Вирусүүд бол байгаль дээр орших уурган бүрхүүлээр бүрхэгдсэн удамшлын мэдээллийг агуулагч бодис (ДНХ эсвэл РНХ) бүхий өчүүхэн жижиг биетүүд юм.
Вирусийн биологийн гол шинж нь өөрсдөө бие даан үрждэггүй заавал өөр амьд биетийн эсийн дотор орж түүний эрхтэнцрүүдийг нь “хакердан” өөрийнхөө үржлийн төлөө ажиллуулан тухайн эсийнхээ дотор ихээр үржиж улмаар эзэн эсээ үхүүлэн хэдэн сая тоотой болж гараад тэр бүр нь дараагийн золиосуудаа хайн оддог байдал юм.
Тэгвэл ийнхүү өвөрмөц аргаар довтлогч вирусүүдийг бидний бие ч зүгээр хараад суудаггүй бөгөөд өөрийгөө хамгаалахын тулд дархлаа тогтолцоо маань тэдэнтэй ч идэвхтэй тэмцэл хийдэг. Гэхдээ тохирсон аргаар нь…
Бидний хоолойны ч юмуу, өөр аль ч хэсгийн хамаагүй эсүүдэд халдварлан орсон вирусүүд тэндээ дархлааны эсүүдээс “нуугдах” тактикаар ажилладаг.
Вирусүүд ингэж дархлааны эсүүдээс нуугдсан тохиолдолд байгаль эх бидний вирусээр халдварлагдсан эсүүдийг өөрсдийг нь дархлааны эсүүддээ туслуулахаар бүтээсэн байдаг ба тодорхой хэлбэл вирусийн халдварт өртсөн бидний биеийн бүхий л эс /Цусны улаан эсээс бусад/ Эдийн Тохирооны Их Бүрдэл-Iбуюу MHC-I (Major Histocompatibility Complex-I) гэдэг уургаар дамжуулан дархлааны эсэд “хов” хүргэдэг.
Биеийн ямар нэгэн эс вирусээр халдварлагдсан тохиолдолд тухайн эсийн MHC-I уураг нь өөр дотор нь шинээр үүссэн вирусийн уургуудыг буюу “нүүрний маскыг” өөртэйгээ холбон тухайн эсийнхээ гадаргуу дээр гарган ирж дархлааны эсүүдэд өөрийнхөө халдварлагдсан байдлыг харуулдаг юм.
Дархлааны эсүүд болох цусны цагаан эсүүдийн дотроос Т эс хэмээх тусгай бэлтгэгдсэн эсүүд /Т эс ясны чөмөгт үүссэнийхээ дараа сэрээ булчирхай буюу Латинаар Тимус гэх эрхтэнд ирж дайсанг довтлох сургалт аван хөгждөгөөс үүдэн Тимус гэх үгийн эхний үсгээр Т эс хэмээн нэрлэх болжээ/ цусаар эргэлдэн вирус, бактери гэх мэт өвчин үүсгэгчдийг хайж олон устгаж байдаг. Тэдэн дотроос Эс хордуулагч Т эс хэмээх хүчирхэг эсүүд нь вирусээр халдварлагдсан өөрийн эсүүдийг таньж өөрийн доторх “хорт бодисуудаараа” тэдгээр эсүүдийг доторх вирустай нь цугт нь устгахаас гадна “захирангуй тушаалаараа” тус эсүүдийг өөрсдийгөө үхүүлэхэд хүргэдэг юм.
Эс хордуулагч Т эсүүдийн гадаргуу дээр байдаг TCR(T Cell Receptor буюу Т эсийн хүлээн авуур) хэмээх уураг нь халдварлагдсан эсийн гадаргуу дээр түүний MHC-I уурагтай холбогдон гарч ирсэн вирусийн хэсгийг таньснаар Эс хордуулагч Т эс идэвхжин довтолж эхлэх ба Эс хордуулагч Т эс бүрийн TCRуургууд нь сэрээ булчирхай дахь хөгжлийн явцдаа өөр өөр вирусүүдийн өөр өөр MHC-I уурагтай холбогдсон бүтцийг танихаар дагнан бүтээгдсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл MHC-I -уурагтай холбогдсон томуугын вирусийг таньдаг TCR бүхий Эс хордуулагч Т эс зөвхөн тэр вирусээ л таних ба өөр вирус, тухайлбал элэгний үрэвслийн вирусийг танихгүй тул элэгний вирусийг таних чадвартай өөр нэг Эс хордуулагч Т эс байх гэх мэтээр өөр өөр Т эсүүд оршиж байдаг.
***
Өөрт нь зориулагдсан байг биеийн эсийн MHC-I -тэй холбогдон гарч ирснийг таньсан Эс хордуулагч Т эс идэвхжих бөгөөд эхлээд олон удаа хуваагдан олширсныхоо дараа довтолгооноо эхэлж вирусээр халдварлагдсан эсүүдээ устгаж эхэлдэг.
***
Вирус ч бас мөчөө өгөх дургүй бөгөөд өөрийн дасан зохицох өндөр чадвараа ашиглан хүний дархлаа тогтолцоотой олон арга замаар тэмцэж байдаг юм. Тухайлбал зарим вирусүүд дотор нь орсон эзэн эсийнхээ MHC-I уургийг “хакердан” эсийн гадаргуу дээр гарахыг зогсоосноор Т эсүүдэд мэдэгдэлгүй үлдэж чаддаг.
Бидний бие олон сая жилийн түүхэн хувьслын явцад тэдний энэ аргыг ч бас бидний бие мэддэг болсон байдаг бөгөөд вирус ингэж нуугдаж үлдсэн тохиолдолд бидний дархлааны өөр нэгэн аймшигт эсүүд болох Natural Killer буюу товчхондоо NK хэмээх эсүүд тэдгээр нуугдасдыг олж устгадаг. Ингэхдээ NK эс нь бусад эсийн гадаргуу дээрхи MHC-I уургийн хэмжээг мэдэрдэг бөгөөд тодорхой нэг эс өөрийн гадаргуу дээрхи MHC-I уургийг хэт багасгасан “сэжигтэй үйлдэл” гаргаад эхэлмэгц очиж шалган хэрэв “но”-той гэж мэдэрвэл тэднийг Т эстэй адил арга замаар устгадаг байна.
Эс хордуулагч Т эс болон NK эсүүд вирусээр халдварлагдсан гэж үзсэн өөрийн биеийн эсүүдээ дээр дурдсанчлан өөрийн доторхи мөхлөгөнцөрүүдэд агуулагдах перфорин, гранзим зэрэг хорт бодисуудаар “цоо шүршин” үхүүлэхээс гадна хүний биеийн бүхий л эсийн дотор байх “өөрийгөө устгах” генийн кодыг ажиллуулах дохио өгснөөр өөрийг нь өөрөөр нь устгуулдаг. Ингэж устаж байгаа эс дотроо байгаа вирусүүдийг ч бас өөртэйгээ хамт авч оддог юм.
Хүний биеийн эс болгонд байх энэхүү “цаг нь болохоор өөрийгөө устгах” генийн кодод алдаа гарснаар үхэшгүй мөнхийн мангас болох хорт хавдар өвчин үүсдэг гэдгийг дашрамд дурьдсу.
Дархлааны эсүүдээс гадна хамгийн гол нь вирусээр халдварлагдсан биеийн бүхий л эсүүд (Дотроо бөөм хэмээх эрхтэнцэргүй цорын ганц эс болох цусны улаан эсээс бусад нь) интерферон хэмээх жижигхэн уургуудыг өөрөөсөө ялгаруулах бөгөөд интерферон нь эргэн тойрны бусад эсүүд доторх маш олон төрлийн (харамсалтай нь бүгд биш) вирусүүдийн үржлийг дарангуйлан зогсоохоос гадна тэдгээр эсүүдийн MHC-I уургийн үйл ажиллагааг дэмжин сайжруулснаар дархлааны эсүүдэд өөрийн илчлэгдэх байдлыг нэмэгдүүлж доторх вируснуудтайгаа хамт устгагдан халдвар тархах замыг бууруулж байдаг.
Хүний биеийн ихэнх эрхтнүүд дархлааны эсүүдийн шуурган довтолгооны улмаас сүйрч хоосорсон ихэнх эсүүдийг эрүүл үлдсэн өөр эсүүдээс нөхөн ургуулах чадвартай байдаг авч цөөн зарим эрхтний эсүүд хэзээ ч сэргэхгүйгээр устгацгаадаг юм
Вирусүүд Эс хордуулагч Т эс, NK эсүүдийн дайралтыг “аргалж” чадсан ч ард нь В эс /В эсийг анх шувууны Bursa Fabricia буюу Фабрицийн уут хэмээх эрхтнээс олсноос үүдэн Bursa-ийн буюу В эсхэмээн нэрлэх болсон аж/ хэмээх маш хүчирхэг нэгэн цагаан эс хүлээж байдаг бөгөөд яг л Эс хордуулагч Т эс шиг тодорхой вирусийг тухайлан таних шинж чанартай BCR (B Cell Receptor буюу B эсийн хүлээн авуур) хэмээх хүлээн авуур уурагтай боловч устгах хор цацахын оронд “өөрийн” вирустээ зориулж “урласан” Эсрэгбиехэмээх Y хэлбэртэй уургуудаа цацдаг. Гэхдээ мэдээж эхлээд вирусийг таньж улмаар өөрийгөө хуваан олшруулсны дараа!
В эсээс ялгарсан эсрэгбиеүүд эсийн гадна яваа (эс рүү орж амжаагүй эсвэл эс дотроос олшрон гарч ирээд байгаа) вирустэй химийн холбоогоор үлгэрлэвээс “түлхүүр-цоож лугаа” таарч өвөрмөцөөр холбогддог бөгөөд ингэж олон тооны эсрэгбиеүүд вирусийг тал талаас нь хучин бүрхсэний дүнд дархлааны дараах үйл явцууд өрнөнө:
Хэдийгээр хүний дархлааны тогтолцоо нь өвчин үүсгэгч бичил биетний эсрэг маш нарийн төвөгтэй урвалуудыг явуулан өөрийгөө цэвэрлэж байдаг авч вирусийн эсрэг өрнүүлэх дархлааны үйл ажиллагааг товчлон тоймлоход иймэрхүү байгаа бөгөөд бидний дархлааны эсүүд маань бидэнд мэдрэгдэх шинжтэй болон шинжгүйгээр цаг үргэлж гадны өвчин үүсгэгчидтэй тэмцэн өөрийн бие махбодыг цэвэрлэж байдаг гэдгийг эцэст нь тэмдэглэх байна.