Зураг
Зураг
Индэр    
2020 оны 8 сарын 27
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Л.Мөнх-Эрдэнэ: Монголын эрх баригчид бүхэлдээ яг С.Баяр шиг америкчуудын эцэг, эхчүүд

 

iKon.mn сайтын “Боловсролын тэгш бус байдлыг хэрхэн бууруулах вэ?” цувралын хүрээнд мөн энэ өдрүүдэд батлагдахаар хүлээгдэж буй Засгийн газрын мөрийн хөтөлбөр түүн дотор боловсролын салбарын бодлого, хөтөлбөрт зориулж дараах ярилцлагыг бэлтгэлээ. 

Энэ удаагийн зочин бол МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, профессор, Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ юм. 

Тэрбээр 2013-2014 онд МУИС-ийн дэд захирал байсан бөгөөд Хоккайдо Их Сургуульд докторын зэргээ хамгаалж, 2008-2009 онд Стэнфордын Их Сургууль, 2009-2011 онд Австрийн Шинжлэх Ухааны Академи, 2012-2013 онд Принстоны Тэргүүлэх Судалгааны Хүрээлэнд (Institute for Advanced Study) зочин судлаачаар ажиллаж байсан билээ.



НЭГ. Монголд өнөөдөр тэгш бус байдал нь өөрөө үнэт зүйлс болчхоод байна

- Сайн байна уу, таныг Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаачаар ажилладгийг уншигчид мэдэх байх. Харин энэ удаад боловсролын тэгш бус байдлын талаарх ярилцлагын урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Энэ сэдвийг та яагаад сонирхох болов?

- Ярилцлагадаа урьсанд баярлалаа.

Судалгаа хийх, хичээл заахаас гадна миний хувьд 2004-2008 онд МУИС-ийн Угсаатан судлалын тэнхимийг Нийгэм, соёлын антропологийн тэнхим болгон өөрчлөн зохион байгуулсан.

Мөн 2013-2014 онд МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн концепцыг боловсруулж, гардан зохион байгуулж, одоогийн 5 сургууль, 30 гаруй тэнхимтэй тогтолцоог бий болгосон. Дээд боловсролын асуудлаар бодлогын судалгаа хийж, зөвлөмж боловсруулах, бас Монголын дээд боловсролыг Харвард, Массачусетсийн Технологийн Институт, Стэнфорд зэрэг сургуулиудтай холбох ажлыг зохион байгуулах зэрэгт оролцож ирсэн зүйл бий. Өөрөөр хэлбэл, боловсролын асуудалд боломжоороо оролцож ирсэн гэх үү дээ.

Тиймээс ч тэгш бус байдал жам ёсны, тиймээс хэвийн, тиймээс байх ёстой зүйл болон зөвшөөрөгдөж, улмаар амьдралын хэв загвар, хэвшил, соёл, үнэт зүйлс болж, дээдэс доодос, баян хоосон, “баялаг бүтээгч” тэжээлгэгч, эзэн албат, элит “хар масс”-т хуваагдан, тэр хуваагдлаараа ялгаварлан гадуурхдаг нийгэм бий болсныг хараад санаа зовниж, энэ бүхний уг сурвалж юунд байна вэ хэмээн эргэцүүлэх болсон.

Эргэцүүлэх явцад Монголын эрх баригчид Үндсэн хуульд тунхагласан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” “үндсэн зарчим”, үнэт зүйлсээс ухран эсвэл урван, яг түүний эсрэг анги ялгаварлах, дарлах, мөлжих нийгмийг системтэйгээр хуульчлан, төрийн хүчирхийллийн аргаар байгуулж байгаа юм байна гэсэн ойлголтод хүрсэн. Энэ бодлогын хамгийн гол суурь нь тэгш бус хүртээмж, тэгш бус боломж, тэгш бус гарааг хуульчилж, тэгш бусын систем, тогтолцоог системтэйгээр байгуулж, хөгжүүлж ирсэн явдал. Үндсэндээ Энэтхэгийн кастын, эсвэл АНУ-ын сегрегацын (segregation) буюу салган тусгаарлах, эсвэл ӨАБНУ-ын апартейд дэглэмийг байгуулжээ гэж болно. Энэ тэгш бус, шаталсан, ялгавартай, кастын, сегрегацын, эсвэл апартейд тогтолцооны хэсэг, түүнийг бэхжүүлэгч, үйлдвэрлэгч, хөгжүүлэгч хүчирхэг байгууламжийн нэг нь одоогийн боловсролын тогтолцоо болчихоод байна.

- Монголд боловсролын тэгш бус байдал гаарсныг энэ салбарын хэрэглэгч хүн болгон зөн совингоороо ямар нэгэн байдлаар мэдэрдэг болов уу.

Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн хажуу талын улсын сургууль гэхээсээ илүү сайн, төлбөртэй сургуульд өгчих хүсэлтэй байдаг. Нөхцөл байдал ийм байхад буюу сайн, чанартай боловсрол гэдэг хүн бүрийн хоолойд тулсан асуудал болсон байхад манай улсад боловсролын тэгш бус байдлаа цогцоор нь судлаагүй сууж байна. Боловсролын тэгш бус байдлыг цогц судалж тогтоох аргачлалын талаар та өөрийн мэдээллээ хуваалцахгүй юу?

- Таны ярьж байгаа судалгааны арга, аргачлалын тухай асуудал бол тэгш хүртээмж, тэгш боломж, тэгш гараа хангасан систем байсаар байтал түүхэн болон бусад хүчин зүйлийн улмаас үүссэн тэгш бус байдлыг ойлгоход л холбогдолтой болов уу.

Харин Монголд тэгш бус хүртээмж, тэгш бус боломж, тэгш бус гараа нь өөрөө системийн утга учир болчихоод байгаа учир тэгш бус байдал нь өөрөө үнэт зүйлс болчихоод байна. Тиймээс ийм системд тэгш байдлын, эсвэл миний онцлоод байгаа тэгш хүртээмж, тэгш боломж, тэгш гарааны тухай ярих нь тэс өөр үнэт зүйлс, тэс өөр системийн тухай асуудал болж хувираад байна л даа.

Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, тэгш байдлын тухай ярихдаа миний бие Үндсэн хуульд тунхаглагдсан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын хүрээнд асуудлыг тавьж, тэгш байдлыг юуны түрүүнд тэгш эрх, тэгш хүртээмж, тэгш боломж, тэгш гарааны утгаар ярьж байна. Эдгээр зарчмын үүднээс харахад л Монголын боловсролын тогтолцоо системтэй тэгш бус тогтолцоо төдийгүй дарлал, мөлжлөг дээр тогтсон тогтолцоо болсон.

Үүний гол үндэс нь 1) боловсролыг хувийн хэрэг, 2) арилжаа, ашиг олох хэрэгсэл, 3) ялгаварлах хэрэгсэл, 4) тэгш бусыг бэхжүүлэх хэрэгсэл болгосон явдал. Энэ бүхнийг зөвхөн ганц үйлдлээр л гүйцэлдүүлсэн. Тэр нь хувийн шат шатны боловсролын байгууллагуудыг хуульчилж, тэдгээрийг төлбөртэй болгосон явдал.

Төр улс болон оршихын үндсэн зорилго уг улс үндэстэн өөрсдийгөө гаднын халдлага, дотоодын самуунаас хамгаалах явдал. Гаднын халдлагаас хамгаалахын тулд улс үндэстэн хүчирхэг, дотооддоо самуунгүй байхын тулд эвтэй, эетэй, шударга байх ёстой. Үүний тулд улс үндэстнүүд хүнээ боловсруулж, хүчирхэгжихийн хамт хүнээ үнэт зүйлс, үзэл бодол, соёлын хувьд нэгдмэл болгохыг эрхэмлэдэг. Тиймээс боловсрол улс үндэстний онцгой хэрэг. Улсын онц эрхэд байдаг зүйл. Хувийн хэрэг хэрхэвч биш. Хувийнх болбол дээрх хоёр зорилго алдагдана. Чухам тийм учир эцэг, эх хүүхдээ сургуульд явуулах үүрэгтэй байдаг юм. Тиймээс ч бүх улс үндэстэн хэчнээн их өртөгтэй байсан ч заавал өөрсдийн боловсролын системтэй байдаг төдийгүй түүнийгээ улам бүр тэлж, бэхжүүлж, хөгжүүлж ирсэн. Чухам үүгээр л улс үндэстэн өөрсдийгөө нөхөн үйлдвэрлэдэг, хөгжүүлдэг, хүчирхэгжүүлдэг.

Боловсролын систем бол энх цагийн “дайчдаа” бэлдэх, улс үндэстэн өөрийгөө хөгжүүлэх, хүчирхэгжүүлэх үндсэн арга зам нь. Гэтэл Монголын эрх баригчид боловсролыг гаргуунд нь хаясан. Төрийн онц эрх, үүрэгт байх ёстой зүйлийг хувийн хэрэг болгож, хувьд шилжүүлсэн.

Хувьд шилжүүлэхдээ зүгээр ч нэг шилжүүлээгүй, ашиг олох, ялгаварлах, тэгш бусыг бэхжүүлэх хэрэгсэл болгосон. Буяны зорилготой, нийтийн тусын тулд төлбөргүй хувийн сургууль байж болох. Энэ нь шинэ үеийн улс үндэстний тогтолцоо бий болохоос өмнө шашин, сүм хийд боловсролын байгууллагын үүргийг биелүүлдэг байснаас уламжилж үлдсэн зүйл. Гэхдээ нэгэнт төр, шашны хэргийг тусгаарлаж, боловсрол төр улсын өөрийн онц эрх болсон учир зөвхөн төр улсаас тогтоосон бүх стандартыг хангасан буяны зорилготой цөөн тооны ийм сургууль бий нь бий. Гэтэл Монголын эрх баригчид хувийн, төлбөртэй сургуулийг хуульчилсан. Ингэснээрээ тэд боловсролыг иргэдээ мөлжих, ялгаварлах, тэгш бусыг тогтоох хэрэгсэл болгосон.

Сургалтын төлбөртэй, мөн дээрээс нь улсаас хувьсах зардал авдаг хувийн сургуулиудыг бий болгож, тэдэнд илтэд давуу тал олгосон. Хуулиар давуу тал олж авсан хувийн сургуулиуд нь улсын сургуулиудын шилдэг багш нарыг цалин болон бусад хүчин зүйлээр системтэйгээр тоносон.

Мөн цөөн тооны шилдэг сурагчдыг нь ч сургуулиа сурталчлах, тэгснээрээ илүү их сурагч татах зорилгоор системтэйгээр тонодог. Энэ нь үндсэндээ иргэдийг зоосны нүхээр ялгаварлах, ангилах, шатлах, кастлах үйл явц.

Мэдээж, дор хаяхад “хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор” нь системтэйгээр “ялгаварлан гадуурхаж” Үндсэн хуулийн 14.2-оос эхлээд Хүний эрх, эрх чөлөө гэсэн бүлгийн маш олон зүйлийг илт зөрчиж байгаа хэрэг. Үүний үр дүнд кастын, апартейд боловсролын тогтолцоо бий болсон.

Ингэж хувийн сургуулиудад давуу байдал олгож, боловсролыг арилжаа, ашиг орлогын хэрэгсэл, үнэтэй бараа, тансаг хэрэглээ болгосноор цөөнх нь олонхынхоо боломж, ирээдүйг хуулиар тонон дээрэмдсэн. Ялгарлын үр дүнд улсын сургууль, улсын сургуулийн хүүхдүүдийн ирээдүй золиослогдсон. Үндсэндээ эрх баригчид ард түмний хүүхдийн ирээдүйг золиосолж, өөрсдийн хүүхдүүддээ зориулсан ертөнцийг бий болгосон. Мэдээж үр хүүхдээ сургах гэсэн эцэг, эхчүүд ч мөн хөлд нь үрэгдэж, мөлжигдөх болсон. Энэ тогтолцоо хэвээр байгаа үед энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүйн дээр хувийн сургуулиуд хэзээ ч улсын сургуулийн чанарыг сайжруулахыг хүсэхгүй. Тэд үргэлж улсын сургуулиудыг боомилох болно. Учир нь улсын сургуулиуд муу байх тусам тэдний ашиг, орлого их байх болно. Ер нь Ухаа худаг Таван Толгойг боомилох, залгих гэдэгтэй адил зүйл болох мэт.

Мэдээж хувийн сургууль байгуулах эсэх талаар Монголын эцэг эхчүүдээс, сурагчдаас эрх баригчид огт асуугаагүй.

Асуусан бол сайн багш нар, сурах орчин, ирээдүйгээ тонуулахаа мэдэх эцэг эхчүүд, сурагчид хэн нь ч дэмжихгүй байсан нь ойлгомжтой. Тиймээс энэ бол дарангуйлал, хүчирхийлэл, хууль ёсны хүчирхийлэл. Дарангуйлал гэж хэн нэг этгээд олж авсан эрхээ ашиглан, тэр эрхийнхээ хүчээр бусдыг өөрийн хүсэл зоригт захируулах гэж ойлгож болно. Үндсэндээ Монголын эрх баригчид ард түмний тэдэнд итгэж даатгасан эрх мэдлийг ард түмний өөрсдийнх нь эсрэг хэрэглэсэн. Мэдээж ард олонд хууль санаачлах эрх байсан бол энэ асуудал өөр байх байсан ч байж болох. Гэтэл эрх баригчид Үндсэн хуулиар хууль санаачлах эрхийг зөвхөн өөрсдөдөө төвлөрүүлсэн.

Мэдээж эрх баригчид үүнийгээ хүний эрх, улсын эдийн засгийн хүндрэл гэж тайлбарлах. Түүгээр ч барахгүй хувийнхныг улс орны ачааг үүрэлцлээ гэж ч зөвтгөх. Харин баримт бол Монгол Улсад Монгол улсаас баян иргэн хэзээ ч байгаагүй. Тиймээс Монгол Улс өөрөө сургууль нэмж байгуулах боломжтой байсан. Мөн Монгол Улсад төлбөргүй хувийн сургууль нэг ч байгуулагдаж байгаагүй, одоо ч байхгүй. Хувийн сургууль ашиг олох, хөрөнгөжих хэрэгсэл байсан, байсаар байгаа. Үндсэндээ боловсролыг арилжаа, ашиг орлогын хэрэгсэл болгож, үнэтэй бараа, тансаг хэрэглээ болгосноор үр хүүхдээ системтэйгээр ялгаварлан гадуурхаж, дийлэнх олонхын ирээдүйг цөөнх нь тонон дээрэмддэг, нэг хэсэг нь нөгөө хэсгээ сорон мөлждөг системийг бий болгосон гэх үү дээ. Мөлжлөг гэж өөрийн хөдөлмөрөөр бус зөвхөн олж авсан өмчлөх эрхийнхээ хүчээр бусдын хөдөлмөрийн үр шимээс хувь авахыг хэлээд байгаа юм. Мөн боломжоо, ирээдүйгээ дээрэмдүүлсэн хүүхдүүдэд ч, эцэх эхэд ч бас хүний эрх бий.

Эрх баригчдын хувьд Монголд дээд боловсрол гэж байхгүй болсонтой адил. Тэд хүүхдүүдээ Монголын их дээд сургуульд сургадаггүй

Дээд боловсролыг бол бүр тэр чигээр нь хувийн асуудал болгоод, бүр гаргуунд нь хаясан. Онолын хувьд Монголын эцэг эхчүүд хүүхдүүдээ сургахгүй, Монголын залуус суралцахгүй гэвэл Монгол дээд боловсролгүй болсон гэсэн үг. Иргэдээ боловсруулах, улсаа хүчирхэгжүүлэх нь улсын бодлого, зорилго, үүрэг бус хувь хүний асуудал болсон. Иргэдээ зөнд нь хаясан төдийгүй улс иргэнээ боловсруулах эрх, үүргээ хаясан гэсэн үг. Тиймээс Монгол Улс 1989 оноос хойш нэг ч улсын их, дээд сургууль нэмж байгуулаагүй төдийгүй дээд боловсролыг төлбөртэй болгож, улсын их, дээд сургуулиудыг үндсэндээ сургалтын төлбөрөөр өөрсдийгөө санхүүжүүлдэг болгосон. Тиймээс улсын, хувийн гэлтгүй дээд боловсрол нь иргэдээ мөлжих арга зам болж хувирсан. Дээд боловсрол дээр тэгш хүртээмж, тэгш боломж, тэгш гарааны тухай ярих ямар ч боломжгүй болсон. Харин эсрэгээр тэгш бус байдал байх ёстой зүйл болж хувирсан.

Улсаас сургууль нэмж байгуулахгүй, улсын сургуулиудыг өргөтгөхгүй, түүний оронд уг хэрэгцээ, орон зайг бүхэлд нь хувьчилж, хувь хүмүүсийн ашиг олох, хөрөнгөжих орон зай, бизнес болгож хувиргасан. Улс орнууд их, дээд сургуулиуд нэмэн байгуулж, иргэдээ аль болох бүх нийтийн дээд боловсролтой болгохоор зүтгэж байхад Монгол Улс боловсролыг иргэдээ сорон, мөлжих хэрэгсэл болгосон.

Тэгэхдээ наад захын шаардлага хангахгүй этгээдүүдэд эрх олгосон учир энэ нь үндсэндээ иргэдээ, залуу үеээ хуурамч дипломоор хууран мэхэлж, мөлжих үйл ажиллагаа болж хувирсан.

Ер нь бол дээд боловсрол нь уул уурхайн лицензүүдийн нэг адил ашиг олох, шаардлага хангаагүй диплом борлуулагчид нь гар аргаар алт олборлогчид байгаль орчныг тонож байгаа шиг л иргэдийн, залуусын ирээдүйг тонох үйл ажиллагаа болж хувирсан. Мөн энэ нь улсын сургуульд сурч байгаа оюутнуудыг ч тонох үйл ажиллагаа болсон. Учир нь хувийн сургуулиуд нь багшгүй учир улсын сургуулийн багш нараар хичээл заалгана. Үндсэн сургууль, оюутан, судалгаандаа зарцуулж байх ёстой цаг хугацаа нь өөр газар зарцуулагдаж байгаа учир улсын сургуулийн ч чанар муудсан. Ийм хууран мэхлэлт, шулан мөлжлөгийн замаар хувийн сургууль нэртэй бизнесүүд хөлжсөн. Улмаар тэд улсын их, дээд сургуулиудыг Улаанбаатараас нүүлгэж, үндсэндээ улсын дээд боловсролыг бүрмөсөн нугаслах лобби ч явуулах болсон. Мэдээж улсын их сургуулиуд Улаанбаатараас нүүвэл багш нар нь хувийн сургуулиуд руу шилжих нь ойлгомжтой.

Мөн эрх баригчдын хувьд Монголд дээд боловсрол гэж байхгүй болсонтой адил. Тэд хүүхдүүдээ Монголын их, дээд сургуульд сургадаггүй. Монголын их, дээд сургууль тэдний хувьд зөвхөн Монголын ядуус, доодос, ардын хүүхдийн өөрсдийгөө хуурдаг зүйл болсон гэх үү дээ.

ХОЁР. сонгогдсон, болон томилогдсон төрийн албан хаагчдыг хүүхдүүдээ зөвхөн улсын сургуульд сургадаг байх хууль гаргуулах хэрэгтэй

- iKon.mn боловсролын тэгш бус байдлыг бууруулахын төлөөх олон цуврал нийтлэл бичсэн. Бид олон нийтэд нээлттэй байдаг сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтын дундаж үзүүлэлтийг нийслэлийн дүүрэг, орон нутгаар ялган харуулсан. Энэ өөрөө тэгш бус байдлын нэг үзүүлэлт болж чадах уу? (Мөн тус үзүүлэлтээр улсын болон хувийн сургуулийн сурагчдын үзүүлсэн амжилт эрс ялгаатай байв)

- Би танай зарим нийтлэлийг харсан. Мөн тэр элсэлтийн шалгалтын дундаж үзүүлэлтийг ч харсан. Юу тарина түүнийгээ хураана гэдэг биз дээ.

Тэгш бус байдал систем болж хувираад, эсвэл системлэг тэгш бус байдал тогтчихоод байхад түүнийг хүсэн хүлээгээгүй үр дүн мэт авч үзэх хэр оновчтой байх вэ?

Түүний оронд энэ системийг залруулах үйл ажиллагаа явуулах нь илүү оновчтой болов уу. Танай сайт энэ асуудалд хамгийн их анхаарал хандуулдаг санагдсан. Үүнд их талархаж байгаа. Танай нэг нийтлэл дээр УИХ-ын гишүүд хүүхдүүдээ хаана сургаж байгаа тухай судалгаа тавьсан харагдсан. УИХ-ын гишүүд улсын сургуульд гадаад хэлийг 5 дугаар анги хүртэл хориглоод, өөрсдийн хүүхдийг 1 дүгээр ангиас нь гадаад хэл сургаж, тэгш бус гараа, тэгш бус байдал үүсгэдгийг харуулсан байсан. Тэр санаагаа үргэлжлүүлж сонгогдсон, болон томилогдсон төрийн албан хаагчдыг хүүхдүүдээ зөвхөн улсын сургуульд сургадаг байх хууль гаргуулах хэрэгтэй гэж бодож байна.

Миний харж буйгаар эрх баригчид (дээд, дунд, доод бүх шатны) төрийн эрх мэдлийг олж аваад, тэр эрх мэдлийг зориулалтаар нь буюу ард түмний тусын тулд бус, харин өөрсдийн ашиг, тусын тулд хэрэглэж өөрсдөдөө зориулсан тусдаа ангид ертөнц, тусдаа ангид дээдсийн орон байгуулсан.

Төрийн албанд шунахын учир нь энэ болсон. Энэ замыг бүрмөсөн хаах хэрэгтэй. Үүний тулд төрийн сонгогдсон, томилогдсон бүх албан хаагчдыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон бусад томилогдсон бүх албан хаагчдыг хүүхдүүдээ улсын сургуульд сургадаг байх хууль тогтоох хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл ч, ард түмэн ч, сурагчид ч босох, шаардах хэрэгтэй. Орон даяар хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй.

Эрх баригчид улсын сургуульд хүүхдээ сургахгүй байгаа нь улсын сургуулийг дорд үзэж байгаа хэрэг. Энэ нь төрийн үйлчилгээнд итгэдэггүй, түүнийг дорд үздэг гэсэн үг. Тийм хүмүүст Монголын төрд зүтгэх ёс суртахууны эрх байх ёсгүй.

Ер нь ч хүн итгэдэггүй юмандаа зүтгэдэггүй юм. Хэрвээ хэн нэгэн Монголын төрд, Монголын ирээдүйд итгэдэггүй бол тэр ямар ч байсан Монголын төрд байх ёсгүй.

Үнэндээ бол эрх баригчид төрийн эрх мэдэл, аливаа бодлого үйлчилгээг өөрсдийн эрх ашигт тааруулж, ард түмний эрх ашгийг золиосолж ирсэн учир л бид энэ байдалд хүрээд байгаа юм. Ер нь өөр тусдаа харь гадаад орны хүн, өөр тусдаа орны төрийг барьдаггүйн адил өөр тусдаа оронтой хүн иргэд ард түмний орны төрийг барих ёсгүй.

- Таны орчуулсан Richistan номон дээр гардаг шиг зүйл болж байна. Зөв үү?

Тийм. Энэ байдал нь дан ганц боловсрол ч биш. Эрүүл мэндийн салбарт ч бий. Ард түмний төлөөлөгчид ард түмэнтэйгээ нэг оронд амьдарч, жаргавч, зововч, төрөвч, үхэвч хамт байх ёстой. Хүсэхгүй бол өөр замаа хайг. Энэ хууль байх ёстой. Монголын төрийн албан хаагчид Монголын ард түмэнтэй нэг оронд хамт амьдрах ёстой. Хэрвээ тэд өөрсдийн тусдаа орчинтой, оронтой, тэд үр хүүхдээ системтэйгээр гадаадад сургадаг бол Монголыг монголчууд удирдаж байгаа хэрэг огт биш. Ингэвэл олон асуудал өөрчлөгдөнө.

Ер нь бүх хүүхдэд тэгш хүртээмж, тэгш боломж, тэгш гараа олгоё гэвэл хувийн сургууль, улсын сургуулийн багш нарын цалин, хөлс, элдэв хангамжинд ялгаа байх ёсгүй. Хэрвээ сургуулийн багш нарын цалин адил, элдэв хангамж нь адил, ажиллах орчин нь адил, сургалтын хөтөлбөр нь адил бол хувийн сургуульд хүмүүс мөнгө төлөх шаардлагагүй болно.    

- Боловсролын тэгш бус байдлыг зарим хүн буруу ойлгож бүх хүүхдийг ижил тэгш үр дүнд хүргэх гээд байгаа мэт ойлгодог. Гэтэл тэгш боловсрол гэдэг хүүхэд бүрийн ялгаа, онцлог дээр тулгуурласан, сайныг илүү сайн, мууг нь дундаж түүнээс илүү үр дүнд хүргэх тэгш боломж бүхий ойлголт. Харин үүнийг хүмүүс социализм руу буцах гээд байна гэх нь бий. Боловсролын тэгш бус байдлын зөв ойлголтыг та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу?

- Боловсролын тэгш байдал гэж ярихдаа боловсрол олгох, эсвэл олж авах тэгш орчин, тэгш боломж, хүртээмж гэж ойлгох нь зөв болов уу.

Өөрөөр хэлбэл, хүүхэд бүхэн сурах, суралцах тэгш орчин, тэгш боломж, хүртээмжээр хангагдсан байх ёстой л гэсэн үг. Орчин тааруу бол бүгд л адил, орчин сайн бол бүгд л адил байх ёстой л гэсэн үг. Үүнийг л тэгш боломж, хүртээмж, гараа гэж ойлгож байгаа. Мэдээж авьяас чадвараар нь төрөлжүүлсэн, гүнзгийрүүлсэн, шигшсэн сургууль байхыг хориглож байгаа хэрэг огт биш. Харин ч тийм сургуулиуд байх ёстой. Харин түүнд орох, суралцах шалгуур нь зөвхөн хүүхдийн дур сонирхол, авьяас билиг, чадвар л байх ёстой. Өөр ямар ч зүйл хязгаарлах, эсвэл давуу байдал болох ёсгүй.

Хэрхэн суралцах нь хүүхэд бүрийн билиг, оюунаас шалтгаалах ёстой. Харин тэгш бус орчин, тэгш бус боломж, тэгш бус хүртээмжийг системтэйгээр, хуулиар бий болгох нь системтэйгээр ялгаварлан гадуурхаж, системтэйгээр нэг хэсэгт нь давуу боломж олгож, нөгөө хэсгийг нь тэдний боол зардас болгон хувиргаж байгаа хэрэг. Энэ шударга өрсөлдөөн ч биш. Эсрэгээр хуулиар нэг хэсэгт нь давуу эрх олгож байгаа хэрэг. Энэ нь Монголын ард түмний төр улсаа байгуулсан зорилгод харш, Монголын ард түмний эрхийн эсрэг хийсэн хүчирхийлэл, дарангуйлал. Үндсэн хуульд ч ийм үнэт зүйлс, заалт байхгүй.

Социализмын тухайд. Нийгмийн байгууллын хувьд ертөнц дээр зөвхөн социализм эсвэл капитализм гэсэн хоёрхон зам, сонголт байдаг, байгаа ч юм огт биш. Мөн капитализм нь жам ёсны, зүй ёсны зам нь ч биш.

Өнөөдөр ертөнц дээр дан ганц капитализм ноёлоод байгаа ч юм биш. Угаасаа социализм, капитализм гэж хоёр замын асуудал тавигдаж байгаа нь өөрөө жам ёсны зам гэж юм байхгүй гэдгийг харуулж байгаа хэрэг. Хэрвээ жам ёсны зам гэж байдаг байсан бол сонголтын, эсвэл өөр зам руу халтирах аюулын тухай асуудал хэзээ ч босож ирэхгүй, яригдахгүй байх байсан. Хүмүүс төр улс байгуулах, сонгууль энэ тэр хийх, хууль энэ тэр тогтоох огтхон ч шаардлагагүй байх байсан. Бүх юм амьтны ертөнц дэх шиг жамаараа явах байсан. Тийм жам ёсны юм байхгүй учраас л хүн төрөлхтний түүхэнд боолчлол ч, феодализм ч, капитализм ч, социализм ч, ер нь ард түмэн, улс орон бүхэн өөр өөрсдийн сонгосон нийгмээ байгуулж ирсэн. Ямар нийгэм байгуулах нь тухайн ард түмний сонголт, ялангуяа тухайн ард түмний өмнөөс эрх барьж байгаа хүмүүсийн шийдлээс хамаардаг зүйл.

Монголд одоо байгуулагдаад байгаа улс төрийн ч, эдийн засгийн ч, нийгмийн ч, боловсролын ч дэглэм нь Монголын ард түмний хүссэн, Үндсэн хуульдаа тунхагласан нийгэм огтхон ч биш. Энэ нь ардчилсан ч, шударга ёст ч, шударга өрсөлдөөнт ч нийгэм огт биш. Тэгш эрхт нийгэм бол бүр огтхон ч биш. Одоо байгаа дэглэмийг сурах бичгийн ангиллаар бол клептокраси буюу хулгайч луйварчдын засаглал гэж нэрлэдэг. Тиймээс улс үндэстэн болгон өөрсдийн онцлогт таарсан, өөрсдийн хүссэн, чадсан нийгмээ байгуулж болж байхад одоогийн байгааг ардчилал гэж үүнээс өөрийг социализм дарангуйлал гэх нь зөвхөн энэ байгаа клептократик дэглэмээ хамгаалах гэсэн л оролдлого, өөр юу ч биш.

 - Зарим хүн хүүхэд бүрд ижил тэгш боломж олгоно гэх нь боломжгүй бөгөөд утгагүй гэдэг. Гэхдээ Монгол шиг хүн ам цөөн, эдийн засгийн хараат, ядуурал өндөртэй улсад хүүхэд бүрийг өндөр чанартай боловсрол эзэмшүүлэхийг зорих нь энэ улсын нэгдүгээр зорилт баймаар санагдаад байдаг. Энэ чигтээ явсаар байвал биднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

- Таны логик түмэн зөв. Монгол төдийгүй цөөн хүн амтай аль ч улс оронд хүн тутам, хүүхэд тутам асар үнэтэй.

Тэднийгээ нэг бүрчлэн бүрэн чадавхаар нь шавхан боловсруулж, хөгжүүлж байж л их хүн амтай этгээдүүдтэй өрсөлдөх, улмаар эрх ашгаа хамгаалах чадвартай байх болно. Тиймээс хүүхэд бүр үнэ цэнэтэй. Энэ утгаараа хүүхэд бүрд тэгш боломж олгох төдий биш, харин хүүхэд бүрд хамгийн шилдэг боломжийг олгох нь Монголын эрх ашигт нийцэх ёстой.

Нэг бяцхан харьцуулалт хэлье. Миний бие Япон, АНУ, Австри, Герман зэрэг оронд урт хугацаагаар амьдарч үзсэн. Бүгд өөр өөр нийгэм. Гэхдээ Япон, Австри, Герман гурав Монголтой төстэй. Хэдийгээр хүн амын хувьд Япон 126 сая, Австри бараг 9 сая, Герман 83 сая хүн амтай ч үндсэн хүн ам нь хэл, соёл, зан заншлын хувьд нэг. Энүүгээрээ энэ гурван улс Монголтой их төстэй. Бид дөнгөж 3 сая. Австри, Германы нийгмийн байгууллыг тэгш байдал, нийгмийн халамж, хүнээ хамгаалах, хөгжүүлэх, халамжлах утгаар нь харвал Монголд байсан социализмын дэргэд коммунизм гэж хэлж болох бол Японыхыг Монголд байсан социализм гэж хэлж болно. Австри, Германы нийгмийн байгууллыг сурах бичгийн ангиллаар нийгмийн халамжийн төр улс (welfare state) гэж нэрлэдэг.

Харин АНУ бол огт өөр, эсрэг туйл нь. Гэтэл үндсэндээ Монголд одоо байгуулаад байгаа систем бол АНУ-ын хувилбар. Гэхдээ сөрөг хувилбар нь.

Боловсролын салбарт л гэхэд Австри, Германд бүх боловсрол үнэ төлбөргүйгээс гадна нэг ч хувийн их, дээд сургууль байхгүй. Германд неолиберализмын нөлөөгөөр цөөн тооны, бага төлбөртэй хувийн ерөнхий боловсролын сургууль байгуулсан. Ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлын сурвалж болох учир хүмүүс нь дургүй. Хаагдах ч болов уу.

Ер нь Германы одоогийн байгаа эдийн засгийн байгууллыг нийгмийн төлөөх зах зээлийн эдийн засаг (social market economy) буюу нийгэмдээ захирагддаг эдийн засгийн систем гэдэг. Энэ системийг Дэлхийн хоёрдугаар дайны дараа Германы нийгмийн онолчдын боловсруулсан онолын загвараар бүтээсэн. Аденауэрийн засгийн газарт эдийн засгийн сайд, дараа нь канцлер байсан Людвиг Эрхард энэ системийн гол бүтээгч нь. Эрхард 1930-аад оноос Фрейбургийн их сургуульд Валтер Өүкэн нарын үндэслэсэн онолын сургуулийн гол төлөөлөгчдийн нэг.

Үнэ төлбөргүй тиймээс тэгш хүртээмж, боломжтой боловсрол бол тэгш байдал, шударга ёс, ардчиллын баталгаа төдийгүй шударга өрсөлдөөн, эрүүл зах зээл, эдийн засгийн хөгжил, хүчирхэгжлийн эх сурвалж гэж тэд үзсэн. Тиймээс ч тэд одоогийн Германы боловсролын системийг бий болгосон. Тэр нь ч Германы эдийн засгийн гайхамшгийг бүтээсэн. Учир нь өмнө нь хөрөнгө чинээнээсээ болоод сурах боломжгүй байсан Германы олон сая тархинууд сурах, улмаар шинэ нээлт, мэдлэг, техник, технологи бүтээх боломжтой болсон. Өнөөдөр Германд нийт 400 гаруй их, дээд сургууль байна. Нэг нь ч сургалтын төлбөргүй. Герман нийтээрээ дээд боловсролтой орон гэж хэлж болно. Австри бол яг Германы жижиг хувилбар. Гэхдээ илүү социалист, илүү хүндээ хандсан нийгэм. Японы боловсролын систем Герман Америкийн дунд гэж хэлж болно. Японд хувийн их, дээд сургууль байх ч улсын сургуулиуд нь ноёлдог. Сургалтын төлбөр байх ч хүн амын дундаж цалингаар нь бодвол хоёр сарын цалин.

Харин Америкийн боловсролын систем яг Америкийн арьс өнгөөр системтэй ялгаварлах системийнх нь тусгал.

АНУ өөрөө колоничлол болон боолчлол дээр байгуулагдсан улс. Уугуул нутгийн индианчуудыг зайлуулж, газар нутгийг нь колоничилсон бол Африкчуудыг аваачиж боолчилсон. Боолчлолыг халсан ч тэр нь системтэйгээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, сегрегацын систем болж 1970-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн. 1970-аад оноос сегрегацын дэглэмийг халахын тулд маш их зүйл хийсэн. Хэдий тийм ч колоничлол, боолчлол, сегрегацын өв, ул мөр гүн гүнзгий шингэсэн хэвээрээ байгаа газар. Уугуул нутгийн Индианчууд резервацид (одоо Индианчуудын газар нутаг гэж нэрлэдэг байх) хашигдсан бол “өнгөт” арьстнууд нийгмийн доод давхаргад хашигдсан нийгэм байсан. Үүний ул мөр маш хүчтэй хадгалагдаж үлдсэн нийгэм. Тиймээс ч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, тэгш бус байдал системтэй оршсоор байна гэж үзэж байгааг монголчууд анзаарч байгаа байх.

Боловсролын системийн хувьд Монголын одоогийн боловсролын систем яг АНУ-ын хуулбар. Америкийн элитүүд өндөр төлбөртэй (жилийн 40-50 мянган доллар) хувийн бэлтгэл сургуулиудад (prep school) хүүхдүүдээ сургаж, хүүхдүүд нь үндсэндээ Харвард мэтийн Айви лигийн сургуулиудад сурдаг. Айви лигийн сургуулиуд бүгд хувийн сургууль. 1960-аад оныг хүртэл АНУ-д дээд боловсрол үндсэндээ цагаан арьстны онц эрх байсан бөгөөд ялангуяа Айви лигийн их сургуулиуд бол тэрний биелэл байсан.

1890-ээд оноос эхлээд муж улсууд улсын сургууль байгуулж эхэлсэн боловч дэлхийн хоёрдугаар дайны дараа хүртэл хувийн сургуулиуд дээд боловсрол ноёлж байсан. Харин дайны дараа, улмаар иргэний эрхийн хөдөлгөөн, сегрегацийн халснаар улсын сургуулиуд өргөтгөгдөж, дээд боловсрол цагаан арьстны онц эрх дарх байхаа больсон.

Гэтэл нэг арьс өнгө, нэг хэл, нэг соёл, тэр ч байтугай өөрсдийгөө нэг эцэг эхээс үржсэн, нэг яс, цустай гэж хашхирч тунхагладаг цөөхөн монголчууд яг Америкийн сегрегацийн дэглэмийг Монголд байгуулчхаад байна биш үү. Үр дүнд нь хөдөө орон нутгийн монголчуудыг Америкийн индианчуудын ирээдүй хүлээж байгаа бол, гэр хорооллын монголчуудыг хар арьстнуудын, орон сууцны монголчуудыг бор, шар арьстнуудын, эрх баригчдыг цагаан арьстнуудын хувь заяа хүлээж байна.

Америкт бол арьс өнгө, хэл, соёл, зан заншлын ялгаа нь яалт ч үгүй байгаа зүйл. Хүн гээч амьтны бүлгийн сэтгэлгээг тооцвол энэ бас ойлгож болох зүйл.

Харин монголд эдгээр ялгааны аль нь ч байхгүй. Гэтэл манай эрх баригчид Монголд Америк дахь ялгааг олж хараад, түүнд таарсан нийгмийг 21-р зуунд байгуулчихаад байх. Эндээс Монголын эрх баригчид харгис эсвэл хүнлэг байна уу, эсвэл 18-19-р зууны Америкийн боол эзэмшигчид харгис эсвэл хүнлэг байна уу гэдгийг ялган харж болно. Америкчууд боолчлолын гэм, уршгийг даван туулах гэж тэмцэж, хичээж байхад манай эрх баригчид яг түүний эсрэг явж байх.

Монголын эрх баригчдын байгуулсан нийгмийг умардын орнууд буюу Швед, Норвеги, Финландтай биш зөвхөн Герман, Австрийнхтай харьцуулахад л Монголын эрх баригчид Монголын ард түмний төлөө санаа тавьж байна уу, улмаар “хайрт” гэж дуулаад, шүлэглээд, магтаад, тунхаглаад байдаг эх ороноо эх шигээ биш юм гэхэд өөрийн орон шиг хандаж байна уу үгүй юу гэдэг маш тодорхой харагдана.    

ГУРАВ. Асуудлын гол нь Монголын эрх баригчид Монголд итгэхээ байчихсанд оршино

- Одоогийн эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрт Кембрижийн стандарттай улсын сургуулийн тоог нэмэх зорилт тавьсан. Шинэ гишүүд энэ тал дээр ажиллаж байна. Нийт сургуулийн 10 хувийг Кембрижийн стандарттай болгоно гэсэн зорилт тавиад буй. Гэтэл энэ нь нэгэнт бий болсон тэгш бус боловсролын салбарыг улам бүр хуваагдалд оруулах эрсдэлтэй мэт. Таны бодол?

- Таны хэлж байгаатай санал бүрэн дүүрэн нийлж байна.

Ер нь системлэг тэгш бусын сэтгэлгээ системлэг кастын давхаргадаа дахиад нэг шат, давхраа нэмж байгаа хэрэг мэт. Гэхдээ үндсэн гол асуудал нь ер нь Монгол Улс дээд боловсролын системээ бүрмөсөн татан буулгаад, тэр Кембрижийн стандартаар элсэлт авдаг сургуулиудтай гэрээ байгуулаад дээд боловсролоо бүхэлд нь аутсорсингоор хангадаг болчихвол яасан юм бэ? Эсвэл АНУ-ын 51 дэх муж эсвэл Пуэрто Рико энэ тэр шиг онцгой нутаг дэвсгэрийнх нь нэг болчихвол яасан юм бэ?

МУИС элсэлтэндээ Кембрижийн стандарт шаарддаг гэж би сонсоогүй. Харин Монголын их, дээд сургуулиудыг бүгдийг нь татан буулгаж, та нарт зарцуулж байгаа мөнгөөрөө бид хүүхдүүдээ бүгдийг нь АНУ-д сургах хэрэгтэй гэж АНУ дахь Монголын Элчин сайдын яаманд консул байсан нэг нөхөр 2009 онд Вашингтонд дээд боловсролын байгууллагын нэг хүлээн авалтан дээр надад мэдэгдэж байсан. Эрх баригчдын дунд ийм сэтгэлгээ гүн гүнзгий шингэсэн нь харагддаг. Тэр дэлхийн шилдэг 100 их сургуульд элссэн оюутнуудын сургалтын төлбөрийг төр даана гэдэг яг энэ сэтгэлгээний үр хөврөл. Мэдээж үндсэн санаа нь эрх баригчид хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн, буюу ард түмний мөнгөөр л төлөх схем байсан л даа. Миний хувьд бакалаврын төвшинд оюутнуудыг гадаадын их дээд сургуульд сургах шаардлагагүй. Бакалаврын төвшний сургалтаар Америкийн сургуулиуд угаасаа нэг их тийм сайн биш. Харин магистр, ялангуяа докторын төвшинд сургах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа докторын төвшинд сургана гэдэг нь үндсэндээ их дээд сургуулиудаа л хүчирхэгжүүлж байгаа хэрэг. Докторын төвшинд харьцангуй цөөхөн, шилдэг хүмүүс, хямд сурна. Бага зардал гарна. Харин доктор маань эргэж ирээд эрдмийн үрийг илүү олон хүнд тарина.

Танай сайтын мэдээлснээр 2019 оны байдлаар 1,893 хүн гадаадад (мэдээж дийлэнх нь эрх баригчдын үр хүүхэд, ах дүүс, хамаатан, садан) боловсролын зээлээр сурсан харагдсан. Хэрвээ Монгол Улс МУИС, Анагаах, Техникийн их сургууль зэрэгт багшилж байсан болон багшилж байгаа залуусаа шилж шалгаруулж бодлоготойгоор системтэйгээр сургасан бол, эргээд ирэхэд нь ажиллах, амьдрах боломжийн нөхцөлөөр хангасан бол өдийд Монголын их дээд сургуулиуд бүрэн дүүрэн шинэчлэгдчихсэн байх байсан. Үр дүнд нь Монгол хэрэгтэй, хэрэггүй боловсрол импортолж хэдэн арван саяар нь гадагшаа сургалтын төлбөр, амьдрах зардалд төлөхгүй, өөрийн үр хүүхдээ өөрсдөө өндөр, хямд дээд боловсролоор хангаад зогсохгүй, бүс нутагтаа ч боловсрол экспортлох орон болчих байсан.

Үндсэндээ Монголын эрх баригчид бүхэлдээ яг С.Баяр шиг Америкчуудын эцэг, эхчүүд

Асуудлын гол нь Монголын эрх баригчид Монголд итгэхээ байчихсанд оршино. Үндсэндээ Монголын эрх баригчид бүхэлдээ яг С.Баяр шиг Америкчуудын эцэг эхчүүд. Тэдний үр хүүхдийн амьдрал ирээдүй Монголд биш. Монгол тэдний мөнгө олох уурхай, колони нь. Монголын төр баялаг олзворлох, колоничлох хэрэгсэл нь.

Тэд хүүхдүүдээ Монголын газар нутаг дээр өөр ангид оронд сургадаг төдийгүй, Америкийн баячуудын хүүхдүүдээ сургадаг бэлтгэл сургуулиудад ч сургадаг. Тийм хүмүүст Монголын боловсрол, Монголын их дээд сургууль, монголчуудын хувь заяа огт хамаагүй шүү дээ. Чухам тийм учраас тэд Монголын дээд боловсролыг золигт гаргаж байгаа юм. Тэд хүүхдүүдээ Монголд амьдрах, Монгол хүн байлгахыг хүсэж байсан бол Кембрижийн хөтөлбөр бус харин Монголын их дээд сургуулиудыг өөд нь татах байсан.

- Хэрвээ нэгэнт 10 хувийг Кембрижийн стандарттай болгох төсвийн нөөц байгаа бол хамгийн эмзэг муу хэсгээ тордох нь зарчмын хувьд зөв баймаар?

- Мэдээж.

Ядарснаа түшиж, зүдэрснээ үүрэх нь хүний ёс бол айлын хүүхдүүд нэгнээ харж, аав ээж нь алагчлалгүй бөөцийлөх. Харамсалтай нь манай эрх баригчид өөр айлын хүүхдүүд, өөр айлын эцэг эх болчихсон. Мэдээж тэдний дээдсийн оронд ядарсан, зүдэрсэн амьтан байдаггүй нь ойлгомжтой. Тиймээс тэдэнд түших, үүрэх гэдэг ойлголт байдаггүй бололтой юм билээ. Ер нь тэдний хэрэгжүүлээд, мөрдөөд байгаа зах зээлийн эдийн засаг гэдэг бол хүний ёс бус харин байгалийн шалгарал, ширэнгийн хууль үйлчилдэг чадвартай нь амьдрах (survival of the fittest) дүрэмтэй нийгэм гэж Карл Поланьи (Karl Polanyi) бичсэн байдаг.

Гэхдээ Поланьи бас л тэгш өрсөлдөөний утгаар байгалийн шалгарал гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл та бид хоёрын яриад байгаа тэгш боломж, тэгш хүртээмж, тэгш гараанаас ширэнгийн хуулиар өрсөлдөнө гэсэн үг л дээ. Гэтэл Дарвины байгалийн шалгарал бол хэн илүү ген өвлөж авсан нь шалгарах ёстой дүрэм л дээ. Өөрөөр хэлбэл угаасаа илүү давуутай нь амьдарна, үр төлөө үлдээнэ гэдэг дүрэм. Манай эрх баригчид яг Дарвины дүрмээр нийгмийг хараад, гэхдээ генээ тэд өөрчилж чадахгүй нь ойлгомжтой учир, өөрсдийн үр хүүхдэдээ яавал илүү их эд, хөрөнгө, эрх мэдэл, давуу байдал олж авах вэ гэдэг дүрмээр ажиллаад байгаа юм. Гэхдээ тэд Чингис хаан шиг дэлхийг эзлээд үр хойчис улс үндэстэндээ хуваагаад өгчихье гэх бус харин Монголыг эзлээд, колоничлоод, өнгөтэй өөдтэйг нь тоночихъё гэдэг учир л Монголд тэдний колонийн дэглэм тогтчихоод байх шиг.

Үнэндээ одоо ч тэр хашааныхаас бусад Улаанбаатарын бүх газрыг бүлэг этгээд колоничилсны буянаар та, бид өөрсдийн газар нутаг дээрээ колоничлогчдод түрээс төлж, тэдний төлөө ажиллаж байгаа биш үү? Өөрөөр хэлбэл энэ системийн үндсэн зорилго нь ард түмнийг өмч хөрөнгөөс нь салгах (dispossession), энэ улсын иргэний хувьд эдлэх онц эрх мэдлээс нь салгах (disentitlement), улмаар эзэн эрхийн суудлаас нь шилжүүлэн албат, хөлсний ажилчин болгох (dislocation) явдал. Социализм нуран унасан олон оронд энэ бодлого явагдсан. Манай эрх баригчид энэ номлол, бодлогыг бурхны сургааль, номлолоос ч илүү үнэнчээр, маш туйлбартай, нэвт шувт хэрэгжүүлсэн.  

- БНСУ 2025 он гэхэд хувийн өндөр төлбөртэй сургуулиудаа тухайн улсын үндэсний хөтөлбөрт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь тухайн хувийн сургуулиудыг татан буулгахгүй, ижил хөтөлбөртэй болгохыг шаардахын хажуугаар улсын сургуулиуддаа их хэмжээний хөрөнгө оруулалт хийх бодлого байсан. Улмаар эцэг, эхчүүд сонголтоо хийнэ гэж ойлгосон. Солонгосын энэ шийдвэрт та ямар бодолтой байгаа вэ?

- Өөрийн ард түмэн, өөрийн эх орондоо итгэдэг хэн ч ингэнэ. Солонгос дэлхийг оюуны хүчээр байлдан эзэлж байна биш үү. 40 шахам мянган Монгол хүн Солонгост солонгос хүний голоод хийхээ больсон ажлыг хийж амь, амьдрал ар гэрээ тэжээж байгаа биш үү.

200 шахам мянган монголчууд дэлхийн янз бүрийн орнуудад ажиллаж, амьдарч байгаа гэдэг тоо харсан. Мэргэжил, боловсролоороо хүний хийдгийг хийгээд амьдарч байгаа нь дийлэнх, олонх нь гэж огт бодохгүй  байна.

Дээр таны асуусан асуултанд нэмж хэлэхэд бид энэ чигтээ явсаар байвал чухам энэ л бидний буюу Монголын эгэл жирийн олны ирээдүй. Нутаг дээрээ ч, Солонгост ч, хаана ч. Хөлсний, улирлын ажилчин гэдэг нэртэй үнэндээ бол боол, зарц, шивэгчний амьдрал. Ер нь 1911 оны тусгаар тогтнолын хувьсгалын өмнө Монгол тийм болчихсон байсан юм. Монголын үндсэн эдийн засаг нь мал аж ахуй байсан. Гэтэл зарим газар хошуу нутгаараа Хятадын пүүсүүдийн малчид болчихсон байсан юм биш үү?

Хятадын маш олон пүүс, түүний дотор Да Шэн Куйгийн пүүс гээд алдартай пүүс байсан. Мөд Солонгосоос илүү БНХАУ хамгийн хялбар, түгээмэл сонголт болох болов уу гэж бодож байна. Солонгос нь арай дээд зиндааны хөлсний ажилчны хэрэг болох байх. Манай гэр хорооллынхон Хятадын хотуудаар, малчид маань Өвөр Монголын малжих орноор мал маллах болов уу даа. Ер нь одоо ч Монголын хөдөө Хятадын малжих орны өргөтгөл болох замдаа яваа юм биш үү?  

- Орлогын ялгаатай байдал нь боловсролын тэгш бус байдлыг өдөөж буй үндэс болж байгааг олон судалгаа харуулсан. Монголд энэ асуудлыг хэрхэн бууруулах боломж байгаа вэ?

- Орлогын ялгаатай байдал зөвхөн ялгаатай байх системийг хуульчилсан нөхцөлд л боловсролын тэгш бус байдалд нөлөөлнө гэж боддог. Миний хэлснээр бүх багш нарын цалин хөлс, бусад хангамжийг улс орон даяар нэгэн ижил шатлалд оруулбал хувийн сургуулиуд улсын сургуулиудаас сайн багш нарыг тонон дээрэмдэх боломжгүй болно.

Энэ шаардлага Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх сургуульд нэгэн ижил үйлчлэх ёстой. Герман, Австрид улсын салбар, түүний дотор, сургууль, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид бүг цалингийн нэгдсэн сүлжээтэй. Хүмүүс сэтгэл хангалуун, амар амгалан амьдарч болж байна. Мөн социализмын жилүүдэд Монголд байсан Зөвлөлтийн сургуулиуд уг нь Зөвлөлтийн мэргэжилтнүүд, ажилчдын хүүхдүүдэд зориулсан сургууль байсан гэж ойлгодог. Түүнээс бус Монголын эрх баригчдын хүүхдүүдэд зориулж байгуулсан сургууль гэж бодохгүй байна. Энэ утгаараа дипломат корпус, ОУ-ын байгууллагын хүмүүсийн хүүхдүүдэд зориулсан сургууль байх нь ойлгомжтой. Харин тэр сургуулиудад Монгол хүүхдүүд сурах ёстой гэж огт бодохгүй байна. Энэ бол боловсролын тэгш хүртээмж, боломж, гарааны тухай асуудал.

Өөрөөр хэлбэл зөвхөн эдийн засгийн, эсвэл орлогын тэгш бус байдал дангаараа  нийгмийн, эрхийн, боловсролын тэгш бус байдалд хүргэхгүй. Харин худалдан авах чадвар буюу “хөрөнгө чинээнд” нь зохицуулсан системийг хуульчилж өгсөн тохиолдолд л боловсролын тэгш бус байдалд хүргэнэ. Үүнийг л зах зээлийн эдийн засаг гэж нэрлээд байгаа юм. Энэ нь хүмүүсийг эд хөрөнгөөр нь ялгаварлан гадуурхаж, ангилах, зэрэглэх төдийгүй хүмүүсийг өөрсдийг нь хөдөлмөр (labor) гэдэг арилжааны хэрэгсэл (commodity) болгодог, ширэнгийн хууль үйлчилдэг систем. Хэрвээ Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж” “хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго” хэвээр байгаа бол, “хүнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох” хэвээр л бол хүмүүсийг худалдан авах чадвараар нь буюу хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж хуульчилсан систем, тогтолцоог бүрмөсөн халж, Үндсэн хуулийнхаа үзэл санааг сэргээх ёстой. Мэдээж Үндсэн хууль зөрчсөн бүх хууль тогтоомж хууль бус. Тиймээс монголчууд хууль бусын эсрэг босон тэмцэж, хууль бусыг халах ёстой. Энэ бол бүх либерал номлолд байдаг зарчим.

Орлогын тэгш бус байдал өөрөө тусдаа асуудал. Гэхдээ хүмүүс өөрсдийн шинэ санаа, хөдөлмөрөөр орлого олох нь, тэр нь тэгш бус байх нь асуудал биш гэж ойлгодог. Харин өөрийн хөдөлмөрөөр бүтээгээгүй газар ба байгалийн баялгийг өмчлөх, эзэмших эрхээр дамжуулан хөрөнгө болгож зөвхөн тэр эрхийнхээ хүчээр бусдын хөдөлмөрийн үр шимээс хүртэх явдлыг хязгаарлах, болбол бүрмөсөн хориглох хэрэгтэй гэж боддог. Монгол Улсын нутаг дэвсгэр, түүний байгалийн баялаг энэ улсын бүх ард түмний өмч. Ард түмэн гэж өнөөдөр амьдарч байгааг нь төдийгүй ирээдүйд ирэхийг нь ч ойлгож байгаа. Тиймээс өнөөдөр амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ маш шударгаар хүн бүрт бүх зүйлийг тэн тэнцүүхэн хувааж болох байсан ч Монголын газар нутаг, түүний байгалийн баялгийг ингэж хувааж болохгүй.

Хэрвээ ингэж хуваавал нэгдүгээрт бид бүгд тус тусдаа туурга тусгаар болж тусын дайсан болж, биднийг нэгтгэх, хувь заяагаа холбох зүйл үгүй болно. Бидний монголчууд гэдэг ойлголт байхгүй болно. Ер нь ч үгүй болж байх шиг. Ард түмэн гэвэл популист, эх орон гэвэл үндэсний үзэлтэн, эсвэл адгийн шаар гэж чичлүүлэх, элэг доог болгох, тиймээс хүмүүс ингэж ярих дуугарах ч эрхгүй болчихсон юм биш үү. Ард түмэн гэж байхгүй, гэр бүл л гэж бий, ард түмний эрх ашиг гэж байхгүй гэр бүлийн эрх ашиг гэж л бий. Улс орны эрх ашиг гэж байхгүй намын эрх ашиг л гэж байдаг болсон юм биш үү. Нийтийн буюу ард түмний эрх ашиг гэвэл коммунист болсон юм биш үү.

Хоёрдугаарт, ирээдүй үеэс тэгш эрх, тэгш боломж, тэгш хүртээмж, тэгш гарааг нь булааж байгаа хэрэг болно. Нэг хэсэг нь цөөн, нэг хэсэг нь олон хүүхэд төрүүлнэ. Олон хүүхэдтэй айлд төрсөн хүүхэд тэр айлд төрсөн учир цөөн хүүхэдтэй айлд төрсөн хүүхдээс бага хувь хүртэх ёстой юу? Энэ хүний эрхэнд нийцэх үү? Энэ шударга ёсонд нийцэх үү? Мөн нэгэнт хуваагаад өмчилсөн нөхцөлд, гадаадын халдлагад өртвөл бусдын өмч, туурга тусгаар газрын төлөө бусад нь амиа золих уу? Тухайлбал, бүх газраа хуваагаад өмчилчихсөн үед Баян-Өлгий рүү Хятад ч юм уу, Казахстан ч юм уу довтолъё гэж бодьё. Тийм нөхцөлд Дорнодын монгол залуу юуны төлөө Баян-Өлгийн Казахуудын өмч газрын төлөө амиа эрсдүүлэх ёстой байх вэ? Мөн эсрэгээр нь Дорнодын монголчуудын газрын төлөө юуны төлөө Баян-Өлгийн Казах залуу М. Экэй шиг амиа өгөх ёстой байх бэ?

Чухам эл учир л улс үндэстэн бүр өөрийн газар нутагтай, тэр газар нутаг нь одоо ба ирээдүйн иргэн бүрийнх нь өмч байх учиртай, иргэн бүр нь улс үндэстнийхээ биелэл байх учиртай. Тийм ч учир Монгол Улсын иргэн бүр нэг ижил иргэн гэдэг эрх зүйн субьект байдаг. Чухам тийм учраас л хөрст дэлхийн нэг хэсэг газар улс үндэстнүүдийн хувьд “эцэг газар”, “эх орон” болж хувирдаг юм.

Чухам өөрсдийнх нь, үр хойчийнх нь өмч учир л эр, эмгүй эх орныхоо төлөө амиа өгөхөө үүрэг, улс үндэстэн нь тэгэхийг шаардлага гэж ч үздэг юм. Тиймээс зөвхөн төр улсад л урвах гэдэг гэмт хэрэг байдаг бөгөөд ер нь төр улс л хууль ёсоор цаазаар авах, хорих монополь эрхтэй байдаг юм. Мөн хорвоо дээр зөвхөн төр улс л заавал, сонголтгүй, хаалттай иргэншил хэмээх гишүүнчлэлтэй, паспорттой байдаг юм. Тиймээс, тухайлбал Монголын газар нутгийг Монголын хувь иргэн ч өмчлөх ёсгүй болов уу. Түүний оронд, хот суурин газарт хашааны газраа үнэгүй эзэмшдэг (freehold), бусад зориулалтаар ашиглаж болох газрыг хугацаагаар түрээсээр ашигладаг (leasehold) байх ёстой гэж ойлгодог.

Гэтэл Монголд бий болгосон системээс болоод Монголд яг "Нууц Товчоо"-нд хэлдэг шиг орондоо унтах завгүй олзлолдон булаалдах дайн явагдаж байна. Саяхан Б.Энхбаяр гишүүн Зайсангийн хорих ангийн газрын тухай асуудал хөндөж байсан. Хорих албаныхан нь газар дээр нь өөрсдөдөө орон сууц барьж байгаа асуудал. Миний мэдэж буйгаар МУИС, ХҮДС, ХААИС газар дээрээ яг Б. Энхбаярын яриад байгаатай ижил жишгээр байр барьж багш ажилчдадаа өгсөн. Энэ жишиг үргэлжилбэл хэдэн үеийн дараа Зайсангийн хорих анги ч тэр, МУИС ч тэр дуусна гэсэн үг. Энэ нь бид хамтын ирээдүйгээ хөнөөж байгаа л хэрэг.

Үүнээс гадна орлогын тэгш бус байдлыг хазаарлахын тулд улс орнууд маш олон арга хэрэглэдэг. Орлогын өсгөн нэмэгдүүлэх татвар, хөрөнгийн татвар, өв залгамжлах татвар гэх мэт маш олон арга хэрэглэдэг. Сүүлийн үед хөрөнгийн татварыг (wealth tax) Томас Пикеттигээс эхлээд маш олон эрдэмтэд дэмждэг болсон. Ер нь төр улс, улс үндэстэн гэж байхын үндсэн зорилго нь гэр бүлийн нэг адил бүтээснээ хуримтлуулж, гишүүддээ өөр өөрсдийнх нь хувийг хүртээхийн төлөө хамтын орон гэрээ өөд нь татаж, ирээдүйгээ бэхжүүлэх явдал бус уу? Ямар ч байсан эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ дарангуйлах, мөлжих явдал биш. Ер нь эрх баригчдын хувиа хичээсэн харалган бодлогоос болж бидний хамтын ирээдүй эрсдэлд орчихоод байна.