Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

МАН Бага хурлынхаа мэдээллийг албан ёсоор өгсөнгүй

Ч.Зотол, Зууны мэдээ
2017 оны 9 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Шөнөжин хуралдсан гишүүдийн зарим нь ноцтой асуудал ярьсан байж болзошгүй-

МАН-ын Бага хурал өчигдөр үүрээр өндөрлөв. Ер нь эхнээсээ сунжруу хурал болох дүр зурагтай байсан. Учир нь уржигдар 11:00 цагт хурлаа товлосон атлаа 13.00 цагт эхлүүлсэн.

Удирдах зөвлөл нь хуралдаж хэлэлцэх асуудлаа эцэслэнэ хэмээн уясан нь тэр. Тэр хурал нь саяхан ажлаа өгөөд буй НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн өрөөнд буюу Тусгаар тогтнолын ордны есөн давхарт болж, гишүүд, нааш цааш гүйлдсээр цаг авсан талтай. Бас багагүй хэл ам дагуулсан.

Тодруулбал, Удирдах зөвлөлийнхөн Ц.Сандуйгийн өрөөнд хуралдсаныг Бага хурлын төлөөлөгчдөд мөнгөөр нөлөөлөх гэж байна уу, санхүүгээр санал ойртуулах арга сэдээд байна уу гэх хардлагыг намынх нь гишүүд хэлж, жиг, жуг гэцгээсээр 12:30 цагийн үед шатан дээр хэсэгтээ бужигнаад авсан.

Бага хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх Ёс зүйн хорооноос хийсэн дүгнэлт, хариуцлагын асуудал, намын Их хуралд төлөөлөгч сонгох журам, шинэ Ерөнхий сайдын асуудал гэхчлэн дөрвөн асуудал хэлэлцэж, 47 гишүүн үг хэлсэн. Чээжиндээ хадгалж явсан хамаг юмаа гаргаж тавьсан гишүүдийн үг шөнө дунд хүргэж байж арай гэж нэг юм дууссан гэлцэж байгаа юм. Тэр нь арга ч үгүй байх.

2016 оны сонгуулиас хойш МАН-ын Удирдах зөвлөлийн хорин хэдэн хүн л цуглаж ярьж ирснээс биш 200, 300-гаараа цуглаж хуралдсан удаа үгүй. Иймд УИХ-ын гишүүд ч үгээ хэлж, сонгогдож чадаагүй ч намдаа нэр, нөлөө бүхий Бага хурлын гишүүд нь ч байр сууриа илэрхийлсэн байна. Тэгвэл Ж.Эрдэнэбатын танхимын гишүүд, өдгөө сайдын үүрэг гүйцэтгэгч нар засгаа хамгаалж илэрхий шарлахсан үгсийг хэлжээ. Түүнийх нь хариуд Бага хурлын нэг биш гишүүн тэднийг шүүмжилж, намын нэр хүнд унагасан, мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй гэхчлэн буруутгасан байна.

Зарим нь бие биеэ үгээр дайрч, зодолдохоос наагуур ихээхэн ширүүн байжээ. Тухайлбал Тусгаар тогтнолын ордны ресторанд Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нар хоорондоо хатуу үгээр толхилцсон. Эцэст нь Л.Элдэв-Очир гишүүн хурлын танхимд орж ирээд Бага хурлын төлөөлөгчдөд хандан “Намайг гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ гэж дарамталлаа. Миний гэр бүл, үр хүүхдэд муу юм тохиолдвол эзэн нь тодорхой шүү” хэмээн мэдэгдсэн.

Үүнээс үзвэл тэдний хооронд маш ноцтой асуудал байгаа нь харагдаж байна. Энэ тухай мэдээлэл өчигдөр цахим ертөнцөд цацагдсан. Харин Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн "Сүртэй зүйл болоогүй, эр улсын хоорондын асуудал" хэмээн тайлбарласан.

Энэ бүхний эцэст өчигдөр өглөө 5:00 цагт МАН-ын Бага хурлын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж эцэслэн баталжээ. Бага хуралд 294 гишүүн оролцсон. Саналыг нууцаар хураахад У.Хүрэлсүх 188 хүн буюу 63.9 хувь, Н.Энхболд таван хүн буюу 1.7 хувь. Ө.Энхтүвшин 101 хүн буюу 34.4 хувийн санал авчээ.

Тооллогын комиссоос “Олонхын санал авсан У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлсүгэй" гэсэн шийдвэрийг гаргаснаа танилцуулснаар МАН-ынхан Бага хурлаа өндөрлүүлсэн. Залгуулаад ялсан, ялагдсан бүгд 100 грамм татаж, баяр тэмдэглэх ёслолын ажилд шилжсэн сурагтай. Ийнхүү өчигдөр өглөөний 6:00 цагт Тусгаар тогтнолын ордноосоо тал тал тийш тарсан МАН-ынхан эргэж цугласангүй. Бага хурлынхаа шийдвэрийг ч албан ёсоор өгөлгүй өчигдрийг амралтын байдалтай өнгөрүүлэв. 

Зураг