Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэний нийгмийн байгууллагуудыг шүүхийн мониторинг хийхийг урьж байна

ikon.mn
2017 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь шүүх эрх мэдлийн шинэтгэлийг дэмжих зорилгоор тодорхой асуудлаар бодлогын дүн шинжилгээ, үнэлгээ, ажиглалт хийх, шүүхийн байгууллагад зохих техник арга зүйн дэмжлэг  зэргээр ажиллаж ирлээ. Шүүх эрх мэдлийн салбарт, шударга ёсыг тогтоох үйл явцад иргэний нийгмийн оролцоо, үүрэг ролийг нэмэгдүүлэх үүднээс шүүхийн мониторинг хийх төрийн бус байгууллага, хууль зүйн клиник төв, судалгааны байгууллага зэрэг иргэний нийгмийн байгууллагуудыг төсөл ирүүлэхийг урьж байна.    

Мониторингийн сэдэв:

Сонирхсон иргэний нийгмийн байгууллага нь дор дурдсан сэдвээс сонгон, эс бөгөөс өндөр ач холбогдолтой, хамааралтай гэж үзсэн сэдвийг шинээр тодорхойлон төсөл ирүүлэх бөгөөд хамрах хүрээний хувьд сонгосон сэдвээс хамааран төслийн цар хүрээг үндэсний хэмжээнд, аль нэг аймаг, дүүргийн шүүх, давж заалдах шатны шүүх, Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл гэх зэрэг байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд гэхчлэн нарийвчлан тодорхойлж болно.  

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд: 

  • Тодорхой төрлийн эрүүгийн хэрэг, иргэн, захиргааны маргаан шийдвэрлэх ажиллагаа
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэгжилт – шүүхийн шатанд
  • Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа – шүүхийн шатанд
  • Шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал

Шүүхийн захиргааны хувьд

  • Шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгооны хараат бус байдал
  • Шүүхийн төсвийн ил тод, хариуцлагатай байдал
  • Шүүгчийн хараат бус, аюулгүй байдлын ажиллагаа
  • Шүүгчийн ёс зүй, сахилга
  • Шүүгчийн мэргэжлийн хариуцлага гэх мэт.

Мониторингийн багт тавигдах шаардлага:

  • МУ-ын хуулийн дагуу хуулийн этгээдийн бүртгэлтэй байх
  • Төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд мониторинг хийсэн туршлагатай байх
  • Төслийн багт хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх гишүүнтэй байх
  • Төсөл ирүүлэх үед төслийн багийн гишүүд шүүхээр шийдүүлж буй хэрэг, маргаан байхгүй байх буюу аливаа сонирхлын зөрчилгүй байх

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Мониторингийн сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төлөвлөгөө бүхий өргөдлийн маягт  (Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn цахим хуудаснаас авна уу)
  • Өмнө хийсэн мониторингийн ажлын жагсаалт
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, товч танилцуулга
  • Мониторингийн багийн гишүүдийн товч намтар, ажил үүргийн хуваарь.

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2017 оны 11 сарын 17-ны Баасан гарагийн 16 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу fellowship@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү.