Аялал дурсамж үлдээж, зураг түүх өгүүлдэг гэдэг...
Тэгвэл ikon.mn сайт энэ удаад дурсамжийн эрэлд гарсан гэр бүлийнхнийг танилцуулж байна.
А.Эсмэдэхийн гэр бүл жил бүр эх орныхоо аль нэгэн газрыг сонгон аялалд гардаг.
Энэ жилийн аялал урьд урьдынхаас ондоо. Учир юу гэвэл амралт зугаалгын зуны сар биш, ажил амьдрал буцалж байдаг идэр есийн хүйтнээр ийнхүү Хөвсгөлийг зорьжээ.
Уйтгартай бүүдгэр, утаатай хотоор л өвлийн өнгийг төсөөлдөг байсан үзэл бодол минь өөрчлөгдөж, Монгол орны өвөл үлгэрийн мэт гайхалтайг мэдэж авсан шиг тийм гүн сэтгэгдэл тэдэнд ч мөн төрсөн байх.
Ийнхүү Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын Жарганат голын эрэг дээрээс аялагч гэр бүлийн төлөөлөл, өрхийн тэргүүн А.Эсмэдэхтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Аян замдаа сайн явцгааж байна уу. Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат хүн. 1999 оноос хойш өдийг хүртэл аймагтаа аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байна.
Анх морин аяллын хөтчөөс ажлын гараагаа эхэлж, сүүлд аяллын хөтөч болсон. 2016 оноос жуулчны баазаа үүсгэн байгуулаад найм дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
-Гэр бүлийнхэнтэйгээ өвөл аялж байгаа нь сонирхол татлаа. Ер нь хүмүүсийг анзаарахад зориод аялахыг боддог болохоос биш зориглоод гардаг нь цөөхөн байх.
-Манай гэр бүл жил бүрийн зун урин дулааны цагаар аялах сонирхолтой байдаг. Гэхдээ өвлийн аялал өвөрмөц, өвлийн байгаль өөр ертөнц учраас ийнхүү шинэ аяллаа төлөвлөсөн.
Энэ аялал хүүхдүүдэд маань шинэ мэдрэмжийг өгөх байх.
Цаатнуудын ахуй соёл, амьдралын хэв маягтай танилцуулж ойлгуулах ёстой. Үүний зэрэгцээ цаг агаар өдөрт -20 градус түүнээс дээш хүрнэ. Хамгийн дээд тал нь -50 хэм хүртэл хүйтэрч байгаа шүү дээ.
Өвлийн давтагдашгүй сайхан зураглалыг хүүхдүүддээ харуулъя гэж бодсон.
-Хөвсгөлийг зорих гадаад, дотоодын жуулчдын хөл хөдөлгөөн ихэссэн нь ажиглагдлаа. Аялал жуулчлалыг зөвхөн зуны улирал гэж харах өнцөг өөрчлөгдөж байна, тийм үү?
-Хөвсгөлийн хоймор нутаг Дархадын хотгорт өвлийн үзэсгэлэн бүрджээ. Үүнийг үзэхээр гадаад, дотоодын олон аялагч зорин ирж байна.
Өвлийн сайхан дүр зургийг өөрсдөө нүдээр үзэж, цаатан түмний ахуй амьдралтай танилцах нь гол зорилго. Заавал зун гэлтгүй, жилийн дөрвөн улиралд байгалийн сайхныг мэдрэх боломжтой.
Дархад нутгийнхан өөрсдийн уламжлалт хэв маягаараа үхэр шар тэргээ хөллөөд шарынхаа нуруунд ачаагаа ачиж, нүүдэллэж Хорьдол Сарьдгийн нуруугаа давж жилийн дөрвөн улиралд нүүдэг ард түмэн.
Энэ уламжлалт хэв маяг нь жуулчдыг татах бас нэгэн сонирхолтой агшин.
-Та жуулчны хөтчөөр 26 жил ажиллажээ. Сүүлийн жилүүдэд аль орны иргэд Монголыг илүүтэй сонирхож, зорин ирж байна вэ?
-Солонгос жуулчдын урсгал нэмэгдэж байгаа.
Түүнчлэн Зүүн өмнөд Азийн орнуудаас Тайланд, Сингапур, Хонконг зэрэг цас мөс байдаггүй, цаа буга хараагүй орны иргэд Монголын өвлийн өнгө төрх, Дархадын хотгорын үзэсгэлэнт өвөрмөц тогтоц, цас мөсийг харах гэж их ирдэг болсон.
Ер нь аялал хол юм шиг санагддаг. Гэхдээ зам харилцаа хөгжсөн өнөө цагт дурсамж бүтээх аялал хол биш.
Манай Хөвсгөл далай мөсөн хучлагаа хучаад хөлдөөд ирэхээр ямар үзэсгэлэнтэй гэж санана.
-Ярилцсанд баярлалаа.