Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургахад Дэмжлэгийн зөвлөлийг байгуулах шаардлагатай"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд сургахаар болсон билээ.

Энэхүү тушаалаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам"-ыг баталж, энэ хичээлийн жилээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм. Тэгвэл уг тушаал бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж буй талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийв.

Тус холбооны төлөөлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах эрх зүйн бичиг баримтуудыг батлан гаргасанд талархалтай хандаж байгаагаа мэдээллийн эхэнд цохон тэмдэглэлээ.

Харин хэрэгжилтийн тухайд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн холбооны гишүүн н.Будханд "Батлагдсан эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдарч буй бүсэд Дэмжлэгийн зөвлөлийг байгуулах ёстой. Бидэнд буй мэдээллээр Хөвсгөл аймаг, Баянгол дүүрэгт энэхүү зөвлөл байгуулагджээ. Бусад газраас тодорхой мэдээ ирээгүй.

Журмын хэрэгжилтийг хангахад Дэмжлэгийн зөвлөл ихээхэн үүрэгтэй бөгөөд тухайн хүүхэд суралцах ЕБС-д Дэмжлэгийн баг байгуулж, тохируулгат орчинг бүрдүүлэх учиртай. 

Гэтэл дэмжлэгийн баг байгуулагдсан нь тодорхой биш байгаагаас хүүхдүүд үр ашиг хүртэхгүй байх магадлалтай. Тиймээс Дэмжлэгийн зөвлөлийг байгуулах шаардлагатай байна" гэлээ. 

Мөн тохируулгат орчныг бүрдүүлэх болон тусгай мэргэжлийн ба туслах багш ажиллуулах санхүүжилтийг шийдэх нэн шаардлагатайг холбооныхон тодотгож байв.

2019 оны зургаадугаар сард ХБХЭЭХ-ноос хийсэн судалгаагаар 6-18 насны 1,685 хүүхэд сургуульд хамрагдаж чадаагүй аж.

ХБХЭЭХ-ны Боловсролын мэргэжилтэн С.Батмягмар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд жирийн хүүхдүүдтэй нэг ангид суралцахаар ороход ялгаварлан гадуурхах хандлага хамгийн түрүүнд эцэг, эхчүүдээс ирдэг. Тэр хүүхэдтэй битгий найзлаарай, хол байгаарай гэх мэтээр санаатай болон санамсаргүй байдлаар хүүхдэдээ бусдыг ялгаварлан гадуурхах үзэл төлөвшүүлж байгаа. 

Олон улсад ажиглагдсан туршлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг ангид суралцсан жирийн хүүхдэд эцэг, эх болон багшийн тэр бүр зааж чаддаггүй хүнлэг зан, тусархаг байдал, өгөөмөр сэтгэл төлөвшсөн байдаг. Мөн амьдралын олон өнгийг мэдэж авч, өөрт байгаадаа сэтгэл хангалуун болох ч бий" гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр эцэг, эхчүүдийг хүүхдүүдийн ялгаатай байдал ухамсартай хандахыг хүсэж байлаа. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамран сургах журам: