Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс ерөнхийлөгч Трампын зөвлөх болохоос татгалзжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн гуравдугаар сард тэрбумтан Билл Гэйтс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж санал бодлоо солилцсон юм. Тэр саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа энэ уулзалтын талаар ярьжээ.

40 минут үргэлжилсэн уулзалтын үеэр Трамп түүнд ажил санал болгосон тухай Гэйтс дурссан байна. Цагаан ордны шинжлэх ухааны асуудал хариуцсан зөвлөхийн орон тоо удаан хугацаанд эзгүй байгаа юм.

Хамгийн сүүлд энэ албыг хашиж байсан Жон Холдрен Обамагийн засаг захиргаатай хамт ажлаа өгсөн байдаг.

Уг орон тоо эзгүй байгаад Америкийн шинжлэх ухааны салбарынхан их санаа зовдог аж. Уулзалтын үеэр Гэйтс шинжлэх ухааны зөвлөх томилох хэрэгтэйг ерөнхийлөгчид сануулсан байна.

Гэтэл Трамп өөрийг нь уг ажлыг хийх үү? гэж асуужээ.

Гэйтс уг асуултад шууд “Энэ бол миний цагаа өнгөрүүлэх сайн арга биш” гэж хариулсан гэнэ.

“Үнэндээ би түүнийг үнэнээсээ хэлж байгаа эсэхийг шалгая гэж бодоогүй. Тэр өөрөө ч нухацтай ярьж байгаа үгүйгээ мэдээгүй байх. Зүгээр л нөхөрсөг хөнгөн яриа болсон гэж би бодож байна” гэж Гэйтс ярьжээ.

2016 онд Трампыг ерөнхийлөгч болсноос хойш тэд нийтдээ гурван удаа уулзсан байна. Өмнөд нь тэд огт уулзалдаж байгаагүй юм.

Эхний хоёр уулзалтаар Гэйтс гадаад орнуудад үзүүлэх тусламж, боловсрол, вакцинжуулалтын сэдвээр ярилцаж байж.

Харин гуравдугаар сарын 15-нд уулзахдаа дэлхий дахины эрүүл мэндийн сэдэв дээр төвлөрсөн байна. Трамп АНУ гадагшаа хэтэрхий их тусламж өгч байгааг үргэлж ярьж, шүүмжилдэг. Харин Гэйтс хүн төрөлхтнийг ханиаднаас салгах вакцин бүтээх боломжийн талаар түүнд ярьсан байна.

Дэлхий нийтийн өвчин зовлонд хил хязгаар байдаггүй тул АНУ санаа тавих ёстой гэж үздэг Гэйтс Трампыг сэнхрүүлж чадсан эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

 

Эх сурвалж: The Verge