Зураг
Зураг
Индэр    
2020 оны 10 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Тусгай хэрэгцээт хүүхэд жирийн ангид суралцахаар ороход хамгийн түрүүнд эцэг, эхчүүд ялгаварлан гадуурхдаг

Зураг
Source: https://www.dw.com/

“Тусгай хэрэгцээт сурагчдадаа “Би бусадтай л адил жирийн хүүхэд” гэх ойлголтыг төрүүлэхийг хичээж байна. Тиймээс хичээлээ сайн хий, онц сур гэдэггүй. Учир нь хүүхдүүд найзуудтай болж, нийгмийн харилцаанд орж байх ёстой. Тэр л хамгийн чухал” хэмээн нийслэлийн 67 дугаар сургуулийн Сургалтын менежер Б.Түвшинчимэг ярив. 



Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын энгийн сургуульд тэгш хамруулан сургах журам 2019-2020 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн. Уг журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тодруулахаар нийслэлийн 67 дугаар сургуулийг зорилоо. 

Тус сургуулийн Японы Хүүхдийн ивээх сангийн төсөлд хамрагдаж, сургууль дээрээ Хүүхэд хөгжлийн төвийг байгуулсан юм. Ачаалал их ч гэлээ анги танхимаа шинээр зохион байгуулан Хүүхэд хөгжлийн төвөө тохижуулж, тохируулгат орчноо бүрдүүлжээ. 

 
Нийслэлийн 67 дугаар сургуулийн Сургалтын менежер Б.Түвшинчимэг

Сургалтын менежер Б.Түвшинчимэг “Манай сургуульд тусгай хэрэгцээт хоёр хүүхэд суралцаж байгаа. Тэд маань тогтмол эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул өглөө хичээлдээ ирж 1-2 цаг суралцаад ,эмчилгээндээ явж, үдээс хойшдоо Хүүхэд хөгжлийн танхимдаа ганцаарчилсан сургалтад хамрагддаг” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “Тусгай хэрэгцээт сурагчдаа “Би бусадтай л адил жирийн хүүхэд” гэх ойлголтыг төрүүлэхийг хичээж байна. Тиймээс хичээлээ сайн хийх ёстой, заавал онц сур гэдэггүй. Учир нь хүүхдүүд найзуудтай болж, нийгмийн харилцаанд орж байх ёстой. Тэр л хамгийн чухал. Бусад сурагчдаа харахад тусгай хэрэгцээт найзуудаа үргэлж тусалж дэмжин, хамтдаа хичээлээ хийдэг” хэмээв.

Мөн хүүхэд хөгжлийн төвдөө эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгч, сургалтын хэрэглэгдэхүүнээр гэртээ ажиллуулж, ямар үр дүн гарч байгаа талаар зөвлөлддөг байна. Ингэснээр хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан сургалтын арга барилаа боловсруулахад чухал байдаг аж.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн тооцоолсноор Монголд хөгжлийн бэрхшээлтэй 32 мянга орчим хүүхэд байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу боловсролын тусгай хэрэгцээт, 0-18 насны 11,606 хүүхэд байгааг БШУЯ-наас мэдээлэв.

Тэдний 61.4 хувь буюу 7,129 нь 2019-2020 оны хичээлийн жилд  цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамрагдсан гэлээ. 

Боловсрол, шинжлэх ухаан спортын яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг “Олон улсын чиг хандлага бол тусгай хэрэгцээт хүүхдийг ердийн сургуульд сургах. Үүний дагуу манай улс эрх зүйн баримт бичгээ боловсруулж,  хэрэгжүүлж байна. Сургуульд тэгш хамруулан сургах баримт бичиг гаргаж, өмнөх жилээс мөрдөж эхэлсэн. Харин одоогоор цэцэрлэгт тэгш хамруулан сургах журмыг боловсруулж байгаа.

Нэг зүйлийг тодруулж хэлэхэд эрх зүйн баримт бичиг гараагүй байсан ч олон улсын чиг хандлагынхаа дагуу манай улс тусгай хэрэгцээт хүүхдүүдээ ердийн сургууль, цэцэрлэгт хамруулсаар ирсэн” гэв. Тухайлбал, 2019-2020 оны хичээлийн жилд ердийн цэцэрлэгт 897 хүүхэд, тусгай цэцэрлэгт 179 хүүхэд суралцжээ. Энэ нь тусгай цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдээс тав дахин их хүүхэд ердийн цэцэрлэгт хүмүүжиж байна. Уг хичээлийн жилд тусгай сургуульд 1,751, ердийн сургуульд 4,302 сурагч суралцсан нь тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ердийн сургуульд сургах үйл явц үргэлжилсээр буйн илрэл болж байгааг албаны хүн тодотголоо. 

Харин "НҮБ-ийн Хүүхдийн сангийн тооцоолсноор Монголд хөгжлийн бэрхшээлтэй 32 мянга орчим хүүхэд байна. Тэднээс 8,878 нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж, үлдсэн 23,122 хүүхэд нь боловсролын үйлчилгээний гадна орхигдсон гэж дүгнэж болохоор байна" хэмээн 2019 онд нэгтгэгдсэн "Иргэний нийгмийн тодруулагч тайлан"-д дурджээ.

Хүүхэд хөгжлийн жишиг төвийг найман аймагт байгуулна

 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдийг жирийн сургуульд сургахад тохируулгат орчинг бүрдүүлэх, багшийг арга зүйгээр дэмжих болон давтан бэлтгэх, орчноо бэлтгэх нь хамгийн чухал болоод байна. 

Үүнд дэд бүтэц талаас сургуулийн орц гарц, ариун цэврийн өрөө, дотоод зохион байгуулалт чухал бол сургалтын тусгай хэрэглэгдэхүүн ч шаардлагатай байгаа тул ирэх дөрвөн жилийн хугацаанд салбарын яам уг асуудалд анхаарч ажиллахаар нарийвчилсан төлөвлөгөөг гаргажээ. Түүнчлэн энэ онд багтаж найман аймагт хүүхэд хөгжлийн жишиг төвийг Дэлхийн банкнаас санхүүжилтээр байгуулахаар болсон аж. 

Мөн Тэгш хамруулан сургах журамд сургууль бүрд хүүхэд хөгжлийн танхим байгуулахаар заасан. “Энд боловсролын тусгай хэрэгцээг хангахуйц эдлэл хэрэглэгдэхүүнтэй орчныг бүрдүүлж, багш нарыг хамтран ажиллах нөхцөлөөр хангана. Үүний дээр боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдэд багш ганцаарчилсан сургалт орж, эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгдөг байх юм. Танхимыг шат дараатайгаар сургуулиудад байгуулна” хэмээн БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг хэллээ. 

Тусгай хэрэгцээт хүүхдийг зөвхөн тусгай сургууль, цэцэрлэгт сургах ёстой гэх байр суурьтай хүмүүс байсаар байна

Тэгш хамруулан сургах журам хэрэгжиж эхэлсний дараагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбооноос мэдээлэл хийж, журмыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай Дэмжих зөвлөл байгуулах явц хангалтгүй байгаа талаар шүүмжилж байв. Тухайн үе буюу 2019 оны есдүгээр сарын байдлаар Хөвсгөл аймаг, Баянгол дүүрэгт энэхүү зөвлөл байгуулагдсан гэж байв. 

Тэгвэл уг зөвлөл одоогоор хэдэн газарт байгуулагдсан талаар БШУЯ-наас тодруулахад “Дэмжих зөвлөл байгуулах ажил үргэлжилсээр байгаа. Уг зөвлөл байгуулагдсан газруудад тэгш хамруулан сургах үйл явц илүү үр дүнтэй хэрэгжиж байгаа. Тухайлбал, Ховд аймаг, Сонгинохайрхан дүүрэгт амжилттай байна” гэлээ. 

Түүнчлэн ердийн сургуульд тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нарт үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл олгохоор болсон. Энэ шийдвэр 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. 

Олон улсын жишгээ дагаж, хүүхэд бүрийн суралцах эрхийн хүндэтгэн тэгш хамруулан сургах бодлого баримталж буй нь боловсролын салбар дахь нэгэн дэвшил. Гэвч ажилдаа хойрго ханддаг, тусгай хэрэгцээт хүүхдийг зөвхөн тусгай сургууль, цэцэрлэгт сургах ёстой гэх байр суурьтай хүмүүс ч байсаар байна. Иймд БШУЯ-наас тусгай хэрэгцээт боловсролын арга зүй, сайн туршлагаасаа хуваалцахаар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

ХБХЭЭХ-ны Боловсролын мэргэжилтэн С.Батмягмар "Олон улсад ажиглагдсан туршлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг ангид суралцсан жирийн хүүхдэд эцэг, эх болон багшийн тэр бүр зааж чаддаггүй хүнлэг зан, тусархаг байдал, өгөөмөр сэтгэл төлөвшсөн байдаг. Мөн амьдралын олон өнгийг мэдэж авч, өөрт байгаадаа сэтгэл хангалуун болох ч бий" хэмээн нэгэн хэвлэлийн хурлын үеэр хэлж байв.

Иймд уг журмыг хэрэгжилтийг эрчимжүүлж, тусгай хэрэгцээт гэж тусгаарлан үзэлгүй, тэгш хамруулан сургах шаардлагатай. Ингэхэд эцэг, эхчүүд хандлагаа өөрчлөх, хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулах нь чухал юм. Учир нь тусгай хэрэгцээт хүүхэд жирийн хүүхдүүдтэй нэг ангид суралцахаар ороход ялгаварлан гадуурхах хандлага эцэг, эхчүүдээс ирдэг аж.

Зарим эцэг, эх "Тэр хүүхэдтэй битгий найзлаарай, хол байгаарай" гэх мэтээр санаатай болон санамсаргүй байдлаар хүүхдэдээ бусдыг ялгаварлан гадуурхах үзэл төлөвшүүлэх магадлалтай байгаа юм. 

Тодруулбал, Монгол дахь Хүүхдийг ивээх сангийн захиалгаар Хараат бус судалгааны хүрээлэнгийн хийсэн "Монгол Улсын хүүхэд бүрийн боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь" судалгааны хүрээнд тэгш хамруулан сургахад учирч буй гол бэрхшээлийн талаар тодруулахад хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдийн эцэг, эхийн сөрөг хандлага хэмээн судалгаанд оролцогчдын 62.9 хувь нь хариулжээ.