Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар зургаан ДЭД ТӨВтэй болох уу?

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
 

"Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" хэрэгжсэнээр агаарын бохирдлыг 30-50 бууруулах боломжтой гэсэн тооцоог ажлын хэсгийнхэн гаргажээ. 

Уг төсөл Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2014 оноос эхлэн хэрэгжиж байгаа. Ажлын явцын талаар төслийн зохицуулагч Д.Авирмэдтэй ярилцлаа. 

 Дэд төвүүдэд бизнес эрхлэгчдийн орлогыг 50 хувь хөнгөлнө

- "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийг анх яагаад хэрэгжүүлэх болсон бэ?

- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2040 он хүртэл хөгжүүлэх чиглэлийг баталсан. Хотын төвдөө төвлөрөл их болж байна. Төвлөрлөөс болж агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл үүсэж байгаа.

Тэгэхээр хотын төвтэй адилхан дэд төвүүдийг байгуулбал төвлөрлийг сааруулах боломж бий гэж төлөвлөгөөнд тусгагдсан. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх чиглэлд 8 дэд төв барихаар тусгаснаас манай төслийн хүрээнд зургааг нь байгуулж байгаа.

Хот төлөвлөлтийн хүрээнд хороодыг бүсчлэх юм. Ингээд дэд төвүүдэд инженерийн дэд бүтцийг тавина. Ер нь бол аливаа нэг хотыг байгуулахад газар доорх байгууламж буюу инженерийн байгууламжаа эхэлж барьчихаад дараа нь орон сууцаа барьдаг. 

-Төслийн гол зорилго юу вэ? бас эхний ээлжид хийгдэх ажлуудаас танилцуулаач?

Төсөл нь гэр хорооллын дунд инженерийн шугам сүлжээ, авто зам бүхий дэд төвүүдийг байгуулж, хүн амын суурьшил, амьдрах орчин нөхцлийг сайжруулах үндсэн зорилготой. Хөтөлбөр гурван үе шаттайгаар 9 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Мөн төслийн нэг чухал зорилго нь нэг дэд төв дээр байгаа хүн амыг гурав дахин нягтаршуулахад чиглэж байгаа. Уг дэд төв дээр хүн очиж амьдрах хүсэл зоригийг бий болгох нь чухал.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд дэд төв дээр очиж бизнес эрхэлж байгаа иргэдийн орлогыг 15 жилийн хугацаанд 50 хувь хөнгөлнө гэсэн өөрчлөлт оруулсан. Уг төсөл намрын чуулганаар хэлэлцэгдэх болов уу? Эхний ээлжид бид Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгохоор ажиллаж байна. 

Баянхошуу дэд төвийн нийт талбай нь 162 га бөгөөд СХД-ийн 7, 8, 9, 10, 28-р хорооны нутаг дэвсгэр багтаж байгаа. 

Баянхошуу дэд төвд: 

 
  • Авто зам- 6.57 км
  • Үерийн хамгаалалт-2.4 км
  • Цэвэр усны шугам- 6.71 км
  • Бохир усны шугам- 13.8 км
  • Дулааны шугам- 4.8 км-ийн ажил хийгдэнэ. 
 Баянхошуу, Сэлбэ дэд төвийн  бүтээн байгуулалтын ажил 2019 оны зургаадугаар сард дуусна

Сэлбэ дэд төв нь 156 га талбайг эзэлнэ. Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хороог хамрах юм. 

Сэлбэ дэд төвд:  

 
  • Авто зам- 5.8 км
  • Гүүр-3 (24 м, 30м, 60 м)
  • Үерийн хамгаалалт-2.1 км
  • Үерийн далан-2.3 км
  • Цэвэр усны шугам- 11.9 км
  • Бохир усны шугам- 12.51 км
  • Дулааны шугам-1.3 километр тавигдана. 

Дөрөвдүгээр цахилгаан станц дээр өргөтгөл хийж хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн. Дэд төв тус бүр бизнес инкубатор ба мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, усан сантай байна. 

Бидний тооцоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 2019 оны зургаадугаар сард дуусна.

Сэлбэ дэд төв дээр дулааны станц баригдах эхлэл тавигдсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэдийгээр бид нэг янданг нөгөө яндангаар сольж байгаа боловч 3,600 орчим янданг хураан авч нэг том шүүлтүүртэй янданг бий болгож байгаа. Харин Баянхошуу дэд төвийн хувьд Жайкагийн тусламжаар дөрөвдүгээр цахилгаан станц дээр өргөтгөл хийгээд хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн.

Нийслэлийн хүрээнд гурван мянган төрийн албан хаагч хотын төв рүү ирж ажилладаг гэдэг нь ачааллыг бий болгож байгаа юм. Тэгэхээр бид нийслэлийн шинэ ордонг Сэлбэ дэд төв дээр байгуулбал төвлөрөл багасна. 

 Дэнжийн мянгад махны захтай учраас дэд төвөөр сонгосон

-Төслийн дараагийн шатанд хаана ямар төвүүд баригдах вэ? 

- Бид дэд төвүүдэд дулаан, усан хангамж, ариутгах татуурга гэсэн үндсэн чиглэлээр дэд бүтэц бий болгохоор зорьж байна. Хоёрдугаар шатанд Дэнжийн мянга, Дамбадаржаа, гуравдугаарт Амгалан, Улиастай дэд төвийг барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийгээд ирэхээр өөрчлөгдөх магадлалтай. 

Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүдийн нарийвчилсан зураг төслийг хийх компанийг шалгаруулахаар тендер зарлаад байгаа. Дэнжийн мянгыг махны зах байгаа учраас сонгосон. Үүнийг түшиглээд иргэд амьжиргаагаа залгуулж байна. Энд дэд бүтэц хийгээд бизнес эрхлэх боломжуудыг гаргаж ирэх гэж байгаа. Дамбадаржаагийн хувьд 300-аас 400 жилийн түүхтэй Дамбадаржаалан хийд тухайн бүсэд байдаг. Энэ нь аялал жуулчлалын томоохон газар. 

 Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалтыг ажлыг 2019 оны зургаадугаар сард жигдрүүлнэ. 

Иргэд хувийн орон сууцаа цэвэр, бохир усны шугамд холбуулж болно

-Иргэдийн хувьд төсөлд хэрхэн хамрагдах тухайд?

- Шууд болон шууд бусаар хамрагдаж болно. Хэрэв төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу иргэдийн газар барилгажих газарт хамрагдаж байгаа бол газраа орон сууцаар сольж болно. Төлөвлөгөөнд тусгагдаагүй бол өөрийн хувийн орон сууцаа цэвэр, бохир усны шугамд холбож болох юм.

- Газар болон үл хөдлөх хөрөнгөө хэрхэн үнэлүүлэх вэ?

-Үнэлгээг бие даасан үнэлгээчид сонгон шалгаруулж газар болон эд хөрөнгийн үнэлгээг гаргаж байгаа. Гаргасан эд хөрөнгийн үнэлгээг зөвшилцөх ажлыг нийслэлийн газрын алба хариуцан гүйцэтгэж байна. 

-Гурван үндсэн чиглэлд дэд төвүүдийг хөгжүүлэх юм байна. Усан хангамжийн хувьд хэрхэн анхаарч байна вэ?

 -Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулахын тулд замын хөдөлгөөний удирдлагын төвтэй адилхан системийг нэвтрүүлж суурилуулсан. Ингэснээр усны хэрэглээг хянах боломжтой болж байна. Сэлбэ, Баянхошуу дэд төв дээр 10 мянган м.куб бүхий усан сан байгуулна. Усан сангаас иргэдийг цэвэр усаар хангана. Ирэх хавраас уг ажлын бүтээн байгуулалт хийгдэнэ. 

 Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлнэ

- Гэр хорооллыг хөгжүүлэх чиглэлд өөр ямар ажил хийх вэ? 

-Хотын иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Бид зөвхөн дэд бүтцийг тавиад орхихгүй. Инженерийн дэд бүтцийг бид бий болгох ёстой. Яндан байна гэдэг нь утаа байхын үндэс.

Яндангийн тоог цөөлж, арилгах ёстой. Дундаж орлоготой иргэдийг хэрхэн орон сууцжуулах талаар ажиллаж байгаа. Дэлхий нийтэд орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр гэж байдаг.

Үүнийг Азийн хөгжлийн банк манай төсөл дээр мөн хэрэгжүүлнэ. Ирэх жилээс энэ хөтөлбөр хэрэгжих боломжтой. Уг хөтөлбөр нь эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, эко, нар, салхины эрчим хүчээр ашигладаг орон сууцуудыг бий болгох юм. 

Орон сууцын бодлогыг цогцоор нь хэрэгжүүлэх нь зөв. Ногоон байгууламж, нийгмийн байгууламж зэргийг бүгдийг бий болгохоор зорьж байна. Хотын төв рүү орж ирж ресторан, кино театраар үйлчлүүлэх биш иргэд тухайн амьдарч байгаа газартаа соёлын орчинтой байх учиртай. Орон сууцын бодлого дээр баян ч бай дундаж орлоготой ч бай бүх иргэд амьдарч болохоор холимог орон сууц барихыг чухалчилж байгаа. 

Харин Гадаадын банктай гэрээ байгуулаад иргэдийн амьдрах орчныг сайжруулах бүтээн байгуулалт хийх гэхээр иргэд газраа чөлөөлдөггүй асуудал үүсэж байна. Иргэд өндөр үнэ хэлээд, бидэнд мөнгө өгсөнгүй гэдэг. Үүнийг нийслэл хариуцаж байгаа. Нийслэл өөрийнхөө буюу татвар төлөгчдийн мөнгөөр гаргаж байгаа зардал. Бүтээн байгуулалтыг иргэд дэмжвэл, бидний үр хүүхэд сайхан орчинд амьдарна шүү дээ. Газар чөлөөлөлтийн ажил хийгдэхгүй бол бидний ажил удаашрах талтай.

-Төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарна гэж тооцож байгаа вэ?

- Хотын төвийн ачаалал буурч, эдийн засгийн боломж нээгдэнэ. Хотын шинэ дэд төвүүд бий болсноор дэд бүтцийн сүлжээ өргөжиж, ажлын байр шинээр бий болгоод зогсохгүй, агаар хөрсний бохирдол багасах зэрэг давуу талуудтай.