Зураг
Зураг
Индэр    
2020 оны 7 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Монгол морь ч эх орон руугаа гүйдэг юм, Ерөнхий сайд аа!

- Гадаадад гацсан иргэдээ хагас жилд татаж чадаагүй Засгийн газрын алдаа - 

https://www.facebook.com/ulsturmongolia/videos/206220670661287/?t=1

“...Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй. Энэ бол Үндсэн хуулийн хэмжээнд хийж байгаа ажил. Монгол хүн битгий хэл монгол морь эх орон руугаа гүйдэг юм. Тиймээс харийн нутагт гэр бүлээ тэжээж, хүнд хүчир ажилд зүтгэж байгаа иргэдээ бид үе шаттай татна” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны гуравдугаар сарын 27-нд COVID-19 цар тахлын үед эдийн засагт авч хэрэгжүүлэх анхны багц арга хэмжээгээ танилцуулах үедээ хэлснээс нь хойш дөрвөн сар орчим хугацаа өнгөрчээ.

Харин энэ хугацаанд гадаад улс оронд гацсан монголчуудын нөхцөл байдал улам хүндэрч, тартагтаа тулсан тул аргаа барсан элэг нэгтнүүд маань цуглан жагсаж, дуу хоолойгоо нэгтгэн хүргэж байгаа ч асуудал шийдэгдэхгүй хэвээр байна. 

Зураг. Гадаадад гацсан монголчууд дэлхийн өнцөг булан бүрт жагсаж байна

Засгийн газрын хамгийн сүүлийн байр суурь гэвэл, шинээр томилогдсон Шадар сайд Я.Содбаатар “Сүүлийн үед зарим оронд жагсаал цуглаан хийх, сошиалд шахалт, дарамт үзүүлэх, янз бүрийн зохион байгуулалттай, улс төрийн акц хийх хандлагууд мэр сэр гарч байна. Бид ямар нэгэн шахалт, дарамтаар ажлаа хийхгүй"  хэмээн өнгөрсөн Баасан гарагт мэдэгдсэн нь олон нийтийн сүлжээнд иргэдийн бухимдлыг төрүүлээд байна. 

Үнэн хэрэгтээ өнгөрсөн хагас жилийн хугацаанд гаднын улс оронд гацчихаад байгаа иргэдэд санхүүгийн асуудал болон ардаа үлдээгээд ирсэн үр хүүхэд, ар гэр нь хамгийн чухал болохоос биш шинэ Шадар сайдын хэлсэнчлэн улс төрийн зорилго огт байхгүй нь тодорхой. Харин дотооддоо халдвар алдаагүй байгаа нь үнэн. 

Нэгэнт дотооддоо халдвар алдаагүй учраас энэ чигээрээ эдийн засаг, нийгмийн амьдралыг түгжээтэй үргэлжлүүлээд байж болохгүй. 

Асуудлын гол нь лабораторийн хүрэлцээ байжээ

Цар тахлын эсрэг дэглэмд хамгийн их хохирч буй хэсэг бол яах аргагүй хүүхэд, багачууд.

Зуны амралтыг тооцвол ерөнхий боловсролын сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн долоон сар гэртээ, хөл хорионд байна. Цэцэрлэгийн багачуудын хувьд нэгдүгээр сарын сүүлээс хойш гэртээ байгаа.

Тиймээс ч есдүгээр сард хичээл эрх биш ордгоороо орох болов уу гэсэн хүлээлт бий. Гэхдээ хичээлийг онцгой дэглэм, зарчмаар явуулж таарна. Өөрөөр хэлбэл, ажил ундарна.

Иймд есдүгээр сараас урьтаад гаднын улс оронд байгаа цөөхөн монголчуудаа татаж чадахгүй бол Засгийн газар буруутан болно. Яагаад гэвэл иргэдээ олноор авчирч чадахгүй байгаа нь эмнэлэг, тусгаарлах байрны хүрэлцээндээ биш, онгоцны хүчин чадалдаа ч биш, харин УОК, Засгийн газрын менежмент муутайнх буюу оношлох хүчин чадлаа зузаатгаж чадаагүйн алдаа болохыг ойрын үед олон нийт олж мэдэж авч байна.

"Хүннү эйр" л гэхэд монголчууд олноороо гацсан газраас иргэдээ авчрах нислэг хийх хүсэлтээ УОК-т удаа дараа гаргасан ч МИАТ-ээс өөр компани нислэг үйлдүүлэхийг зөвшөөрөхгүй байсан талаар Н.Цэлмүүн олон нийтийн сүлжээнд мэдээлж байв.

Ямар ч байсан "Хүннү эйр" компани хоёр удаагийн нислэг үйлдэж, Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан энхийг сахиулагч 113 иргэнээ амжилттай авчирч чадсан. 

Korean Air ч мөн Монгол Улсад нислэг үйлдэх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Одоо хүртэл нислэг хийгдэхгүй байгаа нь манай улс зөвшөөрөхгүй байгаатай холбоотой. Япон улс мөн манай улстай хилээ нээхээр судалж байгаагаа мэдэгдсэн.  Үүнээс өмнө Европын Холбооны хилээр нэвтрэх эрхтэй орнуудын тоонд Монгол Улс багтсан бол ОХУ дэлхийн 13 улстай агаарын хилээ нээх болсны дотор Монгол Улс багтсаныг зарлаад байв. 

Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлүүдээ дайчлах, хамтрахаас гадна зөвшөөрлөө өгчихвөл 10,000 иргэнийг сарын дотор авчрах нөөц боломж Монгол Улсад байхгүй биш байгаа нь эндээс харагдаж байна. 

Тэгэхээр ганц хоног ч гаднын улсад хүлээхэд хүнд байгаа иргэдээ авчирч чадахгүй байгаагийн шалтгаан явж явж лабораторийн асуудал байх магадлал хамгийн өндөр байсныг олон нийт одоо л олж мэдээд буй билээ.  

 

Энэ бол УИХ-ын гишүүн асан, “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын постууд. Тэрбээр ОХУ-д карантинд гурван сар болсны эцэст долдугаар сарын 1-нд эх орондоо ирж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдаад буй бөгөөд энэ явцдаа лабораторийн асуудлыг ийнхүү хөндөж, олны анхааралд хүргэсэн юм. 

Харин түүний эргэлзээг мэргэжлийн хүн ийнхүү батлав. Тодруулбал, Мюнхений техникийн их сургуулийн Эрдэм шинжилгээний багийн ахлагч Д.Нямбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр Монгол Улс өнгөрсөн хагас жилд лабораторийнхоо хүчин чадлыг нэмэгдүүлж чадаагүй, бусад улсын тусламж дэмжлэгийг харж цаг алдсан болохыг шүүмжлээд ямар гарц байгаа талаар санал болгосон. Үүнд, лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлж, PCR шинжилгээ хийх урвалжаа хангалттай авахаас гадна хувийн эмнэлгүүдийг дайчилснаар гадаадад гацсан бүх иргэнээ авчрах боломжтой талаар бичжээ. 

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос Монгол Улсын 67,290 иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан авсан талаар УОК мэдээлээд буй. Үүнээс 7,800 гаруй нь агаарын тээврээр ирсэн иргэд байгаа юм. Энэ сарыг дуустал дахиад 1,200 иргэнээ авчрахаар Сөүл, Токио, Франкфурт, Сидней рүү тусгай нислэг үйлдэх гэж байна.

Гэвч цаана нь дэлхийн дэлхийн 55 улсаас Монгол Улсын 10,513 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ албан ёсоор гаргаад байгааг ГХЯ-ны Консулын газраас мэдээлсэн.

Тэдний 

  • 1,800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл
  • 740 нь өвчний магадлагаатай
  • 797 нь өндөр настан
  • 240 гаруй нь жирэмсэн
  • 1,553 нь оюутан
  • 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч
  • 13 нь хүүхэд  бусад 4,300 гаруй иргэн байна.

УОК-оос хүсэлт гаргасан эдгээр иргэнээ богино хугацаанд эрчимтэй татаж авах зорилготой ажиллаж байгаа гэдгээ мэдээлэл хийх бүрдээ хэлдэг ч зургаан сарын хугацаанд агаарын тээврээр 10 мянга ч хүрэхгүй хүн татаж авсан нь үнэхээр хангалтгүй үзүүлэлт. 

Тусгаарлах байрны хүрэлцээ хангалттай биш байсаар байна уу?

Тэдний хэлдэг гол бэрхшээл нь тусгаарлах байр. Хамгийн сүүлд л гэхэд Я.Содбаатар сайд “Татан авалтыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ. Тусгаарлах байрыг нэмэгдүүлэхээр нийслэл болон ойр орчмын  нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл бэрхшээл тулгараад байна.

Мөн олон улсын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудлуудад иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ. Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийнэ” гэсэн юм.

Гэтэл УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Ерөнхий сайд Монгол Улсад 2016-2020 онд 70 эмнэлэг шинээр байгуулсан талаар зарласаар явсан. Хамгийн сүүлд л гэхэд Улаанбаатар хотод 300 ортой төрөх эмнэлэг шинээр ашиглалтад орчихоод байгаа. Тус эмнэлэгт тусгаарлах зорилгоор 800 хүн багтах боломжтой талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа хөндсөн. 

Энэ эмнэлгээс гадна Япон-Монголын сургалтын эмнэлгийг ашиглах боломж Улаанбаатар хотод байна. Хээрийн эмнэлгийг ч мөн ашиглах боломжтой бөгөөд шаардлагатай бол 1,500 иж бүрэн ор дэлгэх хүчин чадалтай хэмээн гамшгаас хамгаалах сургуулилалт хийх үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэвлэлүүдэд ярьсан. Гэвч урин дулаан энэ цагт хэргийг нь гаргаагүй шалтаг тоочиж байгаа Засгийн газарт гадаадад гацсан монголчууд үнэхээр сэтгэл дундуур байгаагаа боломжит бүх хувилбараар илэрхийлсээр байна. 

Монголд байгаа ар гэрийнхэн нь ч туйлдаж байна.

Ерөнхий сайд "Тэд жаргал хөөж яваагүй, амьдрал хөөж явсан. Ар гэр, үр хүүхдээ тэжээж байгаа. Хамгийн хүнд хүчир ажлыг тэд хийж, олсон хэдэн төгрөгөө эх орондоо явуулдаг. Тэрүүгээр нь энд амьдардаг" хэмээн хэлсэн нь үнэн.

Дэлхийн банкны судалгаагаар гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд 2019 онд л гэхэд 574.4 сая ам.долларыг нутаг руугаа шилжүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны ханшаар ойролцоогоор 1.6 их наяд төгрөг. Өөрөөр хэлбэл, тэд ДНБ-ий 4.1%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр гадаадад байгаа монголчууд Монгол Улсын эдийн засгийг тэтгэжээ.   

Эцэст нь гэртээ харих эрхгүй монголчуудын өмнөөс Засгийн газрын тэргүүнд хандаж хэлэхэд, монгол хүн байтугай монгол морь ч эх орон руугаа гүйдэг юм…