Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Афганий нэгэн овгийнхон Трампыг эр зоригийн медалиар шагнажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Афганистаны Логар мужийн нэгэн овгийнхон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг эр зоригийн медалиар шагнах шийдвэр гаргасан нь түүний Пакистаны эсрэг авсан хатуу арга хэмжээтэй холбоотой ажээ.

Овгийн ахлагч Фархад Акбари 300 хүн цугларсан “жирга” буюу зөвлөлийн хурлаас ийм шийдвэр гаргасныг мэдээлсэн байна.

Алтаар урласан, гар хийцийн медаль дээр “Афганий ард түмэн энэхүү эр зоригийн медалиар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг шагнав” хэмээн бичсэн ажээ.

Медалийг бүтээхэд 45,000 афгани ($645) зарцуулсан нь тус улсын хувьд томоохон төсөвт тооцогдож байна. Акбари өөрөөсөө медалийн зардлыг гаргаж, өнгөрсөн Бямба гарагт Кабул дахь АНУ-ын элчин сайдад өөрийн гараар хүлээлгэж өгчээ.

Саадат овгийн ахлагч Акбари нь барилгын компанитай нэгэн бөгөөд тэдний овгийнхон сүүлийн жилүүдэд Талибанчуудтай ширүүн тулаан хийж байгаа юм. Трамп энэ оны эхний өдөр Пакистаны эрх баригчдыг хатуу шүүмжилж, тусламж дэмжлэгээ зогсооно гэж сүрдүүлсэн.

Афганистанд терроризм үйлдэж байгаа Талибанчуудыг Пакистан улс далдуур дэмжиж байдаг хэмээн Трамп үзэж байгаа юм.

Талибанчууд олон жилийн турш Афганистаны дотоод байдлыг тогтворгүй болгож, аллага хядлага үйлдсээр байгаа.

АНУ-ын засаг захиргааныхнаас хэн нэгнийг Пакистаны эсрэг ийм арга хэмжээ авахыг 16 жилийн турш хүлээж байснаа Акбари хэвлэлд ярьсан байна.

Кабулын засгийн газар ч террористуудыг дэмжиж, нутаг дэвсгэртээ орогнуулдаг хэмээн Исламабадыг буруутгадаг. Харин Пакистаны тал энэ мэдээллийг үргэлж няцаадаг юм.

Трамп Исламабадыг сүүлийн 15 жилийн турш АНУ-аас $33 тэрбумын дэмжлэг авсан хэдий ч террористуудтай хийх тэмцэлд ахиц гаргаагүй, Вашингтоныг хуурч мэхэлсээр ирснийг хэлжээ.

Улмаар тэд Пакистанд өгөх гэж байсан $2 тэрбумын дэмжлэгээ зогсоогоод байгаа юм.

АНУ-ын цэрэг 2001 оноос хойш Афганистанд байрлаж байгаа. Цэргийн тоо хэмжээ нь оргил үедээ 100,000 хүрч байсан бол 2014 оноос Афганий дотоодын зэвсэгт хүчинд энхийг сахиулах үүргээ шилжүүлж, цэргийн тоогоо бууруулснаар одоо 16,000 хүрээд байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

Зураг
13 | 11 | 10 цаг