Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ундраа: Нэг килограмм гурил баяжуулахад үнэ нь 5-7 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 4
Үндэсний шуудан
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн А. Ундраатай ярилцлаа.

-УИХ-ын чуулганы хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийг хэлэлцэж баталлаа. Энэ хуулийг та санаачилж, батлуулсан учраас хүнсийг баяжуулах нэн тэргүүний шаардлагыг тодорхой хэлэх байх?

-Хүнсээ баяжуулах асуудал монголчууд бидний хувьд цоо шинэ зүйл биш. Өмнө нь бид давсаа иодоор баяжуулж хэрэглэж байсан. Иоджуулсан давсны хууль батлагдсанаар монголчууд бамбай булчирхайн өвчнөөс бүрэн дүүрэн сэргийлж чадсан гэж хэлж болно. Энэ өвчнөөс 95 гаруй хувьтай сэргийлсэн гэсэн судалгаа байдаг. Харин одоо Баяжуулсан хүнсний тухай хуулийг 2016 оны арванхоёрдугаар сард өргөн барьж, нэг жил зургаан cap гаруйн дараа батлуулж байна. Ингэж хугацаа алдсан нь үндэслэлтэй. Яагаад гэвэл Хүн амын хоол тэжээлийн үндэсний V судалгааны дүнг хүлээж байсан юм.

Уг судалгааг Эрүүл мэндийн яам болон НҮБ-ын Хүүхдийн сан, бусад байгууллагууд хамтарч таван жилд нэг удаа хийдэг. V судалгааны дүн өнгөрсөн хоёрдугаар сард гарсан бөгөөд асуудал санаа зовохоос аргагүй хэмжээнд хүрсэн байна лээ. Тиймээс хүнсийг зайлшгүй баяжуулах шаардлагатай юм.

-Судалгааны дүн санаа зовохоос аргагүй хэмжээнд гарсан гэлээ. Үүнийг тодруулахгүй юу?

-Манай улсын хүн амын 80 гаруй хувь нь “Д” витамины дутагдалтай гарсан байгаа юм. Ялангуяа хүүхдүүдийн хувьд ихэнх нь “Д”, “А”, төмөр, фолийн хүчлийн дутагдалтай байна. Жирэмсэн эмэгтэй, нярай. хүүхдүүдийн хувьд фолийн хүчил дутагдахад биеийн өсөлт хөгжлөөс гадна оюуны хөгжил нь удааширдаг. Энэ утгаараа хүнсэнд эдгээр шим тэжээлийг нэмж өгснөөр хүүхдүүд биеийн хувьд эрүүл өсөхөөс гадна оюуны чадавх нь сайжирна.

Тиймээс хүний хөгжил талаасаа манай улсад нэлээд хэрэгтэй хууль болсон гэхэд болно. Амин дэмийн дутагдал орлогоос хамааралгүй. Яагаад гэвэл монголчууд өвөл, хавар, намрын туршид зузаан хувцас өмсөхөөр нарнаас “Д” витаминыг авах бололцоогүй.

Хуучин уламжлалаараа сүү, цагаан идээ хэрэглэдэг байсан бол одоо хотжилт нэмэгдэхийн хэрээр энэ хэрэглээ багассан нь үнэн. Хүүхдүүд чипс, чихэрлэг ундаа зэрэг олон шат дамжлагатай химийн бодис орсон хүнс хэрэглэж байгаа. Суурь хүнс буюу цагаан идээ, жимс ногооны хэрэглээг багасгаснаар санаа зовоож байгаа нэг асуудал нь далд өлсгөлөн байна.

Далд өлсгөлөн гэдэг нь харахад жингийн илүүдэлтэй хүүхдийн тоо нэмэгдсэн хэр нь шинжилгээ хийхэд ихэнх нь шим тэжээлийн дутагдалтай гардаг. Энэ утгаараа насанд хүрэгчдийн хувьд суурь өвчлөлүүд нэмэгдэж, хүүхдүүдийн өсөлтөд ихээхэн асуудал үүсээд байгаа юм. Үүнийг шийдвэрлэх арга нь хүнсээ баяжуулах болон зөв хооллолт юм,

-Бусад улс орны хувьд хүнсээ хэрхэн баяжуулдаг вэ. Хүнсээ баяжуулж, хүн амаа амин дэмийн дутагдлаас гаргаж чадсан улс байна уу?

-Бусад улс орны хувьд хүнсээ баяжуулж хэрэглэх нь бас шинэ зүйл биш. Ялангуяа хөгжингүй орнуудын хувьд дэлхийн II дайны дараагаас хүнсээ баяжуулж эхэлсэн байдаг. Ингэхдээ хүн амын хамгийн түгээмэл хэрэглэдэг хоол хүнсээ баяжуулж, аливаа суурь өвчнөөс сэргийлдэг туршлагатай. Тухайлбал, Финланд Улсын жишээ байна. Тус улс хүнсээ баяжуулж эхэлснээр үсрэнгүй хөгжсөн гэж үздэг.

Арван жилийн дотор л хүн амынх нь дундаж өндөр 17 см-ээр нэмэгдсэн гэж байгаа юм. Мөн эдийн засгийн хувьд өндөр чадавхтай, хойд Европын төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй орны нэг. Монголчуудад ч гэсэн тодорхой хэмжээний өөрчлөлт гарна гэж итгэж байгаа. Миний бодож байгаагаар насжилт уртсаж, зүрх судасны өвчлөл буурах байх. Рахиттай хүүхдүүдийн тоо буурч, биеийн хөгжлөөс гадна оюуны хөгжилд өөрчлөлт орох байх.

-Улс орнууд өргөн хэрэглээний хүнсээ баяжуулдаг. Манай улс хүнс баяжуулах тухай тусдаа хуультай боллоо. Эхний ээлжид ямар бүтээгдэхүүнийг баяжуулах боломжтой юм бэ?

-Баяжуулсан хүнсний тухай хууль баталсан учир хамгийн түгээмэл хэрэглэдэг мах, сүү, гурил, ургамлын тосыг баяжуулна. Гэхдээ эдгээрээс махыг баяжуулахад хэцүү. Харин гурил, сүүг баяжуулах бололцоотой гэж үзэж байгаа. Хүнсээ баяжуулснаар нялх хүүхдээс эхлээд өндөр настнууд хүртэл хоол хүнснээс шим тэжээлээ авах бүрэн боломжтой. Тиймээс энэ хууль хүн бүрт хамаатай гэж хэлж болно.

-Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Хүнсийг баяжуулах явцад хүндрэл бэрхшээл гарах уу?

-Хуулийг ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхэлж хэрэгжүүлнэ. Үндсэндээ нэг жил найман сарын дараа хэрэгжүүлнэ гэсэн үг. Яагаад ийм их хугацаа өгч байна вэ гэхээр үйлдвэрлэгчдийн хувьд баяжуулах технологио суурилуулах, мэргэжлийн хяналтын байгууллага, төр засгийн хувьд хүний нөөцөө бэлтгэх процесст хугацаа гаргаж байгаа юм.

-Байнгын хорооны хуралдааны үеэр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд баяжуулсан хүнс хэрэглэх талаар санал гаргаж байсан?

-Энэ саналыг хэд хэдэн гишүүн гаргасан. Дэмжиж байгаа. Үдийн цай хөтөлбөрийн төсвийн нэг хүүхдэд ногдох мөнгө нь маш бага байдаг. Хүүхдүүдэд ногдох төсвийг нэмэх, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах тэр дундаа баяжуулсан гурилаар хийсэн талх, сүү өгөх хэрэгтэй. Ингэж бид хүүхдүүдээ эрүүл саруул өсөхийг нь дэмжих юм.

-Үйлдвэрлэгчид хэрхэн хүлээж авч байгаа бол. Төрөөс шаардлагатай санхүүжилтийг нь гаргана гэсэн үү?

-Хуулийн төслийг хэлэлцэх үеэр үйлдвэрлэгчид болон мэргэжилтнүүдтэй хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үйлдвэрлэгчдийн хувьд нэмэлт зардал гарах вий, баяжуулах процессоо хянаж чадах уу, алдаа гаргачих вий гэсэн болгоомжлол нэлээд байна.

Гэхдээ өмнө нь хүнс баяжуулж байсан туршлага байгаа болохоор боломжгүй зүйл биш. Эхний ээлжид төрөөс баяжуулах технологийг нь авч егөх, мэргэжилтнийг нь сургах, магадлан итгэмжлэгдсэн лабораториуд байгуулах зэрэг ажлыг хариуцна.

-Өмнө нь гурилыг баяжуулахад бодисын хадгалах хугацаа нь дууссан асуудал гарч байсан. Одоо ийм асуудал гаргахгүйн тулд хэрхэн зохицуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Хүнсний үйлдвэрүүд шаардлага хангасан бодис оруулж ирэхэд төрийн байгууллагын зүгээс шаардлага тавина. Үйлдвэрүүд гурилын хадгалах хугацаатай дүйцэхүйц хадгалах горимтой бодис хэрэглэнэ. Энэ асуудлыг хууль эрх зүйн талаас нь зохицуулж егөх юм. Нөгөө талаас иргэд өөрсдийн эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, худалдан авалт хийхдээ хаяг, шошгыг нь үзэж, хадгалалтын нөхцөлийг харж занших хэрэгтэй байгаа юм.

-Хүнсийг баяжуулахаар үнэ өртөг нь нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байна?

-Хэрэглэгчдээс гарах зардалд их өөрчлөлт гарахгүй гэсэн тооцоолол гарсан. Санхүүгийн тооцоог нэлээд нарийн гаргахад нэг килограмм гурилын үнэд дунджаар 5-7 төгрөг нэмэгдэхээр байсан. Тэгэхээр өртгийн хувьд асуудалгүй. Харин бэрхшээл нь хүнс баяжуулах гүйцэтгэлд тулгарч байгаа.

-Баяжуулах бодисыг хаанаас, хэрхэн худалдаж авах талаар төлөвлөсөн үү?

-Дэлхий нийтэд тогтсон зах зээл байдаг юм билээ. Баяжуулах бодисыг өндөр чанартай хийдэг цөөн компани байдаг. Дэлхийн улс орнууд эдгээр компаниас бүтээгдэхүүнээ авдаг юм билээ. Тэгэхээр бид дугуй шинээр зохион бүтээх хэрэггүй гэдэг шиг дархлагдсан компаниудаас авч хэрэглэх нь зөв. Харин яг ямар бодисыг, хэр хэмжээтэй авах вэ гэдгийг салбар яамнаас батална. Үүн дээр би гишүүний хувьд хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.

-Амин дэмийн дутагдалтай хүмүүс баяжуулсан хүнс хэрэглэх нь зүйтэй. Харин амин дэмийн илүүдэлтэй хүмүүс бас байгаа. Ийм хүмүүс заавал амин дэмээр баяжуулсан хүнс хэрэглэх шаардлагагүй шүү дээ. Тэгэхээр баяжуулаагүй хүнс сонголтоор байх уу?

-Өөрийнхөө биеийг тогтмол үзүүлж, шаардлагатай амин дэмээ нөхөөд явчихдаг хүмүүс байгаа. Ийм хүмүүс заавал баяжуулсан хүнс хэрэглэх шаардлагагүй л дээ. Ер нь илүүдвэл хамгийн аюултай амин дэмийг төмөр гэдэг. Элэгний өвчлөлтэй хүмүүсийг төмрөөр баяжуулсан хүнс хэрэглэхгүй байх талаас нь Эрүүл мэндийн яам болон бусад байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай. Тиймээс баяжуулаагүй хүнс сонголтоор байна гэж ойлгож болно.

Мөн тодорхой хөшүүргүүд байж болно. Төрийн үйлчилгээний хүүхдийн сувилал, эмнэлэг, цэргийн байгууламжийг заавал баяжуулсан хүнс хангалтдаа авахыг шаардаж болно. Энэ нь хүн амынхаа эрүүл мэндийг автоматаар дэмжиж байна гэсэн үг. Нөгөө талаар салбар яамны зүгээс шатлалтайгаар хүнсийг баяжуулах санал гаргаж байна лээ.

Зураг