Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гурван талт хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул эсэргүүцлийн ЖАГСААЛ хийхээр болжээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр тодорхойгүй хугацаагаар завсарлалаа. Энэ талаар өнөөдөр МҮЭХ-ноос мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч X.Амгаланбаатар "Засгийн газрын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үр дүнтэй санал гаргахгүй байгаа учраас бид хэлэлцээрийг хугацаагүйгээр завсарлуулах саналыг тавилаа. 

2017 оны улсын төсвийн тодотголд 55.4 тэрбум төгрөгийг төрийн албанд ажиллагсдын цалин дээр урамшуулал, нөхөн олговор болгож өгөх талаар яригдаж байгаа. Энэ саналыг Засгийн газрын зүгээс тавьсан. 

МҮЭХ үүн дээр санал нэгдээгүй, бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ авах хатуу байр суурийг хэлэлцээрийн үе шатанд тавьсан. 55.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх саналыг мөн бид хэлэлцээрийн эхний өдөр Засгийн газарт тавьсан. 

Энэ асуудлыг Засгийн Газрын хуралдаанаар оруулж хэлэлцэхийг хүссэн. Харамсалтай нь, энэ асуудал тухайн ажилтны сахилга хариуцлага, ажилтны үр дүн гээд хэд хэдэн шалгууруудыг давж байж олгох урамшуулал байдлаар яригдсан учраас МҮЭХ саналыг хүлээж авах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Мөн 2018 оны төслийн хүрээнд ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой санал Засгийн газраас оруулж ирээгүй учраас өчигдөр хэлэлцээрийг албан ёсоор завсарлуулсан. 

Тиймээс МҮЭ-ийн холбооноос энэ сарын 31-ний Мягмар гарагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон.

Засгийн газрын зүгээс хэлэлцээрийн хүрээнд цалин нэмэгдүүлэх тодорхой санал дахин гаргаагүй тохиолдолд Үйлдвэрчний эвлэлүүд тэмцлээ үргэлжлүүлж хуулийн хүрээнд ажил хаях нөхцөл байдал үүслээ" гэв.

Мөн тэрбээр Засгийн газар цалин хөлсийг нэмэх санал гаргасан тохиолдолд гурван талт хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэдгийг дурдлаа.

Бодит бус мэдээллийг тодорхой зорилготой хүмүүс тарааж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "МҮЭХ-ноос жил бүр зохион байгуулдаг их хурал 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд  болно. Энэхүү их хурлыг угтсан гүтгэлгийн шинжтэй бодит бус мэдээллийг сарын өмнөөс тодорхой зорилготой хэсэг бүлэг хүмүүс тарааж байгаа. МҮЭХ энэ чиглэлээр нэг удаа албан ёсны хэвлэлийн хурал хийсэн.

Энэ асуудал руу хэт орох шаардлагагүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ тарааж байгаа мэдээлэл бодит бус. Энэ бол гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байгаа учраас бид цалин хөлсийг нэмэгдүүлэх хэлэлцээрийн үйл ажиллагаандаа илүү анхаарал хандуулж байна. Пэйж хуудсуудыг зориудаар нээж, бодит бус мэдээллүүдийг тарааж байгаа. Засгийн газрыг МҮЭХ дарамталж элдэв мөнгө төгрөг авах эрх зүйн орчин байхгүй.

Ийм зүйлд итгэхэд бүр ч хэцүү. МҮЭХ-ны тэмцлийн үйл ажиллагааг саармагжуулах, удирдлагуудыг бодит бус мэдээллээр харлуулах зүйл хийгдэж байна. Үүний цаана тодорхой улс төрийн хүчин, хувь хүний оролцоо байна гэдэг нь өдрөөс өдөрт ил болж байгаа. МҮЭХ бол хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Өмч хөрөнгөтэй холбоотой тодорхой шийдвэрийг хамтын шийдвэрээр гаргадаг.

Цаашид МҮЭХ-ны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиалгаар бодит бус мэдээлэл гаргах гэж байгаа нь ил болсон. Тиймээс МҮЭХ-ны үйл ажиллагаа, их хурлын шийдвэр ямарваа нэгэн хуулийн этгээд, улс төрийн хүчнээс хараат бус ангид байх ёстой. Ер нь МҮЭХ-ны хурал болох үеэр ийм гүтгэлэг тараадаг. Үүнийг бид хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа" гэлээ.