Индэр    
2020 оны 8 сарын 3
Зураг
Дархлаа судлаач, хүний их эмч, Анагаах ухааны доктор

Коронавирусийн эсрэг вакцин гарахад хэр ойртсон бэ?

COVID-19 өвчний аюул хүн төрөлхтөнд заналхийлсэн хэвээр байгаа бөгөөд уг өвчний эсрэг үр дүнтэй вакцин бүтээхээр дэлхийн олон орны судалгааны төвүүд ажиллаж байна.

Коронавирусийн эсрэг вакциныг яагаад нэн яаралтай бүтээх шаардлагатай байгаа вэ?

COVID-19 өвчнийг үүсгэгч ​SARS-CoV2 вирус нь 2019 оны 12 сард анх илэрсэн цагаасаа эхлэн ​дэлхий даяар зогсолтгүй маш хурдацтай тархсаар байгаа бөгөөд дэлхийн хүн амын дийлэнхид нь энэ өвчний аюул заналхийлсэн хэвээр байгаа билээ. Уг өвчний эсрэг вакциныг яаралтай бүтээхээр дэлхийн олон орны олон эрдэмтэн судлаачид өдөр шөнөгүй ажиллаж буй бөгөөд тус өвчний эсрэг вакциныг амжилттай бүтээсэн тохиолдолд вакцинаар дамжуулан хүмүүсийн дархлаа тогтолцоог сурган чадавхижуулах замаар уг вирустай амжилттай тэмцэх боломжийг олгох бөгөөд ингснээр дэлхийн олон оронд хэрэгжиж буй хорио цээрний ​хатуу дэглэмүүд шат дараалан цуцлагдаж улмаар хямралд ороод буй олон улс орнуудын эдийн засаг, өрх гэрүүдийн ахуй амьдрал эргэж хэвэндээ орох боломж бий болох юм.

Коронавирусийн эсрэг вакцин хэзээ бэлэн болох төлөвтэй байна вэ?

Хэдийгээр ямар нэгэн шинэ өвчний эсрэг вакцин бүтээж гарган авах ажил дор хаяж хэдэн жилийг дамжин үргэлжилдэг сунжирсан нарийн түвэгтэй ажил байдаг боловч дэлхий даяарх олон судалгааны байгууллага болон тэдгээрийн эрдэмтэн судлаачид COVID-19 өвчний эсрэг вакцин бүтээхдээ тэрхүү урт цаг хугацааг товчлон цөөн хэдэн сарын дотор бүтээн гаргахаар шаргуу ажиллацгааж байна.

Дэлхийн тэргүүлэх ихэнх эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг шинэ коронавирусийг гарснаас 12-18 сарын дараа буюу 2021 оны дундуур бэлэн болж олон нийтийн хүртээл болно хэмээн үзэж буй бөгөөд судалгаануудын багуудын үр дүнгээс шалтгаалан энэ хугацаа ойртож эсвэл холдож болох талаар мөн хэлж байгаа билээ.

Коронавирусийн эсрэг ямар вакцинууд ямар амжилттайгаар хаана бүтээгдэж байна вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэж байгаагаар дэлхий даяар COVID-19 өвчний эсрэг ​140 гаруй вакцинууд бүтээгдэж байгаа бөгөөд тэдгээрийн бүтээгдэж буй хурд, амжилт болон албан ёсоор зөвшөөрөгдөж гарахаар хүлээгдэж буй хагацаа зэрэг нь харилцан адилгүй байгаа авч хүний ​биед дархлаа төрүүлэх чадвар болон аюулгүй байдал зэргийн харьцуулалт нь одоогоор хараахан бүрэн тодорхой мэдэгдээгүй байна.

Вакцин бэлэн болж зөвшөөрөл авахын тулд ямар шатны туршилтуудыг даван туулах ёстой байдаг вэ?

Шинээр бүтээгдсэн ямар нэгэн вакцин нь бүрэн бэлэн болж албан ёсоор зөвшөөрөгдөх хүртлээ хэд хэдэн шатны туршилтуудыг давах шаардлагатай болдог бөгөөд эдгээр шатнуудын аль нэгэнд нь бүдэрсэн тохиолдолд цаашид хэрэглэгдэх зөвшөөрөл өгдөггүй юм.

Тэдгээрийг тоймлон өгүүлбэл:

Эмнэлзүйн-өмнөх шат: Энэ шат нь туршилт судалгааны хамгийн эхний шат бөгөөд энэ шатанд судлаачид бүтээсэн вакцинаа туршилтын амьтадад хийж шинээр бүтээсэн вакцин нь амьтны биед дархлаа тогтоож чадаж байга эсэхийг шалгадаг. Одоогоор энэ шатанд 142 вакцины горилогч бүтээгдэхүүнүүд туршигдаж байна.

1 дүгээр шатны эмнэл зүйн туршилт: ​Туршилтын эхний шатанд вакциныг цөөн тооны хүмүүст хийж вакцины аюулгүй байдал болон хүний биеийн дархлаа тогтолцоог идэвхжүүлж чадаж байгаа эсэхийг шалгадаг.

2 дугаар шатны эмнэл зүйн туршилт: ​Дунд шатанд вакциныг дор хаяж хэдэн зуун тооны хүнд хэрэглэж вакцины аюулгүй байдал болон тохиромжтой тунг нарийвчлан тогтоох зэрэг ажлууд хийгддэг.

3 дугаар шатны эмнэл зүйн туршилт: ​Эцсийн шатны туршилтад вакциныг дор хаяж хэдэн мянган хүнд хэрэглэх ба вакцины үр нөлөөг дээшлүүлэх арга болон ховор илрэх гаж нөлөө зэргийг нарийвчлан судалдаг. Энэ шатанд вакцин бус плацебо хэмээх бодис хийлгэсэн хүмүүсийг хяналтын бүлэг болгон хэргэлдэг.

Эмнэл зүйн туршилтын шатанд байгаа вакцины горилогч бүтээгдэхүүнүүд

Дэлхийн олон орны судалгааны хүрээлэн болон хувийн компаниуд ​олон өөр аргуудаар COVID-19 өвчний эсрэг вакцин бүтээхээр ажиллаж буйн заримаас дурдвал:

 

 

 

Синовак
/Sinovac/

 

БНХАУ -н биотехнологийн Синовак компани нь COVID-19 өвчнийг үүсгэгч коронавирусийн идэвхигүйжүүлсэн бүтцийн хэсгүүдийг ашиглан вакцин бүтээж байна. Тэдний вакцин эмнэл зүйн эрт үеийн туршилтууддаа сайн үр дүн үзүүлсэн бөгөөд одоогоор 3 дугаар шатны эмнэл зүйн туршилтаа Бразил улсад эхлүүлээд байна.


Ухуанийн Биологийн Бүтээгдэхүүнүүдийн Институт/Синофарм
/Wuhan Institute of Biological Products /Sinopharm/

 

Бээжингийн Биологийн Бүтээгдэхүүнүүдийн Институт/Синофарм
/Beijing Institute of Biological Products/Sinopharm/

 

Оксфордын Их Сургууль/АстраЗенека
/University of Oxford/AstraZeneca/

 

Их Британийн Оксфордын Их Сургуулийн АстраЗенека компанитай хамтран хөгжүүлж буй вакцин нь коронавирусийн гадаргуугийн уураг болох сэртэнгийн уургийг үүсгэх кодыг агуулсан зөөвөрлөгч вектор ДНХ (деоксирибонуклейн хүчил) -ийн арга дээр суурилж буй бөгөөд уг вакцин нь эмнэл зүйн 2 дугаар шатаа Их Британи Умард Ирландийн Нэгдсэн Вант Улсад амжилттай дуусгаж улмаар Өмнөд Африк ба Бразил улсуудад 3 дугаар шатны туршилтаа эхлүүлээд байна.


КанСино Биоложик Инк./Бээжингийн Биотехнологийн Институт
/CanSino Biologics Inc./Beijing Institute of Biotechnology/

 

БНХАУ -н биотехнологийн Кансино компани болон тус улсын зэвсэгт хүчинтэй ойрхон харилцаатай Бээжингийн Биотехнологийн Институт нарын хамтран бүтээж буй вакцин нь 2 дугаар шатны эмнэл зүйн туршилт судалгаандаа эерэг үр дүн үзүүлсэн талаар тус нэгдлийн зүгээс мэдэгдсэн авч судалгааны нарийвчилсан үр дүнгүүдийг хараахан олон нийтэд үзүүлээгүй байгаа юм.

Уг вакцины зөвшөөрлийг дэлхийд хамгийн анхлан олгож батлан хамгаалах салбарынханд хэрэглэнэ гэж холбогдох байгууллагуудынх нь зүгээс мэдэгдэж байсан хэдий ч хир өргөн хүрээг хамран хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөөгүй юм.


Анхуй Жифэй Лонгком Эмийн Үйлдвэр/Бичил-амь Судлалын Институт, Хятадын Шинжлэх Ухааны Академи
/Anhui Zhifei Longcom Biopharmaceutical/Institute of Microbiology, Chinese Academy of Sciences/

 

Mодерна/АНУ-н Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Институт
/Moderna/National Institute of Allergy and Infectious Diseases/

 

АНУ-н биотехнологийн Модерна компанийн тус улсын Харшил, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Институттэй хамтран бүтээж буй вакцин нь вирусын мессенжер РНХ /дохиоллын Рибонуклейн хүчил/ (мРНХ) -г ашиглан вакцин хийлгэсэн хүний биен дотор коронавирусийн уургийг бүтээж улмаар хүний дархлаа тогтолцоог өдөөх зарчимтай юм.

Урьд өмнө мРНХ -г ашиглан бүтээсэн халдварт өвчний вакцинд зөвшөөрөл огт олгож байгаагүй бөгөөд амжилттай бүтээгдсэн тохиолдолд халдварт өвчний эсрэг дэлхийн хамгийн анхны мРНХ бүтэцтэй вакцин болон бүртгэгдэх төдийгүй уламжлалт вакцинуудыг бодвол маш богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх боломтжтой гэдгээрээ давуу талтай хэмээгдэж буй юм.


ОХУ-н Хүндэт Академич Н.Ф.Гамалейн нэрэмжит Тархвар Судлал ба Бичил Амь Судлалын Үндэсний Судалгааны Төв
/Национальный Исследовательский Центр Эпидемиологии и Микробиологии Имени Почётного Академика Н.Ф.Гамалеи/

 

ОХУ-н Гамалеин нэрэмжит судалгааны төв нь хүний биед ормогц вирусын уургийг бүтээн дархлаа тогтолцоог өдөөх шинж бүхий ДНХ (деоксирибонуклейн хүчил) -д суурилсан Векторын вакциныг амжилттай бүтээж гурван шатны эмнэл зүйн туршилт судалгаануудыг хийж дуусгасан бөгөөд одоо зөвхөн уг вакциныг албан ёсоор бүртгэх бичиг цаасны ажил л үлдээд байна хэмээн ойрмогхон мэдэгдсэн юм.

Мөн түүнчлэн тус улсын өөр хэд хэдэн институт, судалгааны хүрээлэнгүүд тус тусдаа вакцинууд бүтээж байгаа ба тэдгээр бүтээгдэхүүнүүд удахгүй ар араасаа бэлэн болно хэмээн мэдэгдэж байгаа билээ. Хэдий тийм боловч бүтээсэн вакцины аюулгүйн болон үр дүнгийн туршилт судалгааны үр дүнгүүдийг олон нийтэд бүрэн нээлттэй үзүүлэхгүй байгаа ба ОХУ-н зүгээс мэдэгдсэнээр тус улс 10 дугаар сараас бүтээсэн вакцинаараа хүн амаа вакцинжуулж эхлэх бөгөөд нэн түрүүнд нэн шаардлагатай хүмүүсийг вакцинд хамруулна гэдгээ ч мөн мэдээлээд байна.


Иновио Эмийн Үйлдвэр/Олон Улсын Вакцин Судлалын Институт
/Inovio Pharmaceuticals/International Vaccine Institute/

 

Осакагийн Их Сургууль/АнЖес/Такара Био
/Osaka University/AnGes/Takara Bio/

 

Генексин Консорциум
/Genexine Consortium/

 

Кадила Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээ ХХК
/Cadila Healthcare Limited/

 

Бхарат Биотех
/Bharat Biotech/

 

Анагаахын Биологийн Институт, Хятадын Анагаах Ухааны Академи
/Institute of Medical Biology,Chinese Academy of Medical Sciences/

 

Новавакс
/Novavax/

 

Кентаки Биопроцессинг, Инк
/Kentucky Bioprocessing, Inc/

 

БиоНТех/Фосун Фарма/Пфизер
/BioNTech/Fosun Pharma/Pfizer/

 

Кловер Био-Эмийн Үйлдвэр Инк./ЖиЭсКэй/Динавакс
/Clover Biopharmaceuticals Inc./GSK/Dynavax/

 

Ваксин Пти ХХК/Mедитокс
/Vaxine Pty Ltd/Medytox/

 

Австрали Улсын Күийнсландын Их Сургууль/СиЭсЭл/Секирус
/University of Queensland/CSL/Seqirus/

 

Лондонгийн Империал Коллеж
/Imperial College London/

 

Кюревак
/Curevac/

 

Хятадын Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА)-н Цэргийн Шинжлэх Ухааны Академи/Валвакс Биотех.
/People’s Liberation Army (PLA) Academy of Military Sciences/Walvax Biotech./

 

Медикаго Инк.
/Medicago Inc./

 

Мелбурны Их Сургууль/Мурдок Хүүхэд Судлалын Институт
/University of Melbourne/Murdoch Children’s Research Institute/

 

Австрали улсын Мурдок Хүүхэд Судлалын Институт нь 100 жил орчмын түүхтэй сүрьеэгийн вакциныг ашиглан коронавирусийн эсрэг 3 дугаар шатны эмнэл зүйн туршилт судалгааг хийж байна. Уг вакцин нь COVID-19 өвчний эсрэг өвөрмөц дархлаа тогтоохгүй боловч биеийн өвөрмөц бус дархлааг хүчжүүлнэ хэмээн бүтээгчид нь найдлага тавьж байгаа ажээ.


Вакцинтай холбоотойгоор хийгдэх ёстой ямар ажлууд үлдээд байгаа вэ?

Дэлхий даяарх дээр дурдсан судалгааны олон багууд COVID-19 өвчний эсрэг вакциныг гаргаж авахаар ажиллаж буй авч хийгдэх ёстой зарим чухал ажлууд мөн үлдээд байгааг дурдвал:

  • Шинээр бүтээгдэж буй вакцинуудын эмнэл зүйн туршилт судалгаанууд бүтээгдэж буй ихэнх вакцинуудыг хүний биед аюулгүй болохыг харуулсан авч тэдгээрийг богино хугацаанд товчлон бүтээсэн тул аюулгүй байдлын судалгааг цаашид улам нарийсган хийх шаардлага мөн тавигдаж байна. Хэрэв бүтээсэн вакцин нь хүний эрүүл мэндэл ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлбэл тухайн вакцин хэрэглээний жагсаалтаас шууд хасагдах болно.
     
  • Албан ёсоор батлагдаж гарсан вакциныг хэдэн тэрбум тун болгон их хэмжээгээр үйлдвэрлэхийн тулд их хэмжээний үйлдвэрийн хүчин чадлыг бүтээн бий болгох шаардлагатай болж байна.
     
  • Эцэст нь вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэн гаргасны дараа дэлхийн нийт хүн амд хүртээмжтэй хүргэх төсөв мөнгө, тээвэр дэд бүтцүүдийн асуудлыг богино хугацаанд үе шаттайгаар шийдвэрлэх шаардлага мөн тулгарч байгаа юм.

COVID-19 өвчний эсрэг вакцинжуулалтад хир олон хүнийг хамруулах шаардлагатай вэ?

Дэлхийн нийт хүн амд COVID-19 өвчний эсрэг “сүргийн дархлаа” тогтоож уг өвчний тархалтыг зогсоохын тулд дэлхийн нийт хүн амын дор хаяж 60-70% -г вакцинжуулах шаардлагатай бөгөөд дэлхий даяар тархан суурьшсан хэдэн тэрбум хүнийг хамруулахад нэлээд цаг хугацаа орно гэж судлаачид үзэж байна.

Эцэст нь дахин цохон тэмдэглэхэд хүн төрлөхтөн COVID-19 өвчний эсрэг вакциныг урьд өмнө үзэгдээгүй хурдаар нэн яаравчлан бүтээж буй бөгөөд эрдэмтэн судлаачид амжилттай вакцин бүтээснээр олон хүний амь нас аврагдаж улс орнуудын эдийн засаг эргэн сэргэж дэлхий нийтийн амьдрал “урьдын хэвэндээ” орно гэдэгт найдлага тавин ажиллаж буй юм.

Нийтлэл бичсэн:

Д.Мандахнаран, MD., PhD.
С.Мягмаржаргал, MD.

Ашигласан мэдээллийн эх сурвалжууд: