Индэр    
2020 оны 3 сарын 12
Зураг
Дархлаа судлаач, хүний их эмч, Анагаах ухааны доктор

Цар тахал буюу Пандеми гэдэг нь юу гэсэн үг вэ?

2020 оны 3 дугаар сарын 11 -ний өдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) COVID-19 -н халдвар эпидеми буюу тахлын хүрээнээс хальж пандеми буюу цар тахлын хэмжээнд хүрснийг анх удаа зарлав.

Тэгвэл цар тахал гэдэг нь юу гэсэн үг вэ?

Цар тахал гэдэг нь тахал үүсгэж буй өвчний шинж, түүний эсрэг авах арга хэмжээ өөрчлөгдөөгүй гэсэн үг бөгөөд харин өвчний хамрах газар зүйн хүрээ тэлснийг хэлж байгаа нэр томьёо юм.

Өөрөөр хэлбэл COVID-19 өвчин болон түүний эсрэг авах арга хэмжээний заавар огтхон ч өөрчлөгдөөгүй ба уг өвчин илүү өргөн бүс нутгийг хамарч илүү олон хүнд халдварлан өвчлүүлж байгаа, түүнчлэн цаашид өмнөхөөсөө илүү том бүс нутагт, илүү олон хүнийг эрсдэлд оруулж байна гэж ойлговоос зүйтэй юм.

ДЭМБ -ын гаргасан мэдэгдэлд дурьдсанаар хүн ам дархлаагүй ямар нэгэн шинэ өвчин гарч урьдчилсан таамаглалыг даван олон хүнийг хамарч дэлхий нийтээр тархах үед цар тахал хэмээх тодорхойлолтыг өгдөг аж.

Өвчний тархалт ямар байгаа тохиололд цар тахал гэж үздэг вэ?

Халдварт өвчний тархалт өндөр байгаа гадны ямар нэгэн оронд зорчоод ирсэн хүмүүс болон тухайн хүмүүсээс бусад хүн халдвар авч өвчин өөр өөр улс орнуудад шинээр тархаж байгаа тохиолдолд цар тахал гэж хараахан үздэггүй бөгөөд харин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн өвчин дэлхийн олон улс орнуудад тэсвэртэй оршиж улс орнууд дотор халдварын “хоёрдогч давалгаа” буюу гаднаас зөөвөрлөгдөх боломжийг хаачихаад байхад улс орнуудын хүн амын дунд тухайн өвчин бие даан тархаж байгаа тохиолдолд уг халдварыг цар тахал буюу пандемийн хэмжээнд хүрсэн гэж зарладаг байна.

Харин тахал буюу эпидеми гэдэг нь цөөн бүс нутаг буюу улс орны дунд халдварын тархалт огцом нэмэгдэхийг хэлдэг.

Тодорхой өвчин дэлхий нийтийг хамарсан цар тахал болсныг зөвхөн ДЭМБ зарлах ба дэлхий нийтийг хамарсан хуурамч түгшүүр төрүүлэхгүйн тулд олон хүчин зүйлийг тооцож, маш сайн нягталж үзсэний үндсэн дээр зарладаг.

Хэдийгээр цар тахал хэмээн зарласан боловч COVID-19 халдвар авсан ихэнх хүмүүсийн тэмдэг харьцангуй хөнгөн явагдаж өнгөрч байгаа бөгөөд дунджаар зургаа хоногт өвчин илааршиж байна гэсэн судалгаа байгааг мөн дурьдах нь зүйтэй юм.