Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Жавзмаа: Хүүг минь дахин тамлаж, амийг нь бүрэлгэх вий гэхээс айж байна

Ч.Үл-Олдох
2018 оны 2 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчиллын удирдагч С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт хэргийг гүйцэтгэсэн гэх үндэслэлээр Ц.Амгаланбаатарын хамт 25 жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд хоригдож буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай ярилцлаа.

–Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэх шүүх хурлын өмнө, хойно хүүг маань хилсдүүллээ гэж  хэвлэлээр ярьж байсан. Энэ удаа танд ямар мэдээлэл байна?

-Тийм ээ, би хилс хэргээр шоронд хоригдож байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн. Эцсээ хүртэл явна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэх худал хуурмаг шүүх хурлууд тухайн үед болж өнгөрснөөс хойш хэдэн сар боллоо.

Энэ хэргийг нуун дарагдуулж байгаад эгэл жирийн иргэдэд үүрүүлж, ард түмнийг төөрөгдүүлэх гэ­сэн эмгэнэлт жүжгийг ард түмэн ойлгож байгаа. Бүгд мэдэж байгаа. Энэ хэргийг зохион байгуулагчид нь ТЕГ, прокурор, шүүхийнхэн. Тэд сүүлийн үед ард түмний тархийг угаах арга нь улам нарийсаж, хуйвалдааны журмаар өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгааг хараад  тэвчилгүй  хэвлэл мэдээллийнхэн, шударга сэтгүүлчид, олон түмэнд үгээ хүргэе гээд хотод ирсэн минь энэ.

Би нэг л зүйлийг хэлэхийг  хамгийн их хүсэж байна. Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбатын сүүлийн үед сонин хэвлэлд өгч байгаа  ярилцлага, материалууд бүгд худал гэдгийг монголчууддаа хэлье.  Үүнийг ард түмэнд үнэн зөвөөр ойлгуулж өгөөч гэж хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдээс гуйж хүсэж  байна.

–Ерөнхийлөгчийг Орхон аймгийн  иргэдтэй  уулзалт хийх үеэр та энэ талаар хэлсэн үү?

-Монголчууд энэ хэрэг юу болж, яаж шийдээд байгааг анхаарч ажиглаж байгаа. Юм ойлгодог хүн бүхэн мэднэ ээ.  Гүйцэтгэгч гэж хэдэн хүнийг гөрдөн  яллаж хорьчхоод захиалагч нь өнөө хүртэл илрээгүй   гээд байгаа шүү дээ. Ийм байж болох уу. Захиалагч илрээгүй байхад  захиалагчтай гээд хүнийг  барьж хорьж тамлан зовоож болохгүй шүү дээ.

Ийм хуулийн заалт баймааргүй юм. Тагнуул, хуулийнхан  элдэв башир арга хэрэглэж миний хүүд тариа хийж  ухаан санааг нь самууруулж байгаад  яриулсан зүйлүүдээ эвлүүлж  нотлох баримт  болгож хийсэн байгаа. Энэ маш ичгүүртэй. Тагнуул, хуулийнхан эхнээсээ ганц Ц.Амгаланбаатар гэгчийн ам яриагаар  шүүх  хурлыг  хийсэн. Гэрчийн мэдүүлгүүд ч бүгд худал. Гэрч гэх хүмүүсийг хаанаас ч юм бэ олж ирээд мэдүүлэг гэж материал цуглуулсан.

Тэгээд “Айсан хүн адуу үргээнэ”  гэгчээр  бай­цаасан, шалгасан хүмүүсээ хэвлэлд ам нээж болохгүй гэж гарын үсэг зуруулсан. Манай Эрдэнэт ч ийм байдал гарч хүмүүсээр гарын үсэг зуруулж дарамтлаад явж байгаа.  Би энэ асуудлаар 90 удаа эрх баригчдад захидал бичсэн. Надад хариу ирдэг ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд хүртэл ямар нэг зүйл хийж чадахгүй байна. Тиймээс  энэ асуудлыг сайн тун­гааж үзнэ үү” гэж  Ерөнхийлөгчид хандаж иргэдийн уулзалт дээр хэлсэн.

–Та хүүтэйгээ уулзсан уу, бие, эрүүл мэндийн байдал нь ямар байна?

-Оны эхээр, нэгдүгээр сарын 26-нд  хорих ангиас зөвшөөрөл авч, хүүгийнхээ барааг харсан. Ямар сайн байх вэ дээ, хөл, гар нь өвддөг  юм. Бие  нь ч, сэтгэл  санаа нь ч муухан байна.  Миний хүүг шүүх хурал дээр нэг ч үг  ч хэлүүлээгүй. Тэгээд шууд 25 жилийн ял өгчихөөр тэр хүн  ямар байх  вэ. Хүү минь намайг хараад уйлж байгаад ганц  үг хэлсэн. “Үнэн  гэж байдаггүй юм байна” гээд цурхираад үлд­сэн. Шүүхээс  гаргасан шийдвэртэй  би огт санал нийлэхгүй байгаа. Миний хүү тийм хэрэг хийх хүн биш.  Улс төрийн  хэргийг гэмгүй хүмүүст тохож  хэрэг хийсэн болгоод яллачихсан.

–Сүүлд хэргийн материалыг ил болголоо гэж зарласан. Та тэр материалтай танилцсан уу? 

-Хэргийн материалыг ил болголоо, нууцын зэрэглэлээс гаргачихлаа л  гэсэн, тэр нь хаана байгааг мэдэхгүй. Бидэнд  танилцуулсан юм байхгүй. Хэрэв тийм бол тэрийгээ олон түмэнд мэдээлэх хэрэгтэй шүү дээ.  14 мянга 900 хуудас материалыг нууцын зэрэглэлээс гаргалаа л гээд байгаа. Харин ч хуулийнхан өөрсдийн  хуйвалдааныг нууцын зэрэглэл болгочхоод яваад байна. Тэнд нууц юу байгаа юм бэ. Өөрсдийнхөө хуйвалдааныг нуугаад байгаа нь л нууцын зэрэглэлтэй  болчхоод яваад байна.

Хийгээгүй хэргийг хийсэн болгож зохиомол хэрэг үйлдүүлчхээд шоронд хийчхээд  байгаа шүү дээ. Энэ бол  Ц.Элбэгдорж, Б.Хурц, Улсын ерөнхий прокурор, ерөнхий шүүгч нарын хуйвалдаан. Хуулийн байгууллагын хуйвалдаан энэ хүртэл явж ирлээ. Гэмгүй хүмүүсийг  хэлмэгдүүлж байгаа нь харамсалтай. Дараагийн удаад  дахин миний хүүг тамлан зовоох юм бол  би тэвчиж суухгүй.

Тамлан зовоосны улмаас  миний хүү амь насаа алдвал би энэ хүмүүсээс амийг нь нэхнэ. Жишээлбэл, байцаагч н.Бямбажав, Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат, Ж.Сандагсүрэн  нартай  би хүүгийнхээ амь насыг ярина. Жирийн хүнийг тийш нь хийчхэж  байгаа юм чинь дарамт шахалт өчнөөн байгаа нь ойлгомжтой.

–Та түрүүнд гэрчүүдийн мэдүүлэг гэж худал материал цуглуулсан гэлээ. Тодруулж хэлнэ үү?

-С.Зориг агсны эхнэр, хэргийн цорын ганц гэрч  Б.Булган мэдүүлэг өгөхдөө “Энэ хүмүүс биш байна” гэсэн шиг байгаа юм. Барьж хориод яллачхаад байгаа гурван  хүнийг түүнд   харуулсан юм шиг байна лээ. Тэгэхэд нь “биш” гэсэн шиг байна лээ. Хэрэв Б.Булган “Энэ хүмүүс мөн байна” гэсэн бол хуулийнхан жигтэйхэн юм болно биз дээ. “Мөн гэлээ”,”Гэрчиллээ” гээд нотлох баримт нь түүгээрээ нотлогдох байх. Тийм биш учраас  тэр хүмүүс гүтгэлгээ явуулж байна.

–Та Б.Булгантай уулзаж, ярьж үзсэн  үү?

-Үгүй. Би тэр хүнийг танихгүй, тэр хүн ч бидэнтэй уулзсангүй. Харин  би энэ  хэргийн байдлаас  дотроо гурван хүнийг түүнд харуулсан юм байна, “биш” гэж хэлж дээ гэж бодсон. Хар ухаанаар бодсон ч ийм гаргалгааг хийж болохоор байна шүү дээ.

–Тэгвэл С.Зориг агсны дүү С.Оюун та нартай уулзсан уу?

-Барааг нь л харсан, тэр хүн бидэнтэй уулзаагүй, юу ч  асуугаагүй, юм яриагүй.  Шүүх хурлын үеэр хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж байсан. Бид ч хурлыг нээлттэй явуулж, ард түмэнд үнэн мөнийг хүргэх хүсэлтэй байсан. Гэвч хурал хаалттай болсон. Энэ гурван хүн ахыг нь алсан гэдэгт С.Оюун итгэхгүй, эргэлзээтэй санагдаж  байгаа учраас л хурлыг нээлттэй хийлгэх хүсэлт тавьж байсан болов уу гэж боддог.

–Ц.Нямдорж  тухайн үед  сайд болоогүй байхдаа энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлж байсан.  Та Хууль зүй, дотоод хэргийн сайдтай уулзав  уу?

-Уулзаагүй. Харин энэ хэрэгт анхаарал хандуулж өгөөч гэдэг хүсэлтийг  удаа дараа тавьж  байсан. Телевизээр үг хэлж, ярьж байгааг нь  харсан.

–Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг  С.Зоригоос гадна захиалагч талын нэг хүний гэрийг шатааж, гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн   гэх хэрэгт буруутгасан. Галын дүгнэлтийн талаар одоо ч яригдаж байна. Энэ талаар та юу мэдэх вэ?

-Прокурорынхон л  тэгж хэлээд байгаа.  С.Зоригийг алчхаад, хэргээ далдлах гэж  дөрвөн хүнийг хороож, айл шатаасан гэсэн. С.Зоригийг алсан хэрэг 1998 онд гарсан, тэр айлын гэр шатсан нь 2006 оны үе. Цаг хугацааны хувьд ч хоорондоо зохицохгүй асуудал. Миний хүү  хүн  алах хүн биш. Хэнийг ч алаагүй, ямар ч хэрэг хийгээгүй  байж  ямар гэрчээ устгах билээ. Гэмгүй хүнд дахин давтан зохиомол хэрэг нэмж байна, үнэн нүдээ олох цаг эрх биш ирэх байгаа л гэж залбирч байна. Тэр айл  цахилгааны утаснаас болж гал гарч шатсан гэсэн галын дүгнэлт  гарсан  байдаг юм билээ.

–Айл шатсан 2006 оны тэр өдөр  таны хүү хаана байсан юм бэ?

– Тэр үед хүүгийн минь  том охин төрөөд наймхан сартай байсан. Шөнийн гурван цагт эхнэр, хүүхэдтэйгээ гэртээ байсан хүнийг л айл шатаагаад явж байсан болгоод Ц.Амгаланбаатарын аман яриагаар гүтгэсэн.

–Таны хүү Ш.Отгонбилэг агсны малыг хардаг байсан гэх мэдээлэл цацагдаж байсан.  Ямар ажил эрхэлдэг байсан юм бэ?

-Тэр хүнтэй  манайхны нэг ч хүн уулзаж байгаагүй, таних ч үгүй.  Манайх ч, хүү маань ч  өөрсдийн  цөөн малыг  маллаж ирсэн улс.

Зураг