилт, ард түмний маань тэр их энерги, тэгээд энэ агуу зохиол энэ болгоны ард гарна гэдэг бол олон хүний хүч хөдөлмөр. Бидний хамгийн гол үүрэг бол үзэгчдэд уран бүтээлээ хүргэх. Энэ үүргээ өнөөдөр ч гэсэн биелүүллээ. Уран бүтээлээ нээлээ. Үзэгчид алга ташихаар үнэхээрийн дотроо айж, эмээж, баярлаж байна. Зүтгэе, хичээе гэж бодож байна. Тийм учраас цаашдаа өшөө их уран бүтээлээр бэлэг барина гэж бодож байна.

Миний хувьд хамгийн сүүлд 2008 онд “Сэрүүн хасын нууц”, 2009 онд “Аянгын бороо”  жүжгэнд тоглож байсан. 2018 онд “Фауст” жүжгийн Мефистофелийн дүрд тоглож байна. Өөрийнхөө хийж байсан уран бүтээлийн санд уран бүтээлийн альбом гэж ярих юм бол альбомоо нэг сайхан зургаар дүүргэлээ. Урын сан маань нэгээр нэмэгдэж байна. Үзэгчдийнхээ урын санг, үзэгчдийнхээ  урын  санг өшөө олон зохиолуудаар, жүжгүүдээр нэмнэ гэж бодож байна. 

Жүжигчин бүрт “Фауст” жүжгийн Фаустын дүрд тоглох юмсан гэсэн хүсэл  байдаг гэвэл хилсдэхгүй. “Гамлет” жүжгийн  дүрээр алдаршсан жүжигчин С.Болд-Эрдэний хувьд энэ удаа Фаустын дүрийг амилууллаа. Гамлет, Фауст, Болд-Эрдэнэ. 

УДЭТ-ын жүжигчин, СТА С.Болд-Эрдэнэ: 

Монголд шинэ уран бүтээл мэндэллээ. Тэр дотроо “Фауст” гэдэг дэлхийн ноён оргилуудын нэг болсон гайхалтай зохиол тайзнаа амиллаа. Фаустын дүрийг гаргаж ажилласандаа сэтгэл маш өндөр байна. Дээр нь залуу найруулагч, залуу жүжигчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна. Ер нь уран бүтээлээ толилуулахаас өмнө үзэгчдэд яаж хүрэх бол, яаж хүлээх бол гэсэн догдлолтой байна. Уран бүтээлч хүн бүрийн зовлон жаргал байдаг. Сэтгэл сайхан байна ямар ч гэсэн уран бүтээлээ нээж авлаа. Яг л гүнзгий амьсгал авах шиг боллоо. Үзсэн хүмүүс өөр өөрсдийнхөө өнцгөөс ойлгож ухаарна биз. “Фауст” жүжгийг ирж үзэхийг уриалж байна.