Монголын Ерөнхий боловсролын сургуулийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгох тухай санаачилгыг хэсэг УИХ-ын гишүүн гаргаад буй.
Энэ санаачилгатай холбоотойгоор нийгэмд боловсролын чанар, хүртээмж, хөтөлбөр гээд олон асуудлаарх хэлэлцүүлэг өрнөж, эрдэмтэн судлаачид, улстөрчид идэвхтэй байр сууриа илэрхийлсээр байгаа нь сайшаалтай.
Ерөнхий боловсролыг зарим нэг хэсэг нь сайн их, дээд сургуульд элсэх хэрэгсэл гэж харж байхад нөгөө талд Монгол Улс иргэнээ, монгол хүнийг бэлтгэх арга зам ч гэж тайлбарлах нь бий. Тэгвэл боловсрол юуг зорьдог, юуг зорих ёстой вэ?
1.1 Дэлхий юу зорьдог вэ?
ЮНЕСКО-гоос Боловсролын дөрвөн баганыг тодорхойлсончлон хүн дараах дөрвөн зүйлийг эзэмшсэнээр боловсролын зорилго тодорхойлогдож байна.
Үүнд:
Өөрөөр хэлбэл, хүн боловсрол эзэмшинэ гэдэг нь өөрийгөө болон бусдыг танин мэдэх замаар хүлээн зөвшөөрөх, харилцан хамтдаа амьдрахад суралцсан, ямар нэгэн зүйлийг чаддаг, хийдэг болсон байх, мөн насан туршдаа суралцах чадварыг эзэмшсэн байхыг хэлэх нь. Харин бидний өнөөдөр маргаж буй гадаад хэл, байгалийн ухааны хичээлийн чанар гэх асуудал нь дээрхэд суралцах хэрэгсэл л юм. Гэтэл бид хэрэгсэл хэсэгт илүү анхаарсаар боловсролын мөн чанар, зорилгоо умартаад байх шиг.
Монгол Улс боловсролын асуудлыг зохицуулдаг долоон багц хуультай. Эдгээр долоон хуулийг шинэчлэхээр Боловсрол, шинжлэх ухааны яам ажилласаар байна. Тус хуулийг шинэчлэх ажлын хэсгүүдийн ээлжит нэгэн уулзалтаар эрдэмтдийн шүүмжилж буй хамгийн гол санаа нь Монгол Улс өнөөдөр боловсролоороо яг юуг зорих гээд байгаа нь тодорхойгүй бөгөөд ойлгомжгүй байгаа явдал.
Ямар ч хуулийн төслийг боловсруулахдаа хамгийн түрүүнд үзэл баримтлалаа тодорхойлдог бол дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалгүй эхлүүлсэн нь ажил гацаанд орох нэг шалтгаан болсныг мэргэжилтнүүд онцолж байсан юм. Энэхүү хуулийн төслийг боловсруулах ажилд оролцож буй УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил энэ сарын 4-нд төрийн ордонд болсон "Боловсролын тогтолцоог сайжруулъя" хэлэлцүүлэгт оролцох үеэрээ "Боловсролын багц хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг одоо л хуулийн үзэл баримтлалаа боловсруулах шатандаа явж байна.
Боловсрол нь бүх нийтийн асуудал учраас бүх нийтийн зөвшилцөл хэрэгтэй. Бид өнөөдөр сургуулийн хүртээмж, багшийн цалин хангамж, хөтөлбөр гээд олон чухал асуудал руу орохын өмнө нэг асуудал дээрээ нийгмийн зөвшилцөлд хүрэх ёстой. Тэр нь бид яах гэж боловсрол эзэмшдэг вэ. Хүүхдүүдээ яагаад сургаад байна вэ гэдэг эцсийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Зорилгоо бид зөв тодорхойлчихвол үүнээс цааш бодлогын баримт бичгүүд ч тодорхой болоод ирэх юм" гэж байлаа.
1.2 Тэгвэл Монголын боловсрол юуг зорих ёстой вэ?
Төрийн ордонд болсон энэхүү хурлаар хэд хэдэн эрдэмтэн, судлаач ерөнхий боловсролоор дамжуулж монгол хүнийг л бэлтгэх ёстой гэцгээж байв. Тэгвэл "монгол хүн" гэж хэн бэ гэдгээ бид өнөөдөр тодорхойлоогүй. Өөрөөр хэлбэл, гүйцэд тодорхойлж чадаагүй зүйлдээ бид яаж зорилгоо тавих вэ.
Энэ асуултыг "Боловсролын реформ хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн Ө.Ганзоригоос "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн үеэр асуухад тэрбээр "Монгол хүн гэдэг бол монгол үндэстний хүсэл эрмэлзэл дээр тодорхойлогдохоос биш түүхэн аль нэг дүрийг монгол хүн гэж тодорхойлохгүй. Өөрөөр хэлбэл, монгол хүн гэж хэн болох вэ, ирээдүйд бид дэлхийн улс үндэстэнд ямар байр суурь эзлэх юм, юу бүтээж өгөх вэ гэх хүсэл эрмэлзэл дээрээс бид зорилгоо тодорхойлох ёстой. Нэг ёсондоо үндэстнийхээ хүсэл эрмэлзэл дээрээс бид зорилгоо тодорхойлох ёстой" гэж байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Бид өөрийн үндэсний боловсролын хөтөлбөр, тогтолцоогоо бэхжүүлээд Монгол Улсад хувь нэмэр оруулах иргэдээ бэлтгэх үү эсвэл зөвхөн гадаадын их, дээд сургуульд элсэх хүүхдүүдийг ерөнхий боловсролоороо бэлтгэх үү гэдэг энэ хоёр асуултын ялгаа заагийг л харчихвал асуудал тодорхой болох гээд байгаа юм. Ямар ч улс үндэстэн өөрийн боловсролын тогтолцоогоор дамжуулж тухайн улсын хөгжил, соёлын бодлогоо хэрэгжүүлдэг" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирээдүйд хаана хүрэхийг, хөгжлөө хэрхэн тодорхойлох, яаж аж төрөхийг хүсэж байгаагаа боловсролын салбараараа тодорхойлох боломжтой. Ингэхдээ тухайн нэг суралцагч бүрийг оршихуйд, хамтран амьдрахуйд, аливааг хийдэг байхад, насан туршдаа суралцдаг байхад сургах нь.
2.1 Дэд бүтэц болоод багшийн хүрэлцээний тэгш бус байдал
ЮНЕСКО-ийн тунхагладаг бас нэг чухал зүйл нь "Сурч боловсрох нь бүхий л амьдралынхаа түршид эдлэх хүний үндсэн эрх бөгөөд чанартай боловсрол эзэмшихэд хүн бүр тэгш эрхээр хангагдах ёстой" хэмээн үздэг.
Тэгвэл өнөөдөр монголд хүүхэд бүр чанартай боловсрол эзэмших орчин нөхцөл хангалттай бүрдээгүй байгааг судлаачид онцолдог. Зөвхөн сургууль, анги танхимын хүрэлцээ буюу дэд бүтэц талаас нь авч үзвэл өнөөдөр анги дүүргэлт улсын хэмжээнд бага сургуулийн нэг ангид дунджаар 30.3 хүүхэд, дунд ангид 26.9, ахлах ангид 30.3 сурагч суралцаж байгаа ч хот, хөдөөгийн зөрүү маш их байгааг "Алсын хараа 2050" хөтөлбөрт онцолжээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн өгсөн мэдээллээр зөвхөн анги дүүргэлтийн хувьд л гэхэд нийт ерөнхий боловсролын сургуулийн 20 мянган бүлгээс 11% хувь буюу 2,265 анги 41-70 хүүхэдтэй хичээллэж байна.
2020-2021 оны хичээлийн жил шинэ коронавирусийн халдвараас шалтгаалж онцгой дэглэмээр хичээллэж, нэг анги дүүргэлтийн стандарт хэмжээ 20-25 суралцагчтай байх ёстойг бид ойлгож авлаа.
Тэгвэл анги дүүргэлт 20-25 байх ёстой дэлхийн жишгээр бол дээрх ачаалал хэтэрсэн 11% хэд болж нэмэгдэхийг хэлэх боломжгүй байна.
Нөгөө талд, Монгол Улсад хүн амын өсөлтөөс шалтгаалж 2020-2021 хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн сурах сурагчдын тоо 83 мянгад хүрсэн нь өмнөх жилээс 2.4 дахин өссөн дүн гэдгийг БШУЯ мэдээлж байлаа.
"Алсын хараа 2050" хөтөлбөрт бичсэнээр "Боловсролын тогтолцоонд үүсэж буй хүн ам зүйн өөрчлөлтийг тооцон бага, дунд ангийн багшийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. 2018 оны байдлаар нийт 34,323 багш ажиллаж байгаа бөгөөд 2030 онд энэ тоог 56%-аар нэмэх шаардлагатай болно. Засгийн газар 2025 он гэхэд нэг багшид 25 хүүхэд, 2030 он гэхэд нэг багшид 20 хүүхэд ногддог болох зорилт дэвшүүлсэн.
Эдгээр зорилтод хүрэхийн тулд ерөнхий боловсролын салбар 23,576 багш ажилд авах шаардлагатай байна" гэжээ. Өөрөөр хэлбэл, сургуулийн байр байшин, багшийн хүрэлцээ шаардлага огцом нэмэгдэх нь. Монгол Улс боловсролын салбар дахь төсвийн хөрөнгө оруулалтыг энэ чинээнд нь хүртэл хангалттай нэмэгдүүлэхгүй л бол одоо байгаа тэгш бус хүртээмжийг улам гааруулах нөхцөл бүрджээ.
2.2 Хөгжлийн ялгаатай байдлын тэгш бус байдал
Тэгш хүртээмжийн тухайд хурцаар тавигддаг, нийгмээс орхигддог хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал.
Боловсролын гадна байгаа эсвэл сургууль завсардсан хүүхдийн дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус байна.
"НҮБ-ийн Хүүхдийн сангийн тооцоолсноор Монголд хөгжлийн бэрхшээлтэй 32 мянга орчим хүүхэд байна. Тэднээс 8,878 нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын үйлчилгээнд хамрагдаж, үлдсэн 23,122 хүүхэд нь боловсролын үйлчилгээний гадна орхигдсон гэж дүгнэж болохоор байна" хэмээн 2019 онд нэгтгэгдсэн "Иргэний нийгмийн тодруулагч тайлан"-д дурджээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ тэгш хамрагдалтыг бодлогын баримт бичгүүдэд тунхаглаж өгсөн ч хэрэгжилт талд нь бараг мартсан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ердөө 25-хан хувийг боловсролын үйлчилгээнд хамруулж байгаагаар нотлогдож байна.
2.3 Орлогын тэгш бус байдал боловсрол олоход хэрхэн нөлөөлж байна вэ?
Тэгш бус байдлын өдөөгч нь боловсрол болж байгааг олон судлаач онцолдог. Тиймээс ч тэгш бус байдлыг даамжруулахгүйн тулд төр өөрийн бодлогоор хүүхэд бүрд чанар, хүртээмжтэй боловсрол олгохыг зорьдог. Тэгвэл өнөөдөр сургуулийн байр байшин, багшийн хүрэлцээ нь байгаад ч өрхийн орлого, боломжоос хамаарч боловсролыг ялгаатай хүртэж байгаа нь тэгш хүртээмжийн хамгийн эмзэг асуудал юм.
МУБИС-ийн доктор С.Түмэндэлгэр нэгэн судалгааныхаа хүрээнд 2015-2019 он хүртэлх их, дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнд анализ хийж үзэхэд нийт 800 оноо авах ёстойгоос 650 ба түүнээс дээш оноо авч байгаа төгсөгчдийн эцэг, эхийн орлого дунджаас өндөр байгаа хамаарал ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, сурлагын амжилт нь өрхийн орлоготой шууд хамааралтай нь нотлогдож байна.
Мөн "Иргэний нийгмийн тодруулагч тайлан"-д дурдсанаар "Нийгмийн бүлгүүдээр ангилж харвал, ядуу өрхийн хүүхдүүдийн:
Нөгөө талд чинээлэг айлын хүүхдүүдийн хамрагдалт:
График 1, Өрхийн орлогын ялгаатай байдал ба ерөнхий боловсролд хамрагдах ялгаа
Өөрөөр хэлбэл, ядуу болон чинээлэг бүлгийн хүүхдүүдийн сургуульд хамрагдалт 2.9-27.8%-ийн зөрүүтэй байна.
Дээрх хоёр үзүүлэлт нь өрхүүдийн орлогын ялгаатай байдал сурагчид, төгсөгчдийн сурлагын чанар болоод хамрагдалтад хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна. Тэгвэл энэ цаг үед яригдаж буй Кембрижийн хөтөлбөр нь орлогын ялгаатай байдлыг гааруулах нэг хэрэгсэл болж буй. МУБИС-ийн багш С.Түмэндэлгэрийн хийсэн судалгаагаар "Зөвхөн Кембрижийн сургалттай сургуулийн шалгалтад бэлдэхийн тулд 1.5 сая төгрөгийн төлбөртэй сургалт хичээллэж байна" гэжээ. Энэ бол угаасаа өрхийн орлогын боломжтой хүүхдүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр болохыг судалгааны уг дүн илтгэж байна.
Нөгөө талд, Кембрижийн хөтөлбөртэй 30 сургууль байгууллаа гэхэд энэ нь нийт сурагчдын ердөө хоёрхон хувийг хамрах судалгаа байгааг "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг танилцуулж байлаа.
Дээрх орлого, боломжоос хамаарах тэгш бус байдлын зөрүүнээс харвал Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн олон улсын конвенц, Үндсэн хуулийн тэгш хамрагдах боловсролын зарчмаа биелүүлж чадахгүй байгаа нь олон утгаар нотлогдож байна.
Энэ тохиолдолд Монгол Улс нь төсвийн хязгаарлагдмал нөөцөө хэсэг хүүхдэд давуу боломж олгоход зарцуулах уу, эсвэл угаасаа тэгш хүртээмж, боломжоор хангагдаж чадахгүйгээр эрх нь зөрчигдөж байгаа хэсэгтээ зарцуулах уу? гэдэг зарчмын асуултад хариулт өгөх шаардлагатай болох юм.
3.1. Сургалтын чанарын тэгш бус байдал хэрхэн гаарсан бэ?
iKon.mn "Боловсролын тэгш бус байдлыг бууруулъя" сурвалжилгын хүрээнд олон нийтлэл бэлтгэхдээ бүгдэд нээлттэй, ил тод хүрдэг байсан элсэлтийн ерөнхий шалгалтын дүнд тодорхой анализуудыг хийж, цувралаар хүргэсэн байдаг. Үүний дүнд ерөнхий боловсролын сургууль төгсөөд их, дээд сургуульд элсэх сурагчдын шалгалтын оноо тухайн хүүхэд хаана амьдарч байгаагаас хамаарч маш их зөрүүтэй байгааг харуулсан.
Тухайлбал, нийслэлийн Багахангай дүүрэгт амьдарч байгаа сурагчдын ЭЕШ-ын онооны дундаж Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдээс 800 хэмжээст онооны үзүүлэлтээр 60 онооны зөрүүтэй байна.
Дээрх нь зөвхөн ЭЕШ-ын дундаж онооны зөрүүтэй байдал. Тэгвэл Боловсролын чанарын үзүүлэлтийг илэрхийлдэг шалгалтын оноо тухайн хүүхэд хотод, аймгийн төв, сумын төв хаана амьдарч байгаагаас шалтгаалж зөрүүтэй байгаа нь дараах дүнгээр нотлогдож байгаа юм.
График 2, 2016-2017 оны сурлагын чанарын үзүүлэлтийг хэмжих шалгалтын онооны дундаж үзүүлэлтээс 9-р ангийн үзүүлэлтийг байршлаар нь харьцуулж харуулбал:
Дээрх нь Монгол Улсад хүүхэд хаана амьдарч байгаагаас хамаарч боловсролын чанарын ялгаатай байдалд хэрхэн өртдөг вэ гэдгийг нотлон харуулах үзүүлэлт юм. Энэ тохиолдолд хүүхдэдээ сайн боловсрол олгохоор хот газар, цаашлаад хотын төвийг зорих эцэг, эхчүүдийг шууд буруутгахад хэцүү билээ.
Тэгвэл үүнээс цаашлаад хүүхэд аль сургуульд сурч байгаагаас хамаарч ЭЕШ-ын үзүүлэлт ямар зөрүүтэй байгааг бид өмнө нь танилцуулж байсан. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Монголын түүхээс бусад хичээлийн хувьд хувийн сургуулийн сурагчдаас амжилт бага үзүүлж байгааг бид 2018 оны ЭЕШ-ын дүнгээр харуулсан.
Нэг талаас хувийн сургуулийн энэхүү амжилт нь монгол хүүхдэд орчин, нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл ямар боломж, бололцоо байгааг харуулах сайн туршлага. Нөгөө талаас, татвараас цугласан төсвийн мөнгийг хуваарилдаг, мөн засгийн газрын үйл ажиллагааг хянадаг төлөөлөгчид болох УИХ-ын гишүүдийн хүүхдүүдийн (2016-2020 оны парламент) 95 хувь нь хувийн, өндөр төлбөртэй сургуульд сурч байгааг илчилсэн нь эрх баригчид боловсролын системд анхаарал хандуулахгүй байх гол үндэслэл болж байгаа гэдгийг бид сурвалжлан харуулсан.
МУИС-ийн дэд захирал асан, доктор Л.Мөнх-Эрдэнэ "Танай нэг нийтлэл дээр УИХ-ын гишүүд хүүхдүүдээ хаана сургаж байгаа тухай судалгаа тавьсан харагдсан. УИХ-ын гишүүд улсын сургуульд гадаад хэлийг 5 дугаар анги хүртэл хориглоод, өөрсдийн хүүхдийг 1 дүгээр ангиас нь гадаад хэл сургаж, тэгш бус гараа, тэгш бус байдал үүсгэдгийг харуулсан байсан. Тэр санаагаа үргэлжлүүлж сонгогдсон болон томилогдсон төрийн албан хаагчдыг хүүхдүүдээ зөвхөн улсын сургуульд сургадаг байх хууль гаргуулах хэрэгтэй" гэж байв.
Гэхдээ УИХ-ын гишүүд өөрсдийн хүүхдээ зольж ийм хуулийн төсөл өргөх үү. Ард түмэн нь үүнийг шахаж чадах болов уу.
3.2 Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?
Үүндэсний хөтөлбөрөө сайжруулах хэрэгцээ шаардлага бий юу гэвэл бий. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн Цөм хөтөлбөр, 2019 онд үүний сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ч энэ хөтөлбөр алдаа оноо их байгааг боловсролын салбарыхан хэлдэг.
Япон улсын хувьд боловсролын салбартаа 10 жил тутамд нэг удаа реформ хийдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг бүтэн реформ 10 жил үргэлжилж байж үр дүнгээ өгдөг ажээ. Монгол Улсын хувьд энэ туршлагаар авч үзвэл Цөм хөтөлбөр хэрэгжээд долоо дахь жилдээ, түүнийг сайжруулаад хоёр жил болж байгаа ч сайжруулалт нь дорвитой болж чадаагүйг салбарынхан нь шүүмжилдэг.
Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг сурагчдын сурлагын үзүүлэлтээр хэмжсэн, Боловсролын Хүрээлэнгийн хийсэн нэгэн сонирхолтой судалгаа бий.
График 3, Нийт гүйцэтгэл (Боловсролын түвшингээр), Эх сурвалж: Боловсролын хүрээлэн
Мөн чанарын үнэлгээг тогтоох шалгалтуудад сурагчид ямар амжилт үзүүлж байгааг бид өмнө нийтэд ил болгож байсантай ЭНД дарж танилцах боломжтой.
Ямартай ч одоогийн хэрэгжиж буй хөтөлбөр нь дотоодын үнэлгээгээр хангалтгүй байгааг бид харж байна. Тэгвэл зарим судлаач зөвхөн дотооддоо бус олон улсын үнэлгээ буюу 15 настнуудын чансааг тогтоож, улс орноор нь байр эзлүүлдэг PISA шалгалтаар түвшнээ тогтоолгох хэрэгцээ бийг онцолж буй.
Түүнээс гадна Цөм хөтөлбөрийн бас нэг сул тал нь багш болгон өөр өөрсдийн дураар хөтөлбөр боловсруулах эрхийг нь өгсөнд байгааг МУИС-ийн харья "Байгаль эх лицей" ахлах сургуулийн захирал П.Түвшинтөр онцолж байсан юм.
Тодруулбал, өнөөдөр Монгол Улсад 30 гаруй мянган багшийн 30 гаруй мянган хөтөлбөр хэрэгжиж байна. Япон, Солонгос зэрэг боловсролын тогтолцоо нь харьцангуй бэхэжсэн, хөгжил өндөртэй орнуудад ч улсын нэг л стандарт хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эдгээр орны багшийн чансаа, ур чадвар ямар байгаа билээ, Монгол ямар байгаа вэ гэж П.Түвшинтөр захирал хэлж байлаа.
PISA-д бид шалгагдаж байж олон улсад хаана яваагаа мэдэж болно. Энэ тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч багтжээ.
Гэхдээ дотоодод хэрэгжүүлж буй хөтөлбөр нь агуулгын асуудалтай байна уу, эсвэл үнэлгээнийх үү, заах арга зүй юу, хүртээмжийн асуудал уу? Бид асуудалдаа нөхцөл байдлын шинжилгээ, судалгааг хангалтгүй хийж байгааг Монголд хэрэгжиж буй боловсролын хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн олон улсын судлаачид онцолдог.
Боловсрол нь бүх нийтийн асуудал. Иргэн, гэр бүл, компани, аж ахуйн нэгж, бүх салбар, төр засаг, улсын хөгжил гээд боловсрол, эрүүл мэнд нь нийгмийн хамгийн олон оролцогч талтай салбар билээ.
Гэхдээ оролцогч тал бүрийн идэвхтэй оролцоо хангагдаж байж энэ бүх нийтийн салбарын хөгжил урагшилна. Тухайлбал, төр засгийн зүгээс бүх нийтийн боловсролд төдийлөн анхаардаггүй бол аав, ээж нар, компаниуд нийлж төрийг шахаж шаардах нь зүйтэй. Төрийн хувьд боловсрол нь өөрөө онцгой салбар.
Тиймээс ч энэ салбарыг төр тэргүүлэх чиглэлээрээ зарласан биз ээ. Төрөөс боловсролын салбарт баримтлах бодлогод "Боловсрол нь Монгол Улсын иргэн бүрийг бүх талаар хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн дэвшил, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах, материаллаг болон оюуны баялгийг бүтээх чухал эх сурвалж, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа мөн. Үүнийг үндэслэн боловсролыг төрөөс нийгмийн Тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ" гэж заажээ.
Доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ "Төр улс болон оршихын үндсэн зорилго уг улс үндэстэн өөрсдийгөө гаднын халдлага, дотоодын самуунаас хамгаалах явдал. Гаднын халдлагаас хамгаалахын тулд улс үндэстэн хүчирхэг, дотооддоо самуунгүй байх, үүний тулд эвтэй, эетэй, шударга байх ёстой. Үүний тулд улс үндэстнүүд хүнээ боловсруулж, хүчирхэгжихийн хамт хүнээ үнэт зүйлс, үзэл бодол, соёлын хувьд нэгдмэл болгохыг эрхэмлэдэг. Тиймээс боловсрол улс үндэстний онцгой хэрэг. Улсын онц эрхэд байдаг зүйл. Хувийн хэрэг хэрхэвч биш. Хувийнх болбол дээрх хоёр зорилго алдагдана. Чухам тийм учир эцэг, эх хүүхдээ сургуульд явуулах үүрэгтэй байдаг юм. Тиймээс ч бүх улс үндэстэн хэчнээн их өртөгтэй байсан ч заавал өөрсдийн боловсролын системтэй байдаг төдийгүй түүнийгээ улам бүр тэлж, бэхжүүлж, хөгжүүлж ирсэн. Чухам үүгээр л улс үндэстэн өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг, хөгжүүлдэг, хүчирхэгжүүлдэг" гэж байв.
Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улс боловсролын салбартаа дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 4.1 хувийг л зарцуулж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "PISA шалгалтад эхний 20 байр эзэлж буй улс орнуудын амжилтыг судлаад үзвэл боловсролын салбарт дунджаар ДНБ-ний 7 орчим хувийг зарцуулж байна. Монгол Улс ч энэ хэмжээнд хүргэх хэрэгтэй" гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс үнэхээр боловсролын салбарыг тэргүүлэх чиглэл, үндэсний аюулгүй байдлын баталгаа гэж үзэж байгаа бол энэ салбарт дорвитой анхаарал хандуулах цаг нь нэгэнт болжээ.
Ингэхдээ төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хэсэгт оновчтой зарцуулах нь хамгийн чухал хэсэг билээ. Өнөөдөр Монгол Улс боловсролын салбарт нийт төсвийн зарлагын 15.3 хувийг зарцуулж байгаа нь олон улсын жишиг гэж судлаачид тайлбарладаг ч Монгол Улсын төсөв өөрөө тэдгээр харьцуулж буй хөгжингүй орнуудтайгаа жишвэл хэд дахин бага билээ гэдгийг бодох. Өөрөөр хэлбэл, нийтлэлийн эхэнд бичсэнчлэн Монгол Улсын зорилго, хүсэл эрмэлзэл ба нэг хүүхдэд зарцуулж буй хувьсах зардлаа жишин үзэх шаардлагатай. Хэдийгээр Монгол Улс төсвийн зарлагын 15.3 хувийг боловсролын салбарт зарцуулж байгаа ч нийт төсвийн 85 хувийг нь урсгал зардалд зарцуулж байгааг хэлэх хэрэгтэй.
Нөгөө талд, төрийн онцгой үүрэг бүхий энэ салбар нь төсвийн санхүүжилтийн ялгаатай байдлаар нэгэнт бий болоод байгаа тэгш бус байдлыг гааруулах ёсгүй юм. Өнөөдөр туршилтаар ажиллаж буй төсвийн санхүүжилт бүхий Кембрижийн хөтөлбөрт лаборатори гурван сургуулийн нэг сурагчид оногдож байгаа хувьсах зардал 2.4 сая байгаа нь үндэсний хөтөлбөрөөр суралцаж байгаа сурагчаас 6-7 дахин их байгааг бид хэдэнтээ дурдаж байна. Өөрөөр хэлбэл, төр туршаад дууссан бол хөтөлбөрөө нийт сургуульд хэрэгжүүлэх эс бол туршилт аль шатанд яваагаа зарлах шаардлага байна.
Ямартай ч Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Олон улсад өрсөлдөх чадвартай боловсролын хөтөлбөрийг бий болгох эрх зүйн шинэтгэл хийж, үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэжээ. Энэ нь шинэ Засгийн газар одоогийн хөтөлбөрт реформ эсвэл сайжруулалт хийх нь гэдэг хүлээлтийг бий болгож байна. Нөгөө талд Засгийн газрын ирэх дөрвөн жилийн зорилт дахь Боловсролын салбарын эхний зорилтоор "Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог бэхжүүлнэ" гэсэн нь одоо яригдаж буй Кембрижийн хөтөлбөрт сургуулийг нийт сургуулийн 10 хувьд хүргэх эсэх асуудалд цэг тавьсан бололтой.
Боловсролын салбарын олон эрдэмтэн, судлаач, тус салбараас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар одоогийн үндэсний хөтөлбөрийг бэхжүүлэх хэрэгтэйг онцолж байсан.
Тэгвэл Оксфордын их сургуульд боловсролын хөтөлбөр судлалаар мэргэшиж мастер хамгаалсан, "Боловсролын Реформ хөдөлгөөн" төрийн бус байгууллагын санаачлагч гишүүний нэг, судлаач Г.Орхон "Дүгнээд үзэхэд Кембрижийн хөтөлбөрөөр явахад мэдээж цөөнхийн сайн сайханд үйлчлэх олон давуу тал байгаа ч олонхын буюу үндэсний эрх ашигт нийцэхгүй олон сул тал, эрсдэл үүнтэй зэргэцээд байж байгааг дэнсэлж үзээд олонхын эрх ашгийн талд шийдэх нь зөв болов уу. Кембрижийн хөтөлбөрийн гол давуу талыг сургалтын идэвхтэй арга зүй, тунгаан цэнэх ур чадварыг илүү хөгжүүлж байгаа байдал, англи хэлний чадварыг илүү хөгжүүлдгээр авч үзэж байгаа бол үндэсний хөтөлбөрөө энэ чинээнд хөгжүүлж чадах хүний нөөц, чадавх манайд бүрэн байгаа. Гэвч түүнийг хийх ур чадвартай хүмүүсийг байх ёстой байранд нь байлгадаггүй, боловсролын яамны бодлого тогтворгүй зэргээс болоод бид үндэсний хөтөлбөрөө сайжруулах ажлыг удаашруулсаар байгаа" гэж байлаа.
Тэрбээр "Хөтөлбөрт реформ хийхдээ дор хаяж бид 10 жилээр төлөвлөж, нэг бүтэн хөтөлбөрийг 10 жил тогтвортой хэрэгжүүлж, үр дүнг нь тооцох хэрэгтэй байна. Хөтөлбөрийг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах гэсэн бүтэн циклээр боловсруулахдаа эхлээд хөтөлбөрт нөлөөлөх гадаад болон дотоод хүчин зүйлсийг нухацтай судална. Судалгаанд өмнөх хөтөлбөрийн хэрэгжилт болон лаборатори сургуулиудад хийсэн туршилтын хөтөлбөрүүдийг судлах, олон улсын сайн туршлагыг судлах, боловсролын суурь философи, Монгол хүүхдийн судалгаа, Монгол хүний үнэт зүйлийн судалгаа гэсэн цогц судалгааны ажлыг 1.5-2 жилийн хугацаанд хийнэ. Энэ судалгааг хэдий чинээ сайн хийнэ, хөтөлбөрийг төдий чинээ сайн суурьтай боловсруулна. Монголд ийм судалгаа, цогц ажил хийгдээгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Нэг хөтөлбөр хэрэгжүүлж байна гээд алдаатай, оноотой 10 жил гүрийж суух бус, явц дунд нь туршиж, тасралтгүй хяналт хийж, сайжруулах шаардлага байдаг. Мөн хөтөлбөрийг боловсруулаад, туршаад, сургуулийн хэрэгжилтийг үнэлээд, сайжруулах ажлыг хийх ажлын алба байхаас гадна үндэсний хөтөлбөрийн стратегийг тодорхойлж, хэрэгжилтийг хянадаг Үндэсний хөтөлбөрийн зөвлөл гэж бүтэц байх учиртай. Хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаад бодит үнэлэлт дүгнэлтийг хөндлөнгийн байгууллага л өгөх боломжтой. Гэхдээ Үндэсний зөвлөлийг байгуулахдаа боловсролын олон талт оролцоог хангах нь зүйтэй.
Боловсролын шинэчлэлийн цөм нь сургалтын хөтөлбөр. Сургалтын хөтөлбөрийг зүгээр агуулга төдий харж болохгүй, сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг нь сургалтын бүхийл талыг хамарсан буюу судалгаанд үндэслэсэн хөтөлбөрийн төлөвлөлт боловсруулалт, улмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшийн заах арга, ур чадварыг хөгжүүлэх багшийн хөгжил, сургалтын орчин нөхцөл, анги дүүргэлт, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, сургалтын тэгш хүртээмжтэй байдал, сургалтын үнэлгээ, сайжруулалт гээд цогц үйл ажиллагааг шинэчлэхийг хэлнэ" гэв.
За, боловсролын эргэн тойронд сүүлийн үед нэг иймэрхүү сонинтой...