Зураг
Зураг
   
1
2
3

Ү.Отгонбаяр: Шинжлэх ухаандаа ДНБ-ий 0.1%-ийг зарцуулж байгаа улс хүртэх ёстойгоо л хүртэж байна

Ч.Болортуяа
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Ү.Отгонбаяр: Шинжлэх ухаандаа ДНБ-ий 0.1%-ийг зарцуулж байгаа улс хүртэх ёстойгоо л хүртэж байна
Зураг

Хэдэн жилийн өмнө 800 саяын төсөлтэй багш гэж олны анхаарлыг татаж байсан багш бол МУИС-ийн Математикийн шинжлэх ухааны сургуулийн доктор Ү.Отгонбаяр билээ.

Бид түүнийг "Өглөөний Хүн" буланд урьж боловсролын тухай сэдвээ үргэлжлүүлэн ярилцсан юм.

2014 онд Япон, Америк, Дани, Англи зэрэг орноор сурч, ажилласан 10 гаруй жилийн их аяллаа өндөрлүүлж эх орондоо эргэн ирсэн тэрбээр өнөөдөр Монголын Математикийн Хүрээлэнгийн захирал, Монголын математикийн олимпиадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Мөн тэрбээр өнгөрсөн жил IPO хийсэн "ЛэндМН" хувьцаат компанийн үүсгэн байгуулагчийн нэг юм.

"Өглөөний Хүн" Ү.Отгонбаяр нь Токиогийн их сургуульд математикийн ухаанаар бакалавр, магистр, АНУ-ын Пенсилванийн их сургуульд доктор, Данийн Копенгагенийн их сургууль, Английн Кардифийн их сургуульд судлаач багш зэргээр ажиллаж байсан туршлагатай.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: Ү.ОТГОНБАЯР
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn

Зураг

НЭГ. Монголын хувьд олимпиаддаа анхаарал тавьж байж л сайн МАТЕМАТИКЧИД гаргаж авч байна

 

- 2019 оны Олон улсын математикийн олимпиадад Монголын сурагчид амжилттай оролцож, чансаагаараа 116 улсаас 26-р байрт жагссан нь олон жил гаргаагүй амжилт гэж байсан. Энэ тухай яриагаа эхэлье.

- Олон улсын математикийн олимпиад нь академик олимпиадуудаас хамгийн анхдагч нь юм.

Энэ жил 60 дахь удаагийнх нь болсон. Физик, хими, мэдээлэл зүйн олимпиад нь математикаас хойшоо гарч ирсэн байдаг.

Математикийн олимпиадын чансаа, нэр хүнд математикчид дотроо хүлээн зөвшөөрөгдчихсөн. Өөрөөр хэлбэл, олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүд цаашдаа маш сайн математикчид болсон жишээ олон.

Мэдээж олимпиадаар яваагүй ч амжилт гаргасан математикчид бий.

Гэхдээ энэ олимпиадад амжилт үзүүлсэн хүмүүс дараа нь амжилт гаргасаар байгаа нь Математикийн олимпиадын ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.

Тиймээс ч сүүлийн жилүүдэд олон улсын олимпиадуудад амжилт гаргасан хүүхдүүдэд тэтгэлэг өгдөг олон улсын сайн сургуулиуд их болж буй. 

Монгол Улсын багийн энэ жилийн амжилт урьд өмнө нь гарч байгаагүй тохиолдол гэж нэг утгаараа хэлж болно. Юу гэхээр алт, мөнгө, гурван хүрэл медаль нэгэн зэрэг авч байсан амжилт гарч байсангүй. Алтан медалийн тухайд хоёр удаа авч байсан. Гэхдээ урьдны алтан медалиудтай мөнгөн медаль хослуулж авч байсан удаагүй. Улсын эрэмбийн тухайд энэ жил 26-р байр эзэлсэн. Үүнээс өмнө 19-р байр эзэлж байсан тохиолдол бий. Тэр нь 2003 оны үзүүлэлт.

Гэхдээ бид сүүлийн таван жилийн тухайд амжилтаа байнга ахиулж байна. Амжилт бол мэдээж хүүхдүүдийн асар их хөдөлмөрийн үр дүн. Дээрээс нь эдгээр сурагчийг бэлдэж буй багш нарын хичээл зүтгэл хамаатай. Бүр цаашлаад олимпиадыг нуруун дээрээ үүрээд явж байгаа Олимпиадын хороо, багш Б.Батцэнгэл, Г.Баярмагнай, Г.Батзаяа гээд хүмүүсийн нэрийг дурдаж болно.

- Олимпиадад үзүүлэх амжилт сүүлийн таван жилд аажим аажмаар нэмэгдэж байгаа гол учир шалтгаан нь юу вэ. Менежмент, арга тактикаа өөрчилсөн зүйл бий юу?

- Багш нар хүүхдүүдтэй тулж, багаас нь эсвэл бүтэн жилийн хугацаанд дугуйлан ажиллуулаад бэлтгэх боломж гарч байгаа цаад шалтгаан нь бид Математикийн олимпиадын хороон дээрээ нэлээн том бүтцийн өөрчлөлт оруулсантай холбоотой. Удирдах зөвлөлөө шинэчилж, бизнесийн салбарын төлөөллийг урьж оруулсан.

Тэдгээр УЗ-ийн гишүүд маань хорооны үйл ажиллагааг хөрөнгө санхүүгээр дэмжээд, бид өргөн хэмжээний үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, эхнээсээ эерэг үр дүн гарч байгаа хэрэг.

Математикийн олимпиадын хороо Удирдах зөвлөлийн таван гишүүнтэй.

Үүнд "Анд Глобал"-ын Гүйцэтгэх захирал Ч.Анар, "Петровис"-ын Ж.Оюунгэрэл, "MCS групп"-ийн Дэд захирал Д.Энхтүвшин болон Г.Баярмагнай бид хоёр хороогоо төлөөлдөг.

 
ММОХ ТББ-ын гишүүд IMO 60 оролцогчдын хамт

Энэ хүмүүс хорооны үйл ажиллагааг зөвхөн хөрөнгө санхүү гэхээсээ илүү олон талын үйл ажиллагаа, бодлогоор зөвлөж, дэмждэг.

Олимпиад гэдэг нь хүүхдүүдийн амьдралд нөлөөлөхүйц чухал үйл явдал учраас үүнийг шударга, нээлттэй зохион байгуулах нь маш чухал.

Тиймээс ч бид олимпиадын хорооны санхүүгийн бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгахаас гадна олимпиадыг шударга явуулах талаар шинэ санал санаачилгуудыг хэрэгжүүлж ажиллахыг хичээж, багагүй өөрчлөлт хийсэн.

Тухайлбал, олимпиадад оролцох хүүхдүүдийн сонгон шалгаруулалтад орон нутаг, дүүргээс тэгш оролцоог хангахаас гадна медаль авсан хүүхдүүдийн материалыг бүгдийг нь ил тавьдаг. Зөв, буруу зассан эсэх дээр хардалт үүсгэхгүйн тулд бүгдийг нээлттэй болгож байна.

Мөн олон улсын олимпиадад явах гэж байгаа хүүхдүүдийн сорилыг ч нээлттэй байршуулж байгаа.

Хүснэгт 1. ОУ-ын Математикийн олимпиадын эрэмбэ, улсуудаар, сүүлийн 5 жилээр:

Улс 2019 2018 2017 2016 2015
АНУ 1 1 4 1 1
БНХАУ 1 3 2 3 2
БНСУ 3 7 1 2 3
БНАСАУ 4 - - 6 4
Тайланд 5 5 7 12 12
ОХУ 6 2 11 7 8
Вьетнам 7 20 3 11 5
Сингапур 8 8 7 4 10
Серби 9 13 18 40 29
Польш 10 9 22 42 17
МОНГОЛ 26 28 48 33 45
Ботсван 109 95 98 103 103
Ангол 110 - - - -
Кени 110 - 107 99 -
АНЭУ 110 - - - -

- Олимпиадын амжилтаар улс орнуудын эрэмбийг харвал Азийн орнууд нэлээд өндөр амжилттай оролцдог юм билээ. Хятад, Солонгосын амжилт их сайн юм байна. Энэ нь сүүлд гарч ирсэн үзэгдэл үү?

- Ер нь амжилтын түүхийг харвал АНУ, Орос, Хятадын хувьд тогтмол амжилттай оролцож ирсэн.

Азийн орнуудын хувьд ч амжилт сайн. Таны хэлдгээр Өмнөд Солонгос, Умард Солонгос хоёулаа маш сайн үзүүлэлттэй.

Сайн байгаагийн шалтгаан нь тухайн улс бодлогоор дэмжиж, их анхаардагтай холбоотой. Гэхдээ улс болгон үүн дээр өөр өөр бодлоготой.

Монголын хувьд олимпиад яагаад чухал вэ гэхээр суурь чансаа маань уначихаад байгаа учраас олимпиадаар явж, хичээллэсэн хүүхдүүд л гайгүй байна. Жишээ нь, Япон, Германыг аваад үзвэл олимпиадад тэгтлээ их анхаарал тавихгүй байгаа юм. Учир нь анхаарал тавихгүй байсан ч гэсэн хангалттай тооны сайн математикчид бэлтгэгдэж чадаад байна.

Монголын хувьд олимпиаддаа анхаарал тавьж байж л сайн хүүхдүүд гаргаж авч байна гэсэн үг.

Жишээ нь, Японы шилдэг их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг аваад үзэхээр маш өндөр түвшний математикийн мэдлэгийг мэргэжил харгалзахгүй шаардаж байна.

Манай сурагчид тийм өндөр түвшний бодлого бодож чаддаг чадвар нийтлэг байсан бол олимпиадад тийм их анхаарал тавих шаардлага байхгүй.

Өнөөгийн бодит байдал юу гэхээр, олимпиадаар дамжсан хүүхдүүд нь математиктаа хамаагүй илүү болчихоод байгаа юм.

Суурь боловсролыг сайжруулъя гэж байгаа тохиолдолд санхүүжилт хамгийн чухал

- Та Математикийн олимпиадын хорооны Удирдах зөвлөлд ажиллаж байна. Мөн Монголын Математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж буй. Энэ хоёр байгууллагад хамтын ажиллагаа, уялдаа гэж зүйл бий юу?

- Шууд хамтын ажиллагаа бол байхгүй. Математикийн олимпиадын хороо нь ТББ. Байгуулагдаад 20 жил болсон. Сүүлийн таван жил бид бүтцийн өөрчлөлт хийгээд явж байна. Сайн дураараа ажиллаж байгаа гэсэн үг.

Хүрээлэнгийн хувьд 1973 онд байгуулагдсан. Монголын анхны эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэг. Шинжлэх ухааны академийн дэргэд нэлээд удаан явж байгаад 1997 оноос МУИС-ийн харьяанд ажиллах болсон.

Миний хувьд сүүлийн дөрвөн жил энэ хүрээлэнгийн захирлаар ажилаж байна.

- iKon.mn энэ жил “Боловсролын тэгш бус байдлыг бууруулъя” сэдвээр цуврал ярилцлага, нийтлэл бэлтгэж буй. Үүнийхээ хүрээнд ч таныг ярилцлагад урьсан. Үнэхээр суурь нь муу байгааг буюу энэ тэгш бус байдлыг бууруулахын тулд юу хийх ёстой вэ. Математикийн хүрээлэнгийн ажилд энэ асуудал хамаарах уу?

- Хүрээлэнгийн хувьд цэвэр эрдэм шинжилгээний байгууллага. Академик эрх чөлөөг хүндэтгэж ажилладаг. 

Миний хувийн бодол боловсролд зарж байгаа санхүүжилтийг л нэмэхгүй бол үр дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нэг хүүхдэд зориулж буй боловсролын зардал дэндүү бага. Энэ нь бага, дунд, ахлах анги, их, дээд сургууль гээд бүх түвшинд адилхан.

Надад хамгийн ойрын жишээ буюу их сургуулийн жишээг татъя. Жилд нэг оюутанд зарж буй зардал 1,000 орчим доллар. Тэгэхээр хоёр сая төгрөгөөр бид дэлхийн хэмжээний боловсрол угаасаа авах боломжгүй биз дээ.

Бид ийм хэмжээний мөнгө зарчихаад дэлхийн топ сургуулиудтай буюу жилийн 20-40 мянган долларын төлбөртэй сургуультай өөрсдийгөө харьцуулах нь боломжгүй зүйл. Үүнтэй адилхан ерөнхий боловсрол, цаашлаад цэцэрлэгт ч гэсэн нэг хүүхдэд зарж буй мөнгө бага байна.

Ингээд ярихаар угаасаа мөнгө нь байхгүй, Монгол ядуу улс гэх байх. Гэхдээ улсынхаа төсвийн хэдэн хувийг юундаа илүү зарцуулах ёстой вэ гэдэг нь улстөрчдийн шийдэх хамгийн чухал асуудал мөн биз дээ.

Үнэхээр ухаалгаар, шинжлэх ухаанчаар хандвал боловсролдоо илүү мөнгө зарах нөөц боломж Монгол Улсад байгаа.

Ялангуяа суурь боловсролыг сайжруулъя гэж байгаа тохиолдолд санхүүжилт хамгийн чухал.

Харин цөөхөн сайныг нь илүү сайжруулах бол хялбар шүү дээ. Хувийн сургуулиудын сайн туршлага үүнд их бий.

Зураг

ХОЁР. МАТЕМАТИК нь өнөөдрийн бидэнд шаардлагатай байгаа шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн чухал арга

- Математик яагаад чухал вэ. Нэг хэсэг математик хамгийн чухал байж байгаад сүүлдээ хүн болгон математикч болох албагүй, хүүхэд хүн болон хүмүүжих нь хамгийн чухал гэх мэтээр ярих болсон. Тэгтэл одоо олон улсад хиймэл оюун ухаан, их өгөгдлийн үед математикийн ач холбогдол өмнөхөөсөө ч үнэ цэнэтэй болж байна шүү дээ. Ер нь суурь боловсролд математик яагаад чухлын тухай та бодлоо хуваалцахгүй юу?

- Монголын хувьд математик бүр илүү чухал гэж хэлмээр байна.

Учир нь бид геополитикийн хувьд хавчуулагдсан байдалтай. Бид гэрийн шаахай хийгээд хэзээ ч Хятадын өрсөлдөгч болж чадахгүй.

Тэгэхээр хөгжлийн гол хүчин зүйл нь мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих. Энэ сэдвийг бид олон жил ярьсан. Гэхдээ үүнд хүрэхийн тулд бид боловсролоо сайжруулахаас өөр арга байхгүй. Боловсролыг сайжруулахын тулд хамгийн чухал суурь нь математик.

Математикийн сууриа сайн тавьсан хүн физик, хими, программчлал, инженерээр сайн суралцах боломжтой. Бүр цаашилбал, хүмүүнлэг, нийгмийн ухаан дээр ч энэ суурь нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, зөв сэтгэнэ гэдэг нь бүх салбарт чухал.

Мэдээж хүн болох, хүмүүжих гэдэг зайлшгүй чухал зүйл. Энэ талаар бараг ярилтгүй, ойлгомжтой байх. Үүн дээр нэмээд суурь боловсролын чанараа, тэр дундаа байгалийн шинжлэх ухааны боловсролыг сайжруулах нь цөм асуудал юм.

Математикийн боловсрол нь онолын болон хэрэглээний гэж хуваагддаг. Энэ хоёр хоёулаа буюу аль аль нь хүүхдүүдэд хэрэгцээтэй мэдлэг.

Би хүүхдүүдийг бүгдийг нь математикч болгох гээгүй. Гэхдээ математикийн суурь нь сайн тавигдвал хүүхдүүдийн зам нь нээгдэж байна.

Математик өнөөдөр хэл болчихоод байна. Энэ хэлийг сурахгүйгээр үүн дээр суурилсан бусад шинжлэх ухааныг сурахад хэцүү.

Өнөөдөр математикгүйгээр сайн инженер болох ямар ч боломжгүй. Илүү ахисан түвшний инженер, физикч болохыг хүсвэл бараг математикчаас илүү математик мэдэх шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, энэ бол математикийг хэрэглээ талаас нь сурах тухай юм.

Орчин үед хамгийн шаардлагатай чадвар болсон шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг зүйлийг математикаар дамжуулж өгөх боломжтой

Онолын мэдлэг гэдэг нь хүүхдийн сэтгэлгээг зөв болгох тухай ойлголт. Аливааг ул суурьтай, логиктой сэтгэхэд тусалдаг. Математик тэр чигээрээ "Яагаад?" гэдэг асуултаар дүүрэн.

Өөрөөр хэлбэл, орчин үед хамгийн шаардлагатай чадвар болсон шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг зүйлийг математикаар дамжуулж өгөх боломжтой. Хүүхэд тухайн бодлогын хариултыг гарахаас өмнө өөрөө заавал зөв, бурууг нотлох шаардлагатай болдог. Зөв хариу гарахын тулд олон хувилбарыг бодож үзнэ. Гарсан хариу нь заавал үнэн байхыг шаарддаг.

Математикт “Би тэгж сонссон юм аа” биш, үнэхээр яг тийм үү гэдэг асуултад хүүхэд хариулах шаардлагатай болдог.

Хүн болох хүмүүжлийн асуудлын хувьд яг хувь хүн өөрийгөө илэрхийлэх, хянах гэх мэт чухал чадвар нь сургуулийн өмнөх насанд тогтдог нь нэгэнт тодорхой болчихсон.

Нэг ёсондоо бидний одоогийн яриад байгаа хүн болгож хүмүүжүүлэх хамгийн чухал үе бол цэцэрлэгийн нас байдаг байх нь. Ингээд харвал цэцэрлэгийн хүртээмжээ нэмэх, аав, ээжийн хариуцлагыг сайжруулах, сургуулийн өмнөх боловсролоо хүртээмжтэй болгох тухай ярих нь зөв.

- Тэгвэл яг юу нь болохгүй болоод манайх математикт ч тэр, бусдад нь сууриараа муудаад байна вэ?

- Яг үнэндээ дунд сургуулийн математик нь багшид заахад ч, хүүхэд ойлгоход ч тийм хэцүү зүйл биш юм.

Асуудал яг юундаа байна вэ гэхээр багшийн хүртээмж, заах арга барил, сэтгэл зүрхний асуудал.

Би дээр ярьсанчлан өнөөдрийн дунд сургуулийн багшийн цалингаар яагаад ч энэ бүхнийг хийх боломжгүй. Өнөөдөр, маргааш гэр бүлийн хүнсний хэрэгцээ, байр, байшингийн төлбөрөө яах вэ, өрөө яаж дарах вэ гэж бодож байгаа багш 100 хувь ажилдаа төвлөрөх боломж үнэхээр байхгүй.

Өөрөөр хэлбэл, бид мянга хөтөлбөрөө гоё сайхан болгоод санхүүжилтээ л нэмэхгүй бол чанарын ахиц гарахгүй.

- Олимпиадад амжилт гаргаж байгаа оролцоог харахаар цөөхөн хэдхэн сургуулийн сурагчид л зонхилж байна. Төрийн өмчит сургууль гэвэл 1, 11-р сургууль гэх мэт. Жишээ нь, эдгээр сургуулийн хувьд багш нартаа байна уу, эсвэл сайн сурагчдыг нь шигшээд авчихаж байгаад нь учир байна уу?

- Аль аль нь бий.

Нэгэнт хүүхдүүдээс сайныг нь шигшээд авчихаар сурагчийн сайны асуудал бий. Өөрөөр хэлбэл, нэг нэр хүндээ олчихсон сургуулийн хувьд цаашдаа амжилттай явах боломж хамаагүй илүү байгаа юм. Гэхдээ нэг сайн багшийн нөлөө өндөр гэдгийг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Математик дээр л гэхэд Хөвсгөлд хэдэн сайн багш байна. Баянхонгорт мөн адил. Юу гэхээр сэтгэлтэй, сайн багш байгаа газар математик бас хөгжиж болж байна.

- Нэгэнт сайн багшийн хүчин зүйл маш чухал нөлөөтэй учраас дутагдалтай байгаа сайн багшийн хичээлийг нээлттэй боловсролын замаар шийдэх боломжтой мэт. Жишээ нь, долоо хоногийн 5 цагийн математикийн хичээлийн хамгийн чухал шинэ хичээл үздэг хоёр цагт хамгийн сайн гээд байгаа багшийн хичээлийг хүүхдүүдэд нээлттэй боловсролын хэлбэрээр үзүүлээд үлдсэн хоёр цагт нь тухайн сургуулийн багш туслан дэмжээд явах хувилбар байх боломжтой юу?

- Сайн багшийг онлайн хичээл орлоход хэцүү. Гэхдээ ийм шаардлага байгаа юу гэвэл байгаа. Ялангуяа, хөдөө орон нутаг, хотын зарим сургуульд ч бас ийм шаардлага байхыг үгүйсгэхгүй.

Сайн багшийн хүрэлцээ гэдэг бол үнэхээр тулгамдсан асуудал. Үүнийг нөхөх зүйлийн нэг нь онлайн хичээл мөн. Гэхдээ онлайн хичээл тавьчихаад за одоо асуудал шийдэгдчихлээ гэж үзэж болохгүй.

Дахиад л нөгөө хөрөнгө мөнгөний тухай яригдана. Манай ерөнхий боловсролын зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа.

Өнөөдрийг хүртэл гурван ээлжтэй сургууль байгаа гээд бодоод үзэх хэрэгтэй. Цаашлаад бараг бүх төрийн өмчийн сургууль хоёр ээлжтэй.

Ийм мөртлөө нэг ээлжтэй сургуультай өрсөлдөх тухай яриад байгаа юм.

Америкт жишээ нь “Мэдлэг бол хүч” гээд хөтөлбөр хэрэгждэг. Энэ нь англи хэл, математикийн хичээлд хоцрогдоод байгаа хүүхдүүдэд нэмэлтээр давтлага өгдөг хөтөлбөр. Энэ нь нэг ээлжтэй сургуульд ашиглах боломжтой хөтөлбөр байгаа юм. Тэгвэл өнөөдрийн Монголд ийм нөхцөл бий юу? Анги танхимын хүрэлцээ, сурагчдын тоо, багшийн ачаалал, цалинг бодоод л үзэх хэрэгтэй.

Үүний дараа дэлхий, олон улстай өрсөлдөх тухай ярих нь зөв байх.

Зураг

ГУРАВ. Монголын боловсрол өнөөдөр бодлого бус хүний сайхан сэтгэлд найдсан байдалтай явна

- Таны хувьд Япон, Америк, Англи, Дани гээд дандаа хөгжингүй улсуудад сурч, ажиллаж, амьдарч байсан туршлагатай. Эдгээр улсын боловсролд барьдаг бодлогын ялгааг та тайлбарлаж ярьж өгөхгүй юу. Үнэхээр ШИМТ (Шинжлэх ухаан, инженер, математик, технологи) боловсролыг чухал болгож байна уу?

- Токиогийн их сургуулийн Нийгмийн ухааны сургуульд элсэн суралцахын тулд хэд хэдэн шалгалт өгдөг.

Мэдээж манайх шиг элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Гэхдээ энэ нь тухайн сургуульд шалгалт өгөх эрхийг олгодог болохоос ЭЕШ–аа өгөөд л их сургуульд элсчихнэ гэсэн ойлголт байхгүй.

Яг Токиогийн их сургуульд элсэхэд тухайн төгсөгчийн ЭЕШ-д авсан оноо ердөө 20-хон хувийг л эзэлдэг. 80 хувь нь тухайн сургуулийнх нь шалгалт байдаг.

Нийгмийн ухааны сургууль нь л гэхэд математикийн маш хүнд шалгалт авч байх жишээтэй. Англи хэлний мөн маш хүнд тест авч болох ч яагаад заавал математик гэж.

Учир нь математиктаа сайн хүн нь цаашдаа сайн түүхч, сайн хуульч болох үндэстэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зөв, логиктой сэтгэдэг, сэтгэлгээний чадвартай хүн аль ч салбарт амжилт олох боломжтой гэж үзэж байна. Түүнээс хүүхдүүдийг ямар л бол ямар хүнд хичээлээр сайныг нь шигшиж болно. Японы хөгжлийн тухай мэдээж ярилтгүй байх.

Данийн тухайд л гэхэд жинхэнэ мэдлэгт суурилсан эдийн засаг гэдгийг бий болгож чадсан улс. Сая хүнд ногдох судлаачдын тоогоороо Монголоос 20 дахин их байх жишээтэй. Тус улсаас 14 хүн Нобелийн шагнал авсан байна. 5.8 сая хүнтэй улс шүү дээ. Химийн үйлдвэрүүд нь асар өндөр хөгжчихсөн. Эм зүйн компаниуд нь дэлхийд тавд бичигддэг. Дэд бүтэц, тээвэр зуучлал нь асар өндөр хөгжсөн. Лего гээд хүүхдийн брэндийг нь бид сайн мэднэ. Ингээд бодохоор Дани бол шинжлэх ухаанд маш их хөрөнгө оруулалт хийсэн улс.

Карлсберг гээд пивоны компани нь дэлхийд мөн л шилдгүүдэд бичигддэг. Тэрхүү компани нь жил бүр эрдэмтэн, судлаачдыг дэмжих маш өндөр дүн бүхий тэтгэлгийн хөтөлбөр явуулдаг байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл, төр засаг нь ч, хувийн хэвшил нь ч тэр шинжлэх ухаан, боловсролд асар их хөрөнгө оруулалт хийдэг.

Мөн Дани улсын нэг онцлог нь хүний хөдөлмөрийг асар өндрөөр үнэлдэг учраас иргэд нь заавал их, дээд боловсрол эзэмших шаардлагагүй байдаг. Сантехникч, жолооч болсон ч гэсэн хүн хангалуун амьдрах боломжтой нийгмийг бүтээж чадсан. Үүний сайн тал нь их сургуульд элсэж байгаа хүүхэд, залуус нь үнэхээрийн сурах чин хүсэлтэй, өөрийн эзэмших гэж буй мэргэжилдээ дурласан хүүхдүүд байдаг.

Миний хувьд Данид их сургуулийн математикийн багшаар ажиллаж байсан. Тэндхийн оюутнуудад хичээл заах урамтай. Үнэхээр чин сэтгэлээсээ математикт дурлаад ороод ирсэн оюутнууд байдаг. Цаашдаа ч сайн мэргэжилтнүүд болдог. Хоёрын хооронд биш гэсэн үг. Үнэхээр хүссэн нь их сургуульд сурч байна.

Английн хувьд ч эдийн засгийн өсөлтийнх нь 70 хувь нь инноваци дээр суурилсан гэсэн судалгаа байдаг юм билээ.

Математикчид маш ихээр төгсөж байна. Компаниуд нь математикчид ажилд аваад, тэднээр судалгаа, шинжилгээ хийлгэхгүй л бол өрсөлдөхөд бэрх болчихсон. Тухайлбал, эмнэлэгт л гэхэд түргэн тусламжийн үйлчилгээгээ яаж сайжруулах вэ гэдгээ математикчдаар судлуулж, сайн туршлага нэвтрүүлж байх жишээтэй.

Төмөр замын компани нь хүртэл математик тооцооллоор цагийн хуваариа хэрхэн зөв тохируулах вэ гэдгээ тооцуулж байна.

- Хөгжингүй орнуудад шинжлэх ухаан, судалгаанд зарцуулагдаж буй мөнгөний 50 хувь улсын төсөв, 50 хувь нь хувийн хэвшлээс орж ирж байгаа талаар та өмнөх ярилцлагадаа дурдсан байсан. Монголд энэ байдал хувь, хувьсгал ялгаагүй чамлахаар байгаа шүү дээ.

- Хувийн хэвшлийг буруутгах аргагүй. Угаас ашгийн төлөө байгууллага шүү дээ. Гэхдээ судалгаа, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийж байж бизнес нь ч, нийгмийн үр дүн нь илүү байна. 

- Монголын хувьд шинжлэх ухаан, эрдэмтдэд, судалгаа, шинжилгээнд мөнгө зараад яг өнөөдөр үр дүн гарахгүй учир яаралтай зүйлсдээ төсвөө хуваарилаад байх шиг гээд сайнаар бодох гээд үзье л дээ. Гэхдээ…

- Өнөөдөр үр дүн гарахгүй гэдэг нь өнөөдөр хөрөнгө оруулалт хийх ёсгүй гэсэн үг биш шүү дээ. Эсрэгээрээ бид одоо хөрөнгө оруулалт хийхгүй бол болохгүй гэсэн үг.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх шинжлэх ухааны зардал нь хөгжингүй орнуудтай харьцуулбал 10-20 дахин бага байгаа. Монгол Улсын хувьд шинжлэх ухаанд зарцуулж буй дүн ДНБ-ий 0.1 хувьтай тэнцэж байгаа бол Данийнх 3% байх жишээтэй.

Бид өнөөдөр зардлаа 10 дахин нэмээд маргааш шууд үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Гэхдээ бид 10 жилийн дараа үр дүнг нь харна. Бид, эсвэл бидний үр хүүхэд, хэн нэгэн маань 10 жилийн дараа амьдарч байх нь үнэн л юм бол тэр үед үр дүнгээ үзэх ёстой гэсэн үг.

График 1, Монгол Улс ба бусад улсын шинжлэх ухаанд зарцуулж буй зардлыг ДНБ-д нь харьцуулсан үзүүлэлт, Эх сурвалж: Дэлхийн Банк

(График дээгүүр хулганаа чирэн тоонуудыг харах боломжтой. Дэлгэрэнгүй датаг ЭНД дарж үзэх боломжтой)

- Монгол Улсын шинжлэх ухаанд зарцуулж байгаа зардал ДНБ-ий 0.1%-тай тэнцэж байгаа нь дэндүү чамлалтай байна, тийм үү?

- Тийм ээ. Бид хүртэх ёстойгоо л хүртэж байна гэсэн үг.

- Математикийн хүрээлэнгийн санхүүжилт хэрхэн бүтдэг вэ?

- Улсын төсвөөс Шинжлэх ухаан, технологийн сангаар дамжиж орж ирдэг.

- Гадаад дахь ижил төрлийн хүрээлэнгүүдтэй төсвөө харьцуулахгүй юу?

- Дэлхийн хэмжээний математикийн хүрээлэнгүүдийн төсвийг зүгээр сонирхуулж хэлье.

Киотогийн их сургуулийн Римс гэж математикийн хүрээлэн байна. Стэнфордын дэргэдэх MSRI зэрэг хүрээлэн бол жилд ойролцоогоор 10 сая америк долларын төсөвтэй байгаа юм. Дэлхийн хэмжээний үйл ажиллагаа явуулахад ийм хэмжээний төсөв шаардлагатай байх нь.

Монголын хувьд аравны нэг нь байхад л дээр нэрлэсэн газруудтай өрсөлдөхгүй ч бодит утгаараа эрдэм шинжилгээний хүрээлэн шиг ажиллах боломжтой болно гэсэн үг. Гэтэл бид өнөөдөр үүнээсээ 10 дахин бага буюу жилд ойролцоогоор 100 мянган долларын төсөвтэйгөөр, амиа зогоож л ажиллаж байна.

Мэдээж бид өөрсдийнхөө хэмжээнд ажлууд хийж л байна. Гэхдээ хүссэн хэмжээний ажлаа хийж чаддаггүй гэсэн үг.

Математикийн судалгааны хувьд харьцангуй үнэтэй тоног төхөөрөмж шаарддаггүй, зардал багатай. Математикийн судалгаанд хамгийн чухал зүйл бол гадаад харилцаа байдаг. Миний сурч, ажиллаж байсан газруудын математикчдын ажлын нэг гол хэсэг нь эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, түүнд нь оролцох.

Япон, Америк, Англи ялгаагүй, байнга хурал зохион байгуулна, оролцоно. Учир нь эрдэм шинжилгээний хурлуудад оролцож, бусад эрдэмтний хийж байгаа ажлаас санаа авна, ижил төрлийнх бол хүч тарамдахгүй, хамтарч ажиллана, алдаа, оноогоо ярилцана. Ингэж байж шинжлэх ухаан нийтлэг эрх ашгийн үүднээс урагшилж байна.

- Та Копенгагенийн их сургуульд багшилж байсан. Монголдоо ирээд МУИС-ийн мөн багш, судлаач болсон. Конпенгагений их сургуулийн багш, МУИС-ийн багш хоёрын амьдралыг харьцуулахгүй юу?

- Орлогыг бол харьцуулахад хэцүү. Дэндүү их ялгаатай. Угаасаа Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хэд билээ. Яг Дани шиг цалин авна гэх нь утгагүй л дээ. Харин бид юуг харьцуулж болох вэ гэдгийг ярих хэрэгтэй.

Данийн их сургуулийн багшийн цалин хувийн ямар байгууллагын, аль түвшний ажилтантай адил вэ гэдгийг харьцуулдаг. Яг энэ харьцуулалтыг Монголд хийгээд үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн багш, судлаач их сургуульд ажиллаад багшлах болон судалгааны ажил хийх үү, эсвэл мэргэжлээрээ бусад бизнесийн байгууллагад ажиллах уу гэдгийн цалингийн зөрүүг харьцуулаад бодохоор Монголд багшийн цалин хангалтгүй байгаа юм.

Хэдийгээр шинжлэх ухаанаар явах нөөц боломжтой ч их сургуулийн багшийн амьдрал таалагдахгүй байна аа гээд өөр сонголт хийж байгаа олон чадварлаг залууг би мэднэ. Буруутгах ямар ч боломжгүй.

Энэ сонголтыг гадаадад ч бас хийдэг. Гэхдээ шинжлэх ухааны талд үлдэж байгаа нь хангалттай олон байгаа юм. Хөгжингүй оронд мэдээж хувийн компанид илүү цалин авах ч нөгөө талд багш, судлаач, эрдэмтэн хүмүүсийнх нь нийгэмд эзлэх байр суурь нь хамаагүй өндөр байдаг. Түүнчлэн цалин, судалгааны ажлын санхүүжилтийн хувьд санаа зовох шаардлагагүй байгаа юм.

Бид ерөнхий боловсрол байна уу, их сургууль ч байна уу багш нарынхаа нийгмийн баталгааг хангахгүйгээр тэдний нийгэмд эзлэх байр суурийг сайжруулж угаасаа чадахгүй.

Багш нарын нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахгүйгээр энэ салбар руу сайн хүмүүсийг ор гэх нь утгагүй. Мэдээж одоогийн боловсролын салбарт олон сайн, шилдгүүд бий. Гэхдээ тэд зөвхөн сэтгэл зүрхээрээ л ажиллаж байгаа.

Гэтэл улсын бодлого нь сэтгэл зүрхэнд найдаад явна гэдэг утгагүй байгаа юм.

Хүний сайхан сэтгэлд найдсан бодлого өөрөө удаан хугацаанд үргэлжлэх боломжгүй.

- Монгол Улсын хувьд өнөөдөр их өгөгдөл, хиймэл оюуныг хамгийн түрүүнд аль салбарт ашиглах боломжтой мэт танд харагддаг вэ?

- Төрийн, хувийн ялгаагүй бүх л шийдвэр гаргалт нотолгоонд суурилагдсан байхыг шаарддаг болсон. Энэ нотолгоог их өгөгдөл, түүнийг боловсруулахад хиймэл оюун тус болж буй.

Том дүнгээр яривал банк, санхүү, даатгалын салбарт маш их боломж байна.

Мөн эрүүл мэндийн салбар хиймэл оюуны хөгжилтэй салшгүй уялдан хөгжиж байгаа. Тээвэр, зуучлал, худалдаа, төрийн үргүй зардлыг хэмнэх маш их боломж байна. Тухайлбал, Английн дулаан, халаалтын бүх горим тухайн өдөр, цагт гадаа хэдэн градус байхаас хамаарч тохируулга хийгддэг. Үүнээс эдийн засгийн маш их үргүй зардлыг бууруулж, хэмнэлт хийдэг байх жишээтэй.

- Лэнд.мн-ийн хувьд математик тооцоолол, хиймэл оюуныг бизнестээ бодит ажил хэрэг болгож байгаа. Зөв үү?

- Тэгж хэлж болно. Манай хиймэл оюуны баг маань технологийн хэсэг дээрээ хамгийн том орон зайг эзэлдэг. Эрсдлийн шинжилгээнээс эхлээд бүх төрлийн дата анализ, бүх төрлийн автоматжуулалтаа статистик, хиймэл оюун ашиглаж боловсруулж байна.

Бүр нэлээд сүүлийн үеийн арга техникүүдийг ашиглаад явж байгаа. Үүнд яах аргагүй математик, программын суурь чухал үүрэг гүйцэтгэж байна.

- Та бүхний Зүүн Ази руу гарах зорилго биеллээ олж байгаа юу. Ямар шатанд яваа вэ?

- Нэлээд хэдэн оронд судалгааны ажил зэрэг зэрэг эхлээд хамгийн ахицтай яваа нь Филиппин байгаа. Тэнд банк худалдаж аваад бид эхний бүтээгдэхүүнээ гаргаад, туршаад эхэлчихсэн явж байна.

 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: Ү.ОТГОНБАЯР
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn

2019.09.17