Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Өндрийн оргилуудад авирахыг хориглохоос илүү ХӨГЖҮҮЛЭХ нь чухал”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 17 уулчин осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өмнө нь манай улсын уулын спортын түүхэнд ийм олон хүний аминд хүрсэн харамсалтай явдал гарч байгаагүй. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд Г.Энхтүвшин, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа зэрэг Засгийн газрын гишүүд өнөөдөр Төрийн ордонд 70 гаруй уулчидтай уулзаж, уулын спортын цаашдын хөгжилд анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтад Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга, МУГТ Б.Гангаамаа, Г.Өсөхбаяр, Б.Цэвээндаш тэргүүтэй уулчид болон 20 гаруй уулын спортын клуб, холбооны удирдлагууд оролцов. Мөн ОБЕГ, Стандартчилал хэмжилзүйн газар, МХЕГ-ын удирдлагууд уулчдын саналыг сонссон юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын уулчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Тулга “Манай холбоо 55 жилийн түүхтэй. Уулын спорт асар өндөр эрсдэл, хариуцлага байдаг. Үүнд хаданд авиралт, мөсөнд авиралт зэрэг спорт авиралтын төрлүүд мөн багтдаг. Спорт авиралтын төрлүүд олимпийн төрөлд багтдаг. Уулчид маань нэн тэргүүнд хамтран ажиллах, үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага гарсан. Хүмүүсээ сургаж бэлтгэх тал дээр бид ажиллах ёстой. Тийм ч учраас манай холбооноос уулын гарын авлагыг хоёр жилийн өмнө гаргасан байгаа. Мөн дэлхийн уулын спортын гарын авлагыг орчуулж байна.

Уулын холбооны асуудлыг ярихад санхүүжилтийн асуудлууд гарч ирдэг. Одоогоор сайн дурын болон татварын санхүүжилт дээр төвлөрч байна. Төр засгаас гаргаж буй тогтоол шийдвэрүүд бодит амьдрал дээр хэр зэрэг хэрэгжих вэ гэдгийг бодож байх хэрэгтэй. Зүгээр л хорьчихоор уулчид хулгайгаар, авиралтын биш улиралд явснаар өөрсдөө эрсдэлд орох нөхцөл бүрддэг. Тиймээс энэ уулзалт төрөөс бүх уулчид дагаж мөрдөх нэгдсэн баримт бичгийг гаргахад чухал ач холбогдолтой гэж бодож байна” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

“Оргил өөд” клубын тэргүүн Х.Алтанхуяг “17 уулчныхаа гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Манай клубын нэг гишүүн тэнд амь эрсэдсэн. Дөнгөж сая хөдөөлүүлчихээд ирж байна. Уулын клубуудын олон төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Манай клуб 2015 онд ОБЕГ-тай санамж бичиг зурж байсан. Галын аюулгүй байдал болоод ууланд явж буй иргэдийг бүртгэлжүүлэх асуудлаар хамтарч ажиллаж байсан. Үүнийг цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллах нь зөв юм байна. Уулын клуб холбоодууд онцгой байдлын комисстойгоо нарийн нягт хамтран ажиллаж байх нь зөв болов уу.

Хоёрдугаарт, өндрийн оргилуудыг хориглохоосоо илүү хөгжүүлэх нь чухал. Учир нь энэ бол аялал жуулчлалтай холбоотой. Алтай таван богд зэрэг 4,000 метрээс дээш оргилууд олон улсад бүртгэлтэй бөгөөд гадаадаас уулчид ирж авирдаг. Тиймээс үүнийг спорт талаас нь харж олон улсын түвшинд хөгжүүлэх хэрэгтэй байна” гэсэн санал илэрхийлэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Ахмад уулчин Ж.Баянцагаан “2014 онд шинэчлэгдсэн Уулын спортын үндэсний холбоонд нэг ч уулчин хүн байгаагүй. Урьд хийж байсан ажлыг үргэлжлүүлээд явах байх гэсэн хүлээлт байсан. Тухайлбал бүртгэлийн асуудал дээр хэчнээн уулчин, ямар клубээс, хэнээр ахлуулж явах талаар нэгдсэн мэдээлэл, бүртгэл байдаг байсан. Үүний цаана спортын цол зэргийг олгох асуудал байдаг.

Саяын авиралтад хэн явсан нь мэдэгдээгүй бөгөөд хоёр дахь өдрөөсөө л нэрийг нь тодруулсан. Хоёрдугаарт, Монгол Улсын уулчид дотор мэргэжлийн уулчин байхгүй. Харин мэргэшсэн уулчид бий. Мэргэжлийн гэдэг нь мэргэжлийн сургалтад сууж боловсрол эзэмшээгүй. Манай улсад угаасаа уулын сургууль байхгүй. ОХУ-д гурван жил сурч байж уулчин болдог.

Холбоонд шинээр орсон улсууд тодорхой ажлууд хийсэн ч дутуу дулимаг байжээ. Уулчдад сургалт сурталчилгаа хийх, захиа даалгавар өгөх тал дээр дутуу байж гэж үзэж байна. Цаашид Засгийн газраас өндөр ууланд авирах талаар бодлого, чиглэл гаргаж, бичиг баримт боловсруулж өгөөч гэсэн саналтай байна.

Уулын спортоор хичээллэж байгаа залуусыг осол авааргүй байлгах хэрэгтэй. Өндөр ууланд авирч байгаа тохиолдолд байгальтайгаа л уралддаг. Гэхдээ ур, чадвар мэдлэгтэй байх ёстой. Ууланд авирч байгаад цаг хугацаа, орон зайгаа үнэлээгүйгээс болж алдаа гаргадаг. Бидний үед хагас цэргийн зохион байгуулалттай байдаг байсан. Дур дураараа явбал нэг мэдэхэд л ангалд амиа алдана. Илэн далангүй хэлэхэд манай залуу уулчид интернэтээс мэдээлэл авчихаад ахмадуудынхаа үгийг үл ойшоох асуудал байгаа шүү” гэв.