Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадад дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч бүтээсэн нь амжилттай туршигдаж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хойд Хятадын нэгэн хотод байгуулсан 100 метр өндөр агаар цэвэршүүлэгч цамхагийн туршилт амжилттай болсныг зохион бүтээгчид нь мэдээлжээ.

Цамхагийг Өвөр Монголтой хил залгаа Шаньси мужийн төв Шиань хотод байгуулж, Хятадын Шинжлэх Ухааны Академийн Байгаль Орчны Хүрээлэнгийн эрдэмтэд туршиж байгаа юм байна.

Эрдэмтдийн ахлагч Цао Жүнжигийн мэдээлснээр уг цамхаг хотын 10 км.кв талбайн агаарыг цэвэрлэж, сүүлийн хэдэн сарын хугацаанд 10 сая шоо метр цэвэршүүлсэн агаар ялгаруулжээ.

Шиань хотын агаарын чанар хамгийн муу байх үед тус цамхагийн хамрах орчинд хэвийн үеийнхтэй ижил түвшний бохирдол бүртгэгдэж байсан гэнэ.

Бохир агаарыг сорж авсан цамхаг нарны эрчим хүчээр халаадаг байна. Ингэж халсан агаар цамхагийн дотуур дээш хөөрөхдөө олон давхар шүүлтүүрээр дамждаг ажээ. Эрдэмтэд хотын хэд хэдэн газарт агаарын чанар хэмжигч байрлуулж, туршилтын үр дүнгээ хэмжиж байна. Ингэхэд хамгийн их бохирдолттой үед PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурч байжээ.

Туршилт гуравдугаар сар хүртэл үргэлжилж, үүний дараа бүрэн тайланг гаргах юм байна. Шиань хотын агаар цэвэршүүлэгч цамхаг байгуулах төсөл 2015 онд эхэлж, өнгөрсөн онд дууссан юм.

Цамхаг нь туршилтын жижигрүүлсэн загвар бөгөөд үр дүн амжилттай болбол үүнээс ч томыг Хятадын олон хотуудад байгуулах ажээ. Ийм бүрэн хувилбар нь 500 метр өндөр, 200 метр диаметртэй байхаар төлөвлөгдсөн байна. Энэ нь 30 км.кв талбайг цэвэрлэж чадах буюу жижиг хэмжээний хотыг бүрэн хамрах ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Зураг
13 | 12 | 14 цаг