Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

116 дугаар сургууль сурах бичиг, үлгэрийн номыг баррел-кирилээр хэвлэх боломж бүрдлээ

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хэмжээнд 17,000 орчим хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэн байдгаас таван хувийг нь хүүхэд эзэлдэг. 116 дугаар тусгай сургуульд 108 сурагч суралцдаг ч баррел үсгийг кирил үсэгтэй хослуулсан сурах бичиг хүртээмжгүйгээс хүндрэлтэй асуудал байнга тулгардаг байна. 

Үүнтэй холбогдуулан хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг баррел-кирил хослуулан хэвлэх төслийн албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.


Төслийн хүрээнд 1-3 дугаар ангийн 15 нэр төрлийн сурах бичиг хэвлэнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны /МХҮХ/ Ерөнхийлөгч Д.Гэрэл "МХҮХ-оос хараагүй гишүүдийнхээ төлөө олон ажлыг хэрэгжүүлдэг. Тэдгээрийн нэг нь яах аргагүй сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг хангах ажил юм. 

Мэдээж эдгээр хүмүүсийг сурч боловсруулахад тусгай орчин, хөтөлбөр шаардлагатай. Тухайлбал, сургалтын тоног төхөөрөмж, хөтөлбөр, анги танхимын хүртээмжийн асуудал бий. Үүнээс нэн тэргүүний чухал зүйл нь баррел үсгэн сурах бичгийг олонд хүртээмжтэй тараах. 

Манай улсад 1963 оноос хойш хараагүй хүмүүс баррел номыг ашиглаж эхэлсэн. Түүнээс хойш олон жилийн хугацаанд хүртээмж нэн бага байсан. Харин сүүлийн үед төр засгаас энэ тал дээр олон дэмжлэг явуулж байгаа.

2015 онд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр есдүгээр ангийн гурван сурах бичгийг хийсэн. Үүнээс хойш олон улсын байгууллагуудын хандив, санхүүжилтээр ном ирдэг байсан. Харин энэ жил МХҮХ, Монгол дахь Австралийн Элчин сайдын яамтай хамтран хараагүй болон харааны бэрхшээлтэй сурагчдын 1-3 дугаар ангийн сурах бичиг, үлгэрийн номыг , кирил үсэгтэй хослуулан хэвлэх төслийг хийсэн.

ШУТСангийн захирал Д.Энхжаргал санаачилсан төслийн хүрээнд 1-3 дугаар ангийн 15 нэр төрлийн сурах бичиг, мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан үлгэрийн номыг хэвлэхээр эхэлж байгаадаа баяртай байна. Хэвлэлийн машин, бусад материал, хэвлэлийн эхээ бүгдийг нь бэлдсэн байгаа" гэсэн юм.

Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагч 12 жил суралцах хугацаандаа бага ангид 34, дунд ангид 55, ахлах ангид 39 хичээлийн буюу нийт 128 нэр төрлийн ном ашигладаг. Харин төсөв мөнгөнөөс шалтгаалан 116 дугаар тусгай сургууль бага, дунд ангидаа нийт 4 төрлийн хичээлийн ном ашигладаг аж.

 хүүхдийг багаас нь номын ертөнцөөр аялуулах зорилготойгоор үлгэрийн ном хэвлэж байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. 116 дугаар сургуульд өнөөдөр нээлтийн ажиллагаагаа хийж байгаад баяртай байна. 

Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслалцаа үзүүлэх, боловсролыг тэгш хүртээх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой.

Төсөл хэрэгжсэнээс хойш сурах бичгийг баррел үсгээр хэвлэх үйл ажиллагаа илүү бодитой хэрэгжиж байгаа. Мөн манай Элчин сайдын яам өөрсдийн нэрийн хуудсыг баррел болон кирил, анги үсэг хослуулж хэвлэсэн. 

Тус сургуулийн хүүхдүүдэд ном, сурах бичгээр туслахаас гадна Монгол Улсын бүх харааны бэрхшээлтэй хүүхдэд туслалцаа үзүүлэх төсөл байгаа. 

Энэ төсөл бидний хэрэгжүүлсэн төслүүд дундаас хамгийн шилдэг нь болсон. Мөн хүүхдийг багаас нь номын ертөнцөөр аялуулах зорилготойгоор үлгэрийн ном хэвлэж байгаа" гэлээ.

Төслийн үр дүнд 220 сурах бичиг хэвлэж, 116 дугаар сургуулийн номын сан, МХҮХ-ны Орон нутгийн салбар, төвүүдэд хүлээлгэн өгөх юм байна.