Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.

#UNLOCK 95: COVID-19 халдварын талаар /тусгай дугаар/

Зураг

Монгол Улсын хүн амын дунд буюу дотоодод коронавирусийн халдвар тархсаны улмаас нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хот хоёр дахь удаагаа хөл хорионд байна.

Үүнтэй холбоотойгоор коронавируст халдварын талаарх зарим мэдээллийг өгүүлсэн Unlock подкастын “COVID-19” тусгай дугаараас хүргэж байна.

Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн COVID-19 халдвар нь 2020 оны нэгдүгээр сард анх БНХАУ-д бүртгэгдсэнээс хойш өдгөө дэлхийн 80 сая орчим хүнийг өвчлүүлээд байна. 

Энэхүү өвчин нь 1918 оноос хойш дэлхий дээр гарсан хамгийн том цар тахал болон тэмдэглэгдэж байна.

Харин Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,082 болсон. Үүнээс 711 нь эдгэрээд байгаа бол 362 хүн эмчилгээнд байна.

COVID-19-ийн талаарх ташаа ойлголтууд

  1. Коронавирус хүйтэнд тэсвэргүй (коронавирус хүйтэнд тэсвэртэй)
  2. Амьтнаас гаралтай учир гэрийн тэжээвэр амьтнаас халддаг. (одоохондоо гэрийн тэжээвэр амьтнаас хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хүнээс амьтанд халдсан тохиолдол хэд, хэд бүртгэгдээд байна)
  3. Аливаа гадаргуугаас шууд вирус дамжин халдварлана (коронавирус гадаргуу дээр амьдарч чаддаг нь үнэн ч бохир зүйлд хүрсэн бол гараа угааж халдваргүйжүүлж халдвараас сэргийлэх боломж бий)
  4. Уламжлалт аргаар коронавирусийг эдгээж байна (Уламжлалт аргаар бид биеийн эсэргүүцэл буюу дархлаагаа сайн дэмжиж өгч байгаа болохоос халдварыг уламжлалт аргуудаар эмчлээгүй)

Коронавирусийн эсрэг вакцины талаар товчхон

Дэлхий дахинд 3-4 үр дүнтэй нь батлагдсан вакцин гараад байгаа бөгөөд дэлхийн зарим улсууд  хүн амынхаа дунд дархлаажуулалтыг хийгээд эхэлснийг дуулгахад таатай байна.

Тухайлбал, Өмнөд Солонгосын засгийн газар Pfizer, Johnson & Johnson компаниудаас 16 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин худалдаж авах гэрээ байгуулснаа зарласан бол ОХУ болон Их Британи, АНУ,  Израйль зэрэг улсууд хүн амын дунд дархлаажуулалтаа аль хэдийн эхлүүлээд байна.

Харин манай улсын хувьд, KOBAKC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэх вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр ярилцаад байгаа билээ. 

Мөн Засгийн газраас Ковид-19 цар тахлын эсрэг вакцин худалдан авах чиглэлээр яриа хэлэлцээ хийж байгаа Ажлын хэсгийн төлөвлөгөөг батлав. Вакцинд хамрагдах хүний тоо, хамруулах үе шат, хугацаа, дайчлагдан ажиллах эрүүл мэнд болон бусад байгууллагын хүний нөөц, дотоодод тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэл, хүйтэн хэлхээний аюулгүй байдал, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэргийг төлөвлөгөөнд нарийвчлан тусгажээ.

Хөл хорио үр дүнтэй юу?

Энэ хөл хорио нь өвчнийг тархахаас сэргийлж чадах нөлөөтэй аж.

Тодруулбал, дэлхийн худалдааны байгууллагын гишүүн 32 оронд коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээний талаар судалгаа хийжээ.

Судалгаагаар, аль болох эрт карантилж, улс даяар олон хүний бөөгнөрлөөс сэргийлж түр хугацаанд хатуу дэглэм мөрдүүлсэн улс нь хүн амын дунд тархах тоо болон эндэгдлийг багасгасан гэсэн үр дүн гарсан байна.

Хөл хорионы эдийн засагт үзүүлэх хор хөнөөл

2020 оны эхний зургаан сарын эдийн засгийн үзүүлэлт дээр үндэслэж, 45 улсад судалгаа хийхэд хатуу хөл хорио тогтоосноор заавал эдийн засгийн өсөлт саарна гэсэн зүйл байхгүй. 

Харин ч зарим тохиолдолд хатуу хөл хорио тогтоож чадсанаар эдийн засгийн өсөлт гарах эсвэл эдийн засгийн хохирол бага амсах явдал гарч болно гэж зарим судлаачид үзжээ.

Сайн жишээ:

Тухайлбал, БНХАУ-д анх коронавирус тархаж, хатуу хөл хориог улс даяараа мөрдөж байсан үе саяхан. Гэхдээ энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн үзүүлэлтээр өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өндөр байсан.

Энэ нь Хятадын эдийн засгийн өсөлт коронавирусийн хөл хорионоос болж буурсан гэхээс илүү халдварын тархалтыг богино хугацаанд цомхтгон дарж чадсанаар бусад улсаас илүү өсөх маягтай болж байгаа нь харагдаж байна.

Тус улс түргэн хугацаанд бодит байдалтай дасан зохицож, технологийн шинэчлэл, дижиталчлал руу амжилттай шилжиж ажлын үр бүтээлээ улам сайжруулахаа олж харж чадсан учраас энэ хүнд цаг үед эдийн засгаа дэмжиж чадсан гэж судлаачид үзэж байгаа аж.

Муу жишээ:

Грек улсад 2020 оны хоёрдугаар сарын сүүлээр халдварын эхний тохиолдол бүртгэгдэхэд л хөл хорио тогтоож байжээ. Сүүлд арваннэгдүгээр сард цар тахлын хоёр дахь давлагаа тус улсад дэгдэж хөл хориог дахин тогтооход хүрсэн байна.

Грекэд анх халдвар бүртгэгдэхэд л эдийн засгаа дэмжиж, иргэддээ анхаарал тавих үүднээс маш олон ААН-үүдэд төрөөс татаас өгөөд, оронд нь иргэдийг ажлаас нь халж болохгүй гэсэн нөхцөл тавьжээ.

Энэ шийдвэр нь сайн хэрэг боловч иргэдийнх нь ажиллах цаг маш их багассан байна. Өөрөөр хэлбэл, улсаас өгч байгаа мөнгийг хэвийн хэмжээнд авсан хэдий ч бага цагаар ажиллах болсон нь эргээд эдийн засаг, нийгмийн асуудалд сөргөөр нөлөөлжээ.

Үүнээс судлаачид, хүмүүст аль болох бэлэнчлэх сэтгэлгээ суулгаад хэрэггүй, түүний оронд хэрхэн зөв бөгөөд үр дүнтэй ажиллаж болох гарцыг судалж, хөдөлмөр эрхлэгчдээ шинэ ур чадвар суулгах нь чухал байсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Цар тахалтай холбоотой өөр сонирхолтой судалгаа, мэдээлэл болон хөл хорионы үеэр цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар зөвлөгөөг Unlock подкастаас илүү дэлгэрэнгүй сонсох боломжтой.

Unlock подкастын “COVID-19” тусгай дугаарыг шууд сонсох: