Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Арго багшийн Төрийн гурван өндөрлөгт илгээсэн ЗАХИДАЛ

А.Намуун, iKon.mn
2017 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Фэйсбүүк, твиттерийг хааж хяналттай үндэсний сүлжээтэй болох, боловсролын шинэчлэл хийж багш нарын цалинг нэмэх боломж, хөдөлмөр эрхлэлт ба ажлын зургаан өдөрт шилжих зэрэг асуудлаар Цахим халдлага ард иргэдийг хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Б.Арго өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад 3 санал дэвшүүлсэн ил захидал илгээсэн. Мэдээж, төрийн 3 том албан тушаалтан маань зав, чөлөө муу байгаа учраас уншиж амжаагүй байх. Тиймээс миний ил захидлын талаар тэдэнд дуулгаж өгөхийг хүсэх гэсэн юм" гэлээ.

Түүний ил захидалд:

"Миний бие Батсүх овогтой Арго нь Боловсролын салбарт тасралтгүй 28 жил ажиллаж, энэ хугацаанд Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Хятад, Итали, Испани, Орос гэсэн 9 хэлний сурах бичгийг бүтээн туурвисан  жирийн нэгэн багш хүн билээ. Гэвч сүүлийн үед, хүнд өвчний улмаас баруун хөлөө тайруулан бие, сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа боловч Монгол Улсын иргэн хүний хувьд та бүхний ажилд тус болох болов уу хэмээн бодож доорх үндсэн 3 саналыг хүргүүлж байна. Үүнд:

1. Фэйсбүүк, Твиттер гэсэн нийгмийн сүлжээ нь сүүлийн үед нийгэмд гүйцэтгэх сөрөг тал нь давамгайлж, үүний улмаас хүүхдүүд хичээл сургуулиасаа хөндийрч, өдөрт олон цагийг гар утастайгаа өнгөрүүлж, бие биеэ цахимаар гадуурхах, гүтгэн доромжлох явдал даамжирч байна. Энэ нь даамжирсаар Үндэсний Аюулгүй байдалд ноцтой нөлөөлөл үүсэж болзошгүйг анхааралдаа авч гадаадын сүлжээг хааж, ОХУ-ын Виконтакт, БНХАУ-ын Wechat, Webao шиг үндэсний нийгмийн сүлжээтэй болох хэрэгтэй гэснийг сануулан хэлэх гэсэн юм. Цахим нь төрийн ажилд нөлөөлөх биш, төр нь цахимаа хяналтад байлгадаг байхыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа биз ээ.

2. Ядуурлын үндсэн гол шалтгаан нь ажлын байр хомсдоо биш хөдөлмөрийн ид насандаа байгаа 18-28 насны залуучууд нь ажил хөдөлмөр эрхлэх биш, сургуульд сурч буй явдал. Энэ нь айл гэрийн санхүүд маш хүндээр тусч байна. Энэ асуудлыг боловсролын салбарт өөрчлөлт хийх замаар засаж, бүх нийтээр 12 жилийн боловсрол олгодог системээсээ татгалзаж, 9 жилийн бүрэн бус дунд боловсрол олгож, сурлага хүмүүжлээрээ шалгарсан 20 хувийг нь 10,11,12 дугаар ахлах ангид нь дэвшүүлэн сургаж, дээд сургуульд уралдаант шалгалтаар элсүүлэн авч, улсын мэдлийн 8 их сургуулийг үнэ төлбөргүй болгож, эдгээр сургуулийн төсөв санхүүг улсаас олгодог системд шилжих шаардлагатай байна.

Ялангуяа, багш нарын цалинг нэмэхийн тулд төрөөс одоо өгч буй төсөв санхүүг нэмэлгүй, дунд сургуулийн сурагчдаас намар, хавар тус бүр 100,000 төгрөгийн хандив, хураамж авах эрхийг дунд сургуулиудад өгвөл төсвөөс нэмэлт зарлага гаргахгүйгээр багшийн цалинг маш яаралтай богино хугацаанд 1,000,000-1,200,000 төгрөг болгох бодит боломж байна. 

3. Төрийн албыг илүү хариуцлагатай сайн ажиллуулахын тулд бүх нийтээр маш яаралтай ажлын 6 өдөрт шилжих саналыг дэвшүүлж байна. Тухайлбал, Газрын алба, Үл хөдлөх хөрөнгийн газар гэх мэт өндөр ачаалалтай газруудын орон тоог 2 дахин нэмж, өдөр шөнийн ээлжээр ажиллуулдаг болгох шаардлагатай байна.

Мөн төрийн албан хаагчид ажлын цагийг ягштал баримталж, эс баримталсан хүмүүсийг ажлаас шууд халж, оронд нь ажил хийх сонирхолтой хүмүүсийг ажилд авах хэрэгтэй байна. Ийнхүү Бямба гарагийг ажлын өдөр болговол хөдөлмөрийн бүтээмж дээшилж, эдийн засагт ямар их үр өгөөж өгч болохыг та бүхэн мэлмий оюундаа болгооно уу.

Дээрх 3 саналыг улс орноо эдийн засгийн хүнд нөхцөлөөс гарахад түлхэц болох үүднээс тавив" гэжээ.

Зураг
13 | 18 | 17 цаг