Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Амарзаяа: УИХ-ын гишүүн тендерийн үйл ажиллагаанд оролцдоггүй юм

Б.Цэнд, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 2
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар тодрууллаа.

-Та Оюутолгой төслийн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа. Одоогоор ажлын явц ямар байна вэ?

-Ажлын хэсэг хуралдаж, таван дэд ажлын хэсэг байгуулсан. Миний бие гэрээний үндсэн үйл ажиллагааны төсөв санхүү, бүс нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудалтай холбоотой хоёр ажлын хэсэгт орсон. Төсөв санхүүгийн асуудал хариуцсан ажлын хэсэгт З.Нарантуяа гишүүн, бүс нутгийн хөгжил, дэд бүтцийг хариуцах ажлын хэсэгт А.Ундраа гишүүнтэй хамтарч ажиллаж байгаа. Эхний ээлжид Засгийн газар бүх яамтай хамтарч, ажлын хэсэг гарган шалгалт хийж байна.

Тухайлбал, төсөв санхүүг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд бүтэц, хөгжлийн асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн тавдугаар сарын 23 хүртэл хариуцаж, шалгах юм. Бид удирдамжийг нь гаргаж егсөн. Засгийн газрын ажлын хэсгийнхэн одоо ажлаа эхлүүлээд явж байна.

-УИХ-ын байгуулсан ажлын хэсгийнхэн зургаадугаар сард дүгнэлтээ гаргана гэсэн. Тавдугаар сарын сүүлч хүртэл Засгийн газрын ажлын хэсгийнхэн шалгана гэхээр УИХ-ын ажлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргаж амжих юм уу?

-Засгийн газар тавдугаар сарын сүүлч хүртэл ажлын хэсгүүдийг ажиллуулж, дүгнэлтээ гаргана. Үүний дараа бид Засгийн газрын ажлын хэсгийнхэнтэй хамтарч, гаргасан дүн тайланд нь анализ хийх юм. Дараа нь зургаадугаар сарын 20-ны үеэр УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар төлөвлөсөн.

-“Рио тинто” компанийн төлөөллүүд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагуудтай удаа дараа уулзаж байгаа гэсэн. Энэ талаар ажлын хэсгийнхэнд ирсэн мэдээлэл байна уу?

-Энэ уулзалт нь манай ажлын хэсгийнхнээс гаргасан зөвлөмж, чиглэл биш. Засгийн газар өөрсдийн ажил үүргийн дагуу л үйл ажиллагаа явуулж байгаа.

-Таныг Оюутолгой төслийн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн мэдээлэл цацагдсан. Тодруулбал, таныг Оюутолгойн хөрөнгө оруулалтаар барих сургууль, цэцэрлэгийн тендерийг найздаа авч өгсөн гэж байсан?

-“Оюутолгой" компани бүс нутгийн бодлого, хөгжлийн хүрээнд Өмнөговь аймагт жил бүр таван сая ам.доллар егдөг. Ийм хөрөнгө оруулалтын гэрээг жил бүр байгуулдаг гэсэн үг л дээ. “Оюутолгой” компанийн дэргэд “Говийн оюу” хөгжлийг дэмжих сан байгуулагдсан юм. “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангийнхан хамтын ажиллагааны хүрээнд аймгийн удирдлагуудтай хамтарч ажилладаг.

Өөрөөр хэлбэл, энэ сангийн хөрөнгөөр хийх бүтээн байгуулалтын тендерийг аймгийн удирдлагууд тэр дундаа Засаг дарга, Худалдан авах ажиллагааны газар, аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж, шалгаруулдаг. УИХ-ын гишүүн бол аливаа тендерийн үйл ажиллагаанд оролцдоггүй юм.

-Та бусад гишүүдтэй хамтарч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх лобби бүлэг байгуулаад нэлээд удлаа. Энэ лобби бүлэг ямар ажил хийж байна вэ?

-Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийнхэн байгуулагдсанаасаа хойш энэ салбарыг хариуцлагажуулахад өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж явна. Уул уурхай ажиллаж болно л доо. Харин хариуцлагатай байх хэрэгтэй. Бид уурхай ажиллаж буй тухайн нутаг дэвсгэр, ард иргэдэд тулгамдсан олон асуудлыг шийдэх, хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, сайжруулах, хариуцлагажуулах талаар ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан дөрвөн бүсийн салбар уулзалтад лобби бүлгийнхэн оролцсон. Энэ жил гэхэд уурхайчин эмэгтэйчүүдийн уулзалт болж, тэнд хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Бид хариуцлагагүй ажилласан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нь зогсоох, сайжруулах, хариуцлагатай ажиллаж байгааг нь дэмжинэ.

Монгол Улсын төсөв санхүүгийн байдлыг судалж үзэхэд яалт ч үгүй ихэнх салбарын орлогыг уул уурхай бие даан бүрдүүлж байна. Ийм тохиолдолд бид хариуцлагатай уул уурхайг дэмжин хөгжүүлэхгүй бол болохгүй.

Зураг