Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

20,000 эмч цалингаа нэмүүлэхийг ШААРДАЖ ЭХЭЛЛЭЭ

Б.Мичидмаа, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг

 Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж албан ёсны тэмцлээ эхлүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


 "Эрүүл мэндийн салбарын ажилчид арав хүртэлх жил суралцаж ажилласны эцэст 520,000-620,000 төгрөг цалин авч байна. Цалингаасаа нийгмийн даатгал, татвар, цалингийн зээлээ төлөөд үлдсэн мөнгө нь талхныхаа мөнгөнд ч хүрэхгүй байна. 

Жишээ нь: Түргэн тусламжийн жолооч 320,000 төгрөгийн цалин авдаг. Ажил хийх үед нохойд хазуулна, зодуулж, цохиулна,зарим иргэд дуудлага өгсөн ч хаалгаа тайлахгүй байх гээд олон асуудал гардаг.

Бидний хөдөлмөрийг зөв үнэлж эмч, мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж байна"  гэж Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга Г.Наранжаргал хэллээ.

"Бид 2019 он хүртэл бүсээ чангалж чадахгүй" 
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга их эмч Х.Ариунаа "2018 оны төсөвт цалинг 50-иас доошгүй хувиар нэмж өгөх шаардлагыг өнөөдөр албан ёсоор 20,000 гаруй эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын гарын үсгийн хамтаар Засгийн Газар, УИХ, ЭМЯ, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн сайдад хүргүүлж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчид туйлдаа хүрч байна.  

Хэрвээ эрүүл мэндийн байгууллагын ажилчид нэг цаг ажил хаялт зарлавал ямар дүр зураг бий болох вэ? Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Бид ажлаа цалгардуулахгүй өдөр бүр ажлын стресс, дээд албан тушаалтны дарамт, стандарт бус ажлын байр гээд олон асуудал дунд ажиллаж байна" гэв. 

 "Нэг эмч, сувилагч хоёроос гурван хүний ажлыг хавсарч хийж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Хорооны дарга Б.Мягмар "2017 онд Монголын ЭМАҮЭХ-оос бүтэц орон тооны судалгаа хийсэн. Гэтэл байх ёстой хэмжээнээс 10-55 хувиар дутагдалтай буюу нэг эмч, сувилагч хоёроос гурван хүний ажлыг хавсарч хийж байна гэсэн дүгнэлт гарсан" гэж онцолж хэлэв. 

 Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн хороо эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэх хүртэл хуулийн хүрээнд бүх үйл ажиллагааг хийнэ гэдгээ мэдэгдлээ.