Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хөвдөг атомын цахилгаан станц анхны аялалаа эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хэл ам дагуулсан Оросын хөвдөг цөмийн цахилгаан станц анхны тэнгисийн аялалаа хийжээ.

“Академич Ломоносов” нэртэй станц өнгөрсөн Бямба гарагт Санкт Петрбургийн усан онгоцны үйлдвэрээс анх удаа чирүүлж тэнгисийн усанд гарсан юм.

Зохион бүтээсэн төрийн өмчит Росатом компанийн мэдээлснээр хөвдөг станц Балтын тэнгист хөвсөөр Мурманск дахь боомтод хүрэх гэнэ. Энд цөмийн түлшээр цэнэглэгдсний дараа аялалаа үргэлжлүүлж Хойд мөсөн далайн Певек боомтод 2019 оны зун хүрч, тэндээ үйл ажиллагаагаа эхлүүлэх ажээ.

GreenPeace байгаль орчныг хамгаалах байгууллага Росатомын энэ төслийг анхнаас нь шүүмжилж, хөвдөг станцыг “хөвдөг Чернобыл”, “цөмийн Титаник” гэх мэтээр нэрлэж байв.

“Академич Ломоносов”-ыг анх Росатом Санкт Петрбургийн дэргэд үйлдвэртээ байхад нь турших гэж байсныг тэд эсэргүүцэж болиулсан гэнэ. Хүн ам шигүү газар нутагт цөмийн станц турших нь маш аюултай гэж тэд дүгнэсэн юм.

Гэхдээ л Хойд туйлын байгаль орчинд хөвдөг станц аюул учруулна гэж үзэн тэмцсээр байгаа гэнэ. Уг станцыг Оросын алс дорнод, хойд туйлын алслагдсан бүс нутгуудад эрчим хүч гаргахад ашиглахаар зохион бүтээжээ.

Росатомын мэдээлж байгаагаар уг станц 100,000 хүртэл хүн амтай жижиг хотыг бүрэн эрчим хүчээр хангах чадалтай гэнэ.

2019 онд Росатом хоёр дахь станцын угсралтыг эхэлж, цаашдаа гадаад зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна. Скандинавын Норвеги, Швед улсууд бүс нутагт цөмийн гамшиг дэгдэхээс болгоомжилж байгаагаа Ломоносовын угсралтын үеэр илэрхийлж байв.

Гэвч Росатом аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийн бүх стандартад нийцсэн гэдгээ мэдэгджээ.

 

Эх сурвалж: Independent