Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн тодорхойлолтоо Трамп өөрөө хэлж бичүүлснийг эмч нь баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Трампын хувийн эмч асан Харольд Борнштейн

2015 оны арванхоёрдугаар сард Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшихдээ гайхалтай эрүүл саруул хүн болохоо зарлаж байсан юм.

Харин түүнд уг дүгнэлтийг гаргаж өгсөн эмч Харольд Борнштейн саяхан нэгэн нууцыг дэлгэсэн байна. Тэр Трампыг Цагаан ордонд ирэх хүртэл нь 35 жилийн турш түүний эмч байсан юм.

Борнштейны баталснаар эрүүл мэндийн дүгнэлтээ Трамп өөрөө түүнд хэлж бичүүлсэн гэнэ. Уг дүгнэлтэд Трампыг Америкийн түүхэнд байгаагүй цоо эрүүл ерөнхийлөгч болох хүн гэж тодорхойлсон нь тухайн үед хүмүүсийг гайхшруулж байсан юм. Тэнд “Хэрвээ сонгогдвол ноён Трамп нь урьд өмнө хэзээ ч ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй эрүүл саруул хүн болно гэдгийг би баталж байна”, “Түүний биеийн хүч чадал онцгой сайн” гэх зэргээр бичсэн байв.

“Тэр дүгнэлтийг бүхэлд нь өөрөө хэлж бичүүлсэн. Би огт бичээгүй. Би зүгээр л өөрөө бичсэн мэт болгосон” гэж Борнштейн Мягмар гарагт CNN мэдээллийн сувагт ярьжээ.

Тэр дараа нь NBC News сувгаар ярихдаа 2017 онд Цагаан ордны албаныхан түүний ажлын байранд нэвтэрч, Трампын жинхэнэ эрүүл мэндийн баримтуудыг хураан авч явсан тухай мэдээлсэн байна. Борнштейн эмч уг явдалд цочирдож, сэтгэл санааны хүнд байдалд орсноо бас ярьсан юм.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс албаныхан эмч Борнштейны ажлын байранд очсоныг үгүйсгээгүй ба энэ нь нэгжлэг, бичиг баримт хураасан явдал биш, харин шинэ ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар баримтуудыг цуглуулсан стандарт үйл ажиллагаа байсан гэж тайлбарлажээ.

Харин Трамп тодорхойлолтоо өөрөө хэлж бичүүлсэн гэх мэдээллийн талаар Цагаан ордон ямар нэг тайлбар хийгээгүй байна.

 

Эх сурвалж: Independent

 

Зураг
13 | 18 | 19 цаг