Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

2020 онд Боловсролын РЕФОРМ хийх улстөрч, улс төрийн хүчнийг СОНГОЦГООЁ!

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Нийгмийн тэгш бус байдалд боловсролын тэгш бус хүртээмж, чанарын тухай асуудал хамгийн тулгамдсан бөгөөд ардчиллын цаашдын хувь заяанд суурь хүчин зүйл болж байна…” гэж МУИС-ийн доктор, дэд профессор Г.Түмэннаст нэгэн1 судалгаандаа дурджээ.

Өөрөөр хэлбэл, өнөөгийн нийгэмд тулгамдаад буй хамгийн хөндүүр асуудлыг ийнхүү тодорхойлсон байна.

Тэгвэл энэ өдрүүдэд эрх баригч нам тоглоомын дүрмээ буюу сонгуулийн хуулиа өөрчлөх ажилдаа орж байна.

Зарим нэг нам ч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах зорилготой эхний хэлэлцүүлгүүдээ эхэлж байх шиг.

Тэгвэл 2020 онд ямар улстөрч, улс төрийн хүчнийг сонгох вэ гэдэг захиалгаа одооноос л иргэд, сонгогчид маань эхлүүлэх нь зөв мэт.

Юун түрүүнд дээр дурдсанчлан хамгийн чухал асуудал болох боловсрол, боловсролын тэгш бус байдлыг бууруулах, боловсролын реформ хийх хөтөлбөр, зорилт дэвшүүлсэн улстөрч, улс төрийн намыг сонгоцгооё.

НЭГ. Хэмжиж, үнэлж болохуйц МӨРИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ

Өнөөдөр хамгийн чухал салбар бол яах аргагүй эрүүл мэнд, боловсрол.

Тэгвэл энэ хоёр салбар Монголд ямар муу байгаа талаар энд дурдах нь илүүц.

iKon.mn сүүлийн хоёр жилд боловсролын тэгш бус байдал болоод чанарын асуудлаар цуврал нийтлэл, сурвалжлагуудыг хүргэсэн.

Видео: Боловсролын асуудлуудаарх нийтлэл, сурвалжлагын товч танилцуулга:

https://www.facebook.com/StatisticMongolia/videos/798751240584517/?t=2

Дэлхийн эдийн засгийн чуулганы гаргадаг тайлангаар монголчуудын насанд хүрэгчдийн 98% бичиг үсэг тайлагдаж, энэ нь дэлхийд 11-р байр эзлэх үзүүлэлт болж байгаа ч боловсролын чанараараа 187 улсаас 101-р байр эзэлж байна. Мөн бас нэг эмзэглүүштэй зүйл нь монгол ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр 187 улсаас 130-т жагсаж байгаа нь Монголын боловсролын чанар ямар түвшинд буйг хангалттай илтгэж байна.

Тэгвэл асуудал яагаад шийдэгддэггүй вэ?

Нэг талаас улсын төсвийг хуваарилах, хууль батлах, Засгийн газрын үйл ажиллагааг хянах УИХ-ын сонгуульд, цаашлаад засгийн эрхийг авахаар зорьж буй намууд боловсролын асуудалд ямар зорилт тавьдаг вэ?

Яг одоо эрх барьж буй МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс ерөнхий боловсролтой холбоотой 12 зорилтыг аваад үзэхэд 4 дэх “Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжтэй болгоно” гэсэн зорилт л ганцхан хэмжиж болохуйц үзүүлэлтийг зааж өгчээ.

Бусад 11 зорилтод жишээ нь, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна” гэж зааж өгсөн байгаа юм. Тэгвэл энэ зорилтыг хэрэгжүүлэх дүрэм, журам нь гарсан ч хэрэгжилт тал дээр хүндрэл бэрхшээл их байгаа, хүссэн болгон нь жирийн сургуульд сурч чадахгүй байгаа нь олон жишээгээр нотлогдож буй.

Өөрөөр хэлбэл, дээрх зорилт хөгжлийн бэрхшээлтэй төчнөөн хүүхэд байгаагаас бид хэдэн хувийг нь энэ зорилтын хүрээнд жирийн сургуульд сургана гэх мэт хэмжигдэхүйц утга байхгүй байгаа юм.

Ерөнхий боловсролын хүрээнд тавьсан 12 зорилтын 11 нь ийм байдалтай.

Дээрээс нь өнөөдрийн хамгийн тулгамдаад буй:

  • боловсролын тэгш бус байдлыг бууруулах,
  • боловсролын чанар, агуулгыг сайжруулах,
  • энэ салбарын хөндлөнгийн судлаачид, иргэний нийгмийнхний байнга ярьдаг зөвхөн хатуу дэд бүтэц бус сургалтын хэрэглэгдэхүүн, хичээлийн чанарыг сайжруулах зорилт огт байсангүй.

Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан “Боловсролын хүртээмж өнөөдөр Монголд барилгын гишгүүр шат шиг зөрүүтэй байгаа юм.Үүнийг бууруулах арга замууд бий. Жилээс жилд боловсролын салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа мөртлөө яг нэг хүүхдэд зориулж байгаа хичээл, сургалтын материалаас эхлүүлээд нэг хүүхдийг хөгжүүлэх төсөв жилээс жилд буурч байгаа” гэж “Өглөөний хүн” буланд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.

ЕБС төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо гэхэд сурагч хаана амьдарч байгаагаас хамаарч ямар их ялгаатай байгааг доорх графикаас харж болно.

График 1, 2018 оны ЭЕШ-ын дундаж оноо, байршлаар, Эх сурвалж: БҮТ-ийн тайлан,

Нөгөө талд орчин үеийн дэлхий нийтийн хөгжлийг тодорхойлж буй мэдээллийн технологи, аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үетэй уялдуулсан хичээлийн агуулга, хөтөлбөрийг ЕБС-д оруулах үнэр ч МАН-ын мөрийн хөтөлбөрт байгаагүй юм.

Монголын ерөнхий боловсролд олон тулгамдсан асуудал бий.

Монгол хэлний хичээлийн агуулга, багшийн ур чадвар, хоёрдогч хэлний болоод байгалийн шинжлэх ухааны (ШИМТ) хичээлүүдийн чанар, дээр дурдсан мэдээллийн технологийн хичээлийн чанарын хүртээмж гэх мэт.

Монгол хүүхдүүд энд тэндхийн олимпиадад түрүүллээ, медаль авлаа, дэлхийн шилдэг сургуульд 100 хувь тэтгэлэгтэй элслээ гэдэг мэдээ сайхан ч энэ тухай Монголын математикийн олимпиадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр “Монголын хувьд олимпиад яагаад чухал вэ гэхээр суурь чансаа маань уначихаад байгаа учраас олимпиадаар явж, хичээллэсэн хүүхдүүд л гайгүй байна. Жишээ нь, Япон, Германыг аваад үзвэл олимпиадад тэгтлээ их анхаарал тавихгүй байгаа юм. Учир нь анхаарал тавихгүй байсан ч гэсэн хангалттай тооны сайн математикчид бэлтгэгдэж чадаад байна” гэж ярьж байсныг сануулах нь илүүц биз.

Тэгвэл суурь нь уначихсан салбарыг реформ буюу эрс шинэчлэл хийж байж л босгож ирэх учиртай.

Ер нь боловсрол гэлтгүй эрүүл мэндийн үйлчилгээ, тэтгэврийн сан, зээлийн хүү, эдийн засгийн олон эх сурвалжийн урсгалыг нэмэгдүүлэх гэх мэт шинэчлэл реформ шаардлагатай салбар олон. Гэтэл яагаад улстөрчид хамгийн чухал асуудал болсон эдгээр зүйлийг барьж авч манлайлал үзүүлдэггүй вэ?

Тэгвэл судалгаа, шинжилгээтэй, хэмжиж болохуйц үзүүлэлттэй мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэх улстөрч, улс төрийн нам МОНГОЛД БИЙ ЮУ?

Байхгүй л дээ.

Гэсэн ч өнөөдрөөс шахъя! (Тэд үүнийг уншиж байгаа)

ХОЁР. Боловсролын сайдаар хэн ажиллахыг ЗАРЛАХ

УИХ-ын сонгууль боллоо, эсвэл аль нэг Засгийн газрыг огцруулаад шинээр Засгийн газар бүрдүүлэх гэж байгаа үеийг төсөөлье.

Сайд нарт хэнийг томилох вэ?

Өнөөдрийн болдог үйл явцыг төсөөлье.

(Төсөөлөл гэдэг анхаарна уу)

Сангийн сайдад намд хамгийн их хандив буюу 11 тэрбум төгрөг хандивласан “Барилгачин”-г томилно,

Уул уурхайд намын даргын итгэлт хүн “Бөх”-г,  

Нийгмийн хамгаалал дээр намд 7 тэрбум төгрөгийн хандив өгсөн “Алтны эзэн”-г … гэсээр жагсаалт хөвөрнө.

Харин хамгийн адагт нь, Боловсрол, Эрүүл мэнд… “За энд нөгөө олон фракцын эрх ашгийг хангах үүднээс "МАНАН"-гийн “..”-г томилчихъё” гэх яриа болно.

Ингээд Засгийн газрын бүрэлдэхүүн бэлэн боллоо.

Боловсролын сайдтан эцсийн эцэст нэг юм "Боловсролын сайд" болохоо өмнөх өдөр ирсэн Viber мессежээс мэдлээ. УИХ-ын үйл явц үргэлжилсээр шинэ Засгийн газар байгуулагдав.

"Боловсролын сайд" маань хэзээ ч болно гэж бодоогүй албан тушаал дээрээ очсон тул юун түрүүнд салбартайгаа танилцах ажлаа эхлүүлнэ.

Танилцах, дадлага хийх ажил багагүй хугацаа шаардана.

Багадаа нэг жил. Их том салбар шүү дээ.

Багш нараа нэг хуралдуулж үгийг нь сонсоно, үүнийхээ хажуугаар тэдний "чихэн дээр нь цэцэг ургуулах"-аа бол мартахгүй. Дараа нь шинжлэх ухааны салбарын эрдэмтдийнхээ үгийг нэг сонсоно… гэх мэт танилцах, царай царайгаа харалцах ажлаа хийж дуусгаад “Аан, би яг ийм ажил л хийх ёстой юм байна шүү дээ” гэж бодох цаг ирэхэд нь Засгийн газар нь огцордог билээ. Зарим нь бодож амжаа ч үгүй байхдаа огцорсон байх.

Өнөөдөр Засгийн газрын дундаж нас 1.6 жил байгааг бид олон ярьсан.

Тэгвэл бодлогын нам, ЖИНХЭНЭ УЛСТӨРЧ, УЛС ТӨРИЙН НАМ бодлого, мөрийн хөтөлбөртэй, өөрийн гэсэн төсөл, төлөвлөгөөтэй улстөрчидтэй байх ёстой.

Тиймээс ч эхний хэсэгт дурдсан Боловсролын реформын төлөвлөгөө, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх баг дундаас иргэд өөрийн хүүхдэдээ хүсэж буй боловсролын хөтөлбөр, багийг сонгох учиртай.

Эдийн засагч Ө.Ганзоригийн 2019 оны зургаадугаар сард санаачлан, зохион байгуулсан Эцэг, эх форумд оролцогч 1,000 орчим аав, ээжээс 2016 оны УИХ-ын сонгуулиар намуудын мөрийн хөтөлбөрөөс боловсролын зорилтуудыг уншсан эсэхийг асуухад зааланд хоёр, гуравхан хүн л гараа өргөж байв. Үүнээс харвал, бид намын хөтөлбөрийг огт уншдаггүй, уншсан ч бүтээлч хэлэлцүүлэг, шүүмж огт өрнөж чаддаггүй. 

Тиймээс ч бид эрх баригч намаас 4 жилийн дараа үр дүн нэхэх, шаардах нөхцөл үүсэж чадахгүй байна. 

Харин 2020 оны сонгуульд арай өөр бэлтгэлтэй орох цаг нь болжээ. 

Бид өмнө нь Боловсролын сайд хийж байсан 10 гаруй хүний намтрыг танилцуулж байв. Тэдгээрийн 40 орчим хувь буюу хамгийн их нь багш мэргэжилтэй байсан юм.

 

Харамсалтай нь, мэргэжлийн сайд нь очоод очоод салбар нь яагаад өөдөлдөггүй вэ?

Шалтгааныг улс орнууд аль хэдийнээ олоод боловсролын салбарын тусгайлсан манлайлагчдаа бэлдэж байна.

Тухайлбал, АНУ гэхэд Харвардад боловсролын салбарын манлайлагчдаа бэлдэхдээ боловсрол, бизнес, эдийн засаг, улс төрийн манлайллын хөтөлбөрт сургаж бэлтгэж байна.

Өөрөөр хэлбэл, боловсролын манлайлагчид:

  • Салбарын өргөн мэдлэг, туршлага
  • Бизнес, эдийн засгийн орчны мэдлэг, туршлага
  • Улс төрийн манлайлалд суралцсан, өөрийн багтай нэгэн байх ёстой аж.

Монголд ийм хүн бий юу?

Байгаа бол гаргая.

Байхгүй байсан ч өнөөдрөөс шахъя! (Тэд үүнийг уншиж байгаа)

 

 


1Нийгмийн социал хүрээний өөрчлөлт, асуудал судалгааны бүтээлээс, 2019